Сонгинохайрхан дүүрэгт 20 хүний амь хохирчээ

2015 оны 01 сарын 05

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны  анхны  шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Дүүргүүдэд гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцох гэмт хэрэг өссөн байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурчээ. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дүүргүүд Шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Мөн хог цэвэрлэгээний ажлыг графикийн дагуу зохион байгуулж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж нийт 14.4 тн бодис цацсан байна.
Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дөрөв, захиргааны зөрчлийн шинжтэй есөн  дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй мэдээлэл нэгээр буурсан, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл гурваар өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан  дөрвөн хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан есөн хүнийг 81.000 төгрөгөөр  торгожээ. Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 168 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй  дуудлага мэдээлэл 43 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 11-ээр буюу 34.3 хувиар өссөн.
Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2805 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 541 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг дарга Д.Оросоо тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулж байсныг таслан зогсоож холбогдох арга хэмжээ авсан.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3161 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 20 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл ил харагдах шарх сорвигүй 13, өвчний улмаас нэг, түлэгдэж нэг хүн амиа алдсан бол нэг хүн санаатай аллагын золиос болов. Харин дөрвөн хүн өөрийгөө боомжээ.
Харин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах гэмт хэрэг өссөн буюу  нийт бүртгэгдсэн мэдээ мэдээлэл 1101, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 360 буюу 13.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 1134 дуудлага ирснээс 149 нь гэмт хэргийн шинжтэй, 985 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна.  Захиргааны шинжтэй 985 зөрчлийг шалгаж нийт 3.591.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.  Харин гал түймрийн нийт 18 дуудлага ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 63 хувь өссөн нь галлагааны зуухны яндангийн аюулгүй байдлыг хангаагүй, ил задгай гал түлж хамгаалалтгүй орхисноос ихэвчлэн гарсан байна.
Баянзүрх дүүрэгт нийт  3907 дуудлага ирсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулбал 2.5 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 697 дуудлага ирж 5.2 хувиар өссөн, 1671 захиргааны дуудлага ирсэн нь 3.2 хувиар буурсан үзүүлэлт болов.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга