Сумын албан хаагчид байртай боллоо

2014 оны 12 сарын 17

Дундговь аймгийн Дэрэн сум төрийн албан хаагчдад зориулсан орон сууцтай боллоо. Тус суманд сургуулийн дотуур байрны зориулалтаар 1973 онд барьж ашиглалтад оруулсан хоёр барилга байдаг аж. Үүний нэгийг орон сууц болгон, иж бүрэн засаж тохижуулжээ. 2013 онд тус барилгын дээвэр хүчтэй салхинд унаж, дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зассан байна.

Төрийн албан хаагч залуу гэр бүлд тус бүр нь 45 ам метр талбайтай хоёр өрөө байрыг өмчлүүлэхгүй, зарахгүйгээр түрээсийн гэрээгээр өгч буй юм. Тэд халаалт, цахилгааны төлбөрөөс гадна байрны түрээсэнд 40 гаруй мянган төгрөг төлнө. Гэхдээ эхний зургаан сард түрээсийн төлбөр авахгүй байхаар болжээ. Түрээсийн гэрээг “Орон нутгийн өмчийг түрээслүүлэх тухай” аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан журмаар зохицуулах юм байна. Сургууль, эмнэлэг, соёлын төв, ЗДТГ, цэцэрлэгт нийт есөн айлын байр хуваарилжээ. Төрийн албан хаагчид тус суманд ажиллах хугацаандаа эсвэл гэр оронтой болтлоо уг байранд амьдарна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга