Төсвийн мөнгөөр гадаадад аялсан Дундговийн ИТХ-ын 12 төлөөлөгчийг 50 саяа буцааж өгөхийг шаарджээ

2014 оны 12 сарын 17

Дундговь аймагт өгөх орлогын шилжүүлгийг Сангийн яам зогсоожээ. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нараар ахлуулсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг төсвийн мөнгөөр Чех, Словак улсад арав гаруй хоног аялахаар мордсоныг “Өнөөдөр” сонин арваннэгдүгээр сарын 27-ны дугаартаа мэдээлсэн. Тэд аяллын зардал болох 50 сая төгрөгөө долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг. Энэ нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолтой зөрчилджээ. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас тус аймгийн Засаг дарга болон Аудитын газарт албан тоот илгээсэн аж. Уг албан тоотод Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчин зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргах хүртэл Дундговь аймагт орлогын шилжүүлгийг түр зогсоосноо мэдэгдсэн байна. Төсвийн тухай хуулийн 56.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн, ИТХ тухайн жилийн төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах хүртэлх хугацаанд түр зогсоох эрхтэй” хэмээн заасан юм.

ИТХ-аа хууль зөрчих үед нь тус аймгийн Аудитын газраас аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэд санал хүргүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд зардлаа тусгахгүй байхыг зөвлөсөн юм байна. Гэсэн ч “үгэнд” ороогүй аж. Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-тэй зэрэгцэн манай нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгч тус улсын нийслэл Бразилиа хотын ИТХ-ын туршлагыг “судлахаар” явсан. Тэднийг буцаж ирэхэд нь төсвөөс авсан мөнгийг нь буцаан төлүүлсэн билээ. Дундговь аймгийн ИТХ-ын 12 төлөөлөгч ч улсыг хохиролгүй болгох нь дамжиггүй.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга