Хэвлэлийн зөвлөл байгуулах асуудлаар зөвлөлдөнө

2015 оны 01 сарын 15

Монголын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилгын бүлэг хамтран, энэ сарын 16-ны баасан гаригт "Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалт" зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн зөвлөл байгуулахад мэргэжлийн холбоод, томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, ажил олгогчид хэрхэн оролцох талаар уг уулзалтаар ярилцахаар төлөвлөжээ.  

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилгын бүлэг нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллага бий болгохоор сэтгүүлч, судлаач, эвсэл холбоод болон төрийн бус байгууллагуудтай  санал нэгдэн, сүүлийн нэг жилийн туршид идэвхтэй ажиллаж байгаа юм. Хэвлэлийн зөвлөл нь аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишигт нийцсэн, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалдаг, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүй төлөвшүүлэх, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй байгууллага байх учиртай. Үүнд хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшний ажил олгогчдын оролцоо нэн чухал. Тиймээс дээрх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар тогтжээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга