Сургуулиудын цагийн хуваарийг өөрчлөхөөр судалж байна

2015 оны 01 сарын 12

Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байрлалтай  төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажиллаж эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосон. Энэ хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь замын хөдөлгөөн удаан хугацаагаар түгжрэх нэг шалтгаан болж байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг нь ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг. Тиймээс үүнийг зохицуулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас Засгийн газар хүсэлт тавьсан юм. Уг хүсэлтийг Засгийн газар  2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон юм. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг судалгаа явуулж байна. Их, дээд сургууль, дунд сургуулиудын өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөх аж.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга