2014 оны залуугаар О.Амартүвшин, Л.Гантөмөр нар тодорлоо

2014 оны 12 сарын 21

Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу” энэ сарын 11-ний пүрэв гаригийн үдэш тодров. Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч“ сангаас 22 дахь жилдээ зохион байгуулсан “Next stop” ёслолын шалгаруулалтад нийгэм, улс төрийн салбарын 49, эдийн засаг, бизнесийн салбарын 39 залуу манлайлагч нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэднээс эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-гаар “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин шалгарч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас алтан гэрэгэ гардан авсан бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр улс төрийн салбарын “Оны залуу”-гаар тодорч, УИХ-ын дарга З.Энхболдоос алтан гэрэгэ хүртлээ.   

“Оны залуу”-сыг олон нийтийн саналд үндэслэн “Залуу удирдагч” сангийн гишүүд, Монголын залуучуудын холбооны удирдлагын баг, өмнөх онуудын шилдгүүд хамтран шалгаруулсан байна. Энэхүү ёслолын тайзнаа шагнал гардан авсан залуус цаашид улам өсөж дэвжин улс орондоо ихийг бүтээж, салбарынхаа “хөдөлгүүр”-ийн нэгээхэн эд эс болдог нь үе үеийн шагналтнуудаас харагддаг. Тухайлбал, уг “Next stop”-ын анхны шагналтан Ц.Элбэгдорж эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Н.Золжаргал одоо Монголбанкны ерөнхийлөгч болсон байх жишээтэй.

Өнөө жилийн “Next stop”-ын хүндэт зочдоор Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар болон яамдын сайдууд, Төрийн  нарийн  бичгийн дарга нар, үе үеийн “Оны залуу”-с, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, урлагийн салбарын манлайлагч залуусыг урьсан байлаа.

Үүнээс гадна МЗХ ажил үйлсээрээ салбартаа манлайлсан тэргүүний залуусаас хоёрыг нь онцлон шагнаж урамшуулсан юм. Сагсан бөмбөгийн спортоор энэ жил олон бахдам амжилт гаргасан “Гурван тамир” багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Санчирын энгэрт МЗХ-ны хүндэт шагнал болох “Амжилтын алтан од”, энэ онд гол, усны аюулаас 39 хүн аварсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн III  хэлтсийн хэв журмын цагдаа, ахлах ахлагч А.Алтанцөгцийн энгэрт “Шударга ёсны алтан од” гялалзлаа. Энэ жилийн “Next stop”-т 21 аймаг, есөн дүүргийн тэргүүний залуус оролцсон нь онцлог байв.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга