ХОРООЛЛООС ХОЛДОЖ, ХОТХОНООР ДҮҮРСЭН ХОТ

2015 оны 01 сарын 14

 

Шинэ жил өнгөрлөө. Монголчууд энэ баяраар найз нөхөд, ах дүүгийндээ зочлох нь улам олшроод янз нь Цагаан сар болгох дэг ээ. Сарын дараа Цагаан сар болно. Тэр үед ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө. Улаанбаатарын гоё чамин, гадаад нэртэй байшингуудыг олох гэж үгээ барах жолооч тэр цагт улам ч олшрох биз. “... таун хаана байдаг юм бэ, ... хотхонд яаж хүрэх вэ” хэмээн холбоогоор нэгнээсээ хаяг асуух таксины жолооч нар, хөдөөнөөс хотод айлчилсан гийчдэд хот төлөвлөлтийн балаг хамгийн их тусаж байдаг. Ийм радио холбоотой таксинд суухгүй л бол хөдөөгийнхөн хотод ирээд айл олж зочилно гэж саналтгүй. Хотын унаган хүүхдүүд ч өөрсдөө хотхон, таунуудынхаа учрыг олохоо байлаа. Орон сууцыг хорооллоор нь барихаа байж, хоёр байшингийн дундах алга дарам газарт бараг л хэн дуртай нь байшин бариад зарчихдаг болсноос ийм байдалд хүрэв. Тэрэндээ чамин гоё нэр өгөөд таун, хотхон гэж тодотгох нь чихэнд чимэгтэй.

Тэгсэн хэрнээ гаднах орчин, барилгын чанар, загвар дизайн гээд юм юмаараа паланцаг, нэр нь хүндэдсэн хотхон, таунууд олныг хэлэлтгүй. Ялангуяа Зайсан, 120 мянгат, төмөр замаас урагших хэсэг, Туул голын эрэг хавь, хотын төвд ийм төөрдөг байшин түм бум. Таксины жолооч нар тийш зүглэхдээ дурамжхан. “Өөрөө замаа заагаарай, би олохгүй шүү” гэх хүн ч таарна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2005 оноос хойш 12.300 барилгад хаяг олгосны 2670 нь орон сууц, 3720 нь амины болон зуслангийн байшин, 1700 нь үйлчилгээний газар, 314 нь эмнэлэг сувилал, 760 нь албан газрын зориулалттай барилга байна. Үүнийг “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн дагуу нэг дор төвлөрүүлэн, эмх цэгцтэйгээр төлөвлөж барьсан бол ердөө л ганцхан бичил хороолол болох байж.

Уг нь орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгуудыг талд дураар бэлчиж яваа мал шиг энд тэнд ганц хоёроор нь бариулж байснаас I, III, IV, X, XI, XVI хороолол шиг нэг дор төвлөрүүлэн, эмх журамтай байгуулсан бол ийм олон төөрдөг байшин бий болохгүй, Улаанбаатар хот ч цэмцгэр харагдах байлаа. Хотхон, таунаас татгалзаж, хорооллоо санагалзах нэгэн шалтгаан энэ. “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” (Барилгын норм ба дүрэм 30.01.04)-д 8.000-10.000 хүн амтай, 10-25 га талбайд төлөвлөсөн, орон сууцны хэд хэдэн бүлэглэлээс бүрдсэн, хот төлөвлөлтийн нэгжийг орон сууцны бичил хороолол гэнэ хэмээн тодорхойлжээ. Тэгвэл орон сууцны хороолол гэж хэд хэдэн бичил хорооллоос бүрдсэн, 30.000-80.000 хүн амтай, 80-250 га талбай бүхий орон зайн цогцолборыг хэлдэг аж. Хороололд хотын чанартай үйлчилгээний барилга байрлахаас гадна эсрэг урсгалтай зам төлөвлөнө. Амралтын болон хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, цэцэрлэгжүүлсэн талбайг оруулаад нэг хүнд зургаан ам метрээс багагүй хэмжээний ногоон байгууламж ногдохоор байгуулах ёстой. Гэхдээ явган хүний зам, сандал, сүүдрэвч, тоглоомын талбай нь нийт ногоон байгууламжийн 30 хувиас ихгүй байна гэхчилэн хороолол ямар байх ёстойг дээрх норм, дүрэмд зааж өгчээ.

Хотын төвд байрлалтай хорооллын хүн амын нягтрал их байж болно. Гэхдээ нэг га газарт 460-аас олон хүн ногдохыг хориглодог юм байна. Иргэдийнхээ толгойг эргүүлээд зогсохгүй , улсынхаа нийслэлийг төөрдөг хот болгоход хүргээд буй энэ олон хотхон, таунуудынхаа нэрийг сольж, нэг хороололд нэгтгэн, “Саран” хорооллын 20 дугаар байр гэх зэргээр дугаарлавал хот төлөвлөлтийн нэгээхэн хэсэг нь ч болов эртхэн цэгцрэх болов уу гэж санана. I, III, IV гээд бидний сайн мэдэх хорооллын барилгууд хуучирсан ч гэлээ нэг загварын барилгатай, дотроо зам, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол гээд бүх зүйлийг нь нэгдсэн байдлаар төлөвлөсөн учраас эмх цэгцтэй. Ийм л хороолол байгуулбал сайнсан. Харин манай хотхон, таунууд иргэдээс байрны захиалга авахдаа үлгэрийн орон гэмээр зураг үзүүлж, бариагүй барилгынхаа чанар, үзэмжийг нүдэнд харагдтал рекламддаг. Байрныхаа түлхүүрийг авах үед өнөө усан оргилуур, ногоон цэцэрлэг, явган хүний зам, машины зогсоол, сандал, сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай зурган дээрээ л үлдсэн байхыг яана. БХБЯ, МХЕГ-аас өнгөрсөн жил хийсэн шалгалтаар бүх компани орон сууцны гадна ногоон байгууламж хийгээгүй нь тогтоогдсон юм. БХБЯ, МХЕГ, ШӨХТГ, “Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” ТББ хамтран, 2014 оны хавар таван компани сонгон авч, шалгахад бас л барьсан орон сууцныхаа гадна ногоон цэцэрлэг, сандал, сүүдрэвч, тоглоомын талбай байгуулаагүй байжээ.

Хотхон, таунаас татгалзаж, хорооллоо санагалзах өөр нэг шалтгаан энэ. Японы архитекторуудын ийм нэчууд маань мэддэг ч болоосой хэмээн зарим байр, байшинг хараад үнэндээ халагладаг. “Орон сууц биш, орчин худалдаж ав”. Үнэн үг байгаа биз. Наран талдаа цонхтой, тагт томтой, дулаахан гээд юм юмаараа сэтгэлд нийцсэн байр худалдаж аваад амьдарч байтал нэг өдөр танай гэрийн цонхыг хаан барилга бариад эхэлбэл яах вэ. Хэл хүрэх газраа заргалдаж, хөл хүрэх газраа яваад ч тус болохгүй. Монголд хэн ч ийм асуудлаа шийдүүлж, тэрхүү даварсан барилгыг нураалгаж байгаагүй. Орон сууцны цонх тагласан барилга нураах шийдвэр гарч ч байгаагүй. Гарсан ч нураахгүй. Цонх тагласан барилга улам өндөрссөөр ашиглалтад орж, цонхоо таглуулсан хүн хамаг ажил, цагаа бараад л бүх юм дуусдаг. Өндөр үнээр авсан байр тэр үед ямар ч үнэгүй болно. Та ч тэндээ тухтай аж төрж чадахгүй. Ийм байдалд орсон хүн монголчуудын дунд олон байгаа. Тиймээс л “Орон сууц биш, орчин худалдаж ав” гэж япон архитекторууд зөвлөдөг юм билээ.

Хорооллоор нь барьсан орон сууцанд орвол ингэж цонхоо таглуулах аюул үгүй. Хотхон, таунаас татгалзаж, хорооллыг санагалзах бас нэгэн шалтгаан ийм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2012 оны байдлаар хотхон, хороолол нэртэй 173 байшин бүртгэлтэй байна. Энэ бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө тухайн барилгадаа өгсөн нэр. Учир нь иргэн Болормаа Сонгинохайрхан дүүргийн XX хороонд 80 айлын гурван орон сууц бариулаад, түүнийгээ “Болор хотхон” гээд “өргөмжилчих” жишээтэй. Үүнийг нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар тэр нэрээр нь бүртгэж авдаг. Ингээд Улаанбаатарт нэг хотхон нэмэгдэнэ. Гэтэл үнэндээ тэр нь хотхон биш. Уг нь оросуудын районоор нь бүсчилж хуваасан бүтэц илүү оновчтой байж. Түүнийг бид улам сайжруулахын оронд хороолол дотроо барилга нэмж барин, замбарааг нь алдагдуулсан. Нийслэлийн ИТХ-ын 2006 оны арванхоёрдугаар сарын 6-ны 269 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар нийслэлийг Улаанхуаран, Салхит, Амгалан, Баруунсалаа, Зайсан, 120 мянгат гэх зэргээр хаягийн 118 бүсэд хуваажээ. Үүнд үндэслэн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2013 оны хоёрдугаар сарын 7-нд Хаягжуулалтын тухай хууль батлагдсанаар Улаанбаатар хотын хаягийг цэгцлэхээр 2014 оны есдүгээр сард ажлын хэсэг байгуулсан байна. Энэ ажлын хэсэг л таун, хотхон, хорооллын учрыг олно гэж найдъя.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга