ҮНЭНЭЭС ӨӨР САНААГҮЙ, ҮЗЭГНЭЭС ӨӨР ЗЭВСЭГГҮЙ

2014 оны 12 сарын 15

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн үйл хэргийг үргэлжлүүлэн, Монгол нутгийн хөрсөнд төлжин буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалж, тордон ургуулах замаар нийгэмд шударга ёс бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжихээр гэр бүлийнхэн нь 2008 оны хоёрдугаар сард “Балдорж” санг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэнчлэн “Ц.Балдоржийн унах цагтаа унаж, босох цагтаа босож бүтээлцсэн чөлөөт хэвлэлийн жим зөрөг жил ирэх тусам улам өргөжиж, дардан болж байна”. Балдорж” сан 2009 оны есдүгээр сараас БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол зохион байгуулж ирсний цаана Монголын хатиг бэтгэтэй сэтгүүл зүйг эмчилж, эрүүл сэтгүүл зүйгээр дамжуулан улс орноо соён гэгээрүүлэх гэсэн гэгээн зорилго бий. “Үнэнээс өөр санаагүй, үзэгнээс өөр зэвсэггүй сэтгүүлчдийн урмыг сэргээж, ухааныг дэвжээсэн энэхүү шагналын зургаа дахийг энэ жил уламжлал ёсоор Ц.Балдоржийн мэндэлсэн өдрөөр гардууллаа.

“Хүрээлэн” төслийг санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяр, сэтгүүлч продюссер М.Буянбадрах нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий захирал Б.Нандинтүшиг нараас шагналаа гардан авсан тэр мөчөөс долоо дахь оны шалгаруулалт гарааны зурхайгаас эргэсэн. Сэтгүүл зүйн салбарын бусад шагнал урамшууллаас бүхий л талаараа эрс ялгардаг БАЛДОРЖ шагнал бий болсон нь ган үзэгтнүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод байна. Монголын сэтгүүл зүйд шүүмж судлал хөгжүүлэх, мэргэжлийн зөв чиг шугамаар явж байгаа сэтг үүлчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшл үүлэх замаар чөлөөт хэвлэлийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, нийгэмд шударга ёс тогтооход дэмжлэг үзүүлдэг “Балдорж” сангийн уралдаанд бүх сэтгүүлч оролцох эрхтэй. Сэтгүүлч хүн тухайн жилд ганцхан шилдэг бүтээл туурвиад БАЛДОРЖ шагнал авах боломжтой. БАЛДОРЖ шагнал бол үнэний төлөө үзгээ элээж, үгээ хурцалж явдаг сэтгүүлчдийн үнэлэмжийг дээшлүүлэн, сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм. “Балдорж” сангийн өөр нэг эрхэм зорилго нь сэтгүүл зүйн салбарт шүүмж судлал хөгжүүлэх.

Монголд магнаг болоод буй шүүмж нэг хэсэг таг орхигдоод байснаа бодвол сүүлийн жилүүдэд сонин хэвлэлийн хуудаснаа мэр сэр гарах болсон нь чамлахын оронд чанга атгахаар зүйл. Өнөөдөр эхлэл төдий байгаа ч сэтг үүл зүйд шүүмж судлал жинхэнэ утгаараа хөгжих нь дамжиггүй. БАЛДОРЖ шагналд дэвшүүлж буй сэтгүүлчдийн бүтээлийг шүүгчдийн тусгай баг шүүдэг. Тэдний бүрэлдэхүүнд сэтгүүлч, судлаач, шүүмжлэгч, их сургуулийн багш, зохиолч нар багтаж, хэний ч нөлөөнд авталгүйгээр өөр өөрийн шүүлтүүрээр бүтээлүүдийг шүүн тунгааж, шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Шүүгчдийн бүрэлдэхүүнд судлаач, шүүмжлэгчдийг оруулдаг нь шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд явуулдгийн нэг илрэл. Улирал бүрийн шилдэг бүтээлүүдийг уншигч, үзэгч, сонсогчдод зарладаг учраас олон нийт ч шүүгчдийн шүүлтийг давхар хянадаг юм. Өнгөрсөн зургаан удаагийн шалгаруулалт энэ зарчмаар болж, БАЛДОРЖ шагналт таван сэтгүүлч, нэг баг болон дэд байрын эзэд, тэдний араас орсон шилдэг бүтээлийн эздийг тодруулаад байна.

БАЛДОРЖ шагналыг 2009 онд Бадамдоржийн Ганчимэг (“Үндэсний шуудан” сонин)

2010 онд Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ (“Өнөөдөр” сонин) 

2011 онд Жамбалын Гангаа (“Өдрийн сонин”)

2012 онд Гомбожавын Отгонбаяр (“Үндэсний шуудан” сонин)

2013 онд Жамъян-Очирын Тэгшжаргал (“Өнөөдөр” сонин)

2014 онд Уртнасангийн Ганбаяр, Мархаахүүгийн Буянбадрах нар хүртээд байна.

“ҮҮНИЙ ЦААНА ТЭР ХҮНИЙ ҮЙЛ ХЭРЭГ ӨНӨӨ Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА”

Д.Оюун-Эрдэнэ (2010 оны БАЛДОРЖ шагналт, “Өнөөдөр” сонины тоймч): -Бал эрхлэгч 1994 онд “Ардын эрх”-ийн эрхлэгч байхдаа сониныхоо дэргэд Шавь сургалт зохион байгуулсан юм. Салбар салбараар мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхээр их, дээд сургуульд сурч байгаа, төгссөн оюутнуудаас сонгон шалгаруулж авсан. Би 1994 онд оюутан байхдаа Шавь сургалтад шалгалт өгөөд тэнцсэн. Шавь сургалтынхан онолоо үзэнгээ “Ардын эрх” сонинд дадлага хийж, онол, практикийг хослуулдаг байлаа. Яагаад Шавь сургалт гэж нэрлэсэн юм бэ гэхээр оюутнууд бүгд тус тусдаа багштай.

Багш нар нь “Ардын эрх” сонины албаны дарга нар, хүлээн зөвшөөрөгдсөн мундаг сэтгүүлчид. Тухайн үед эмч, багш гээд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс сэтгүүлч болохоор Шавь сургалтад элссэн. Тэр утгаараа мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэх эхлэлийг Шавь сургалтаар тавьсан юм. Өөр мэргэжилтэй хүнийг сэтгүүлч болгож бэлтгэх нь их давуу талтай юм билээ. Төгсөхөд “Ардын эрх“ сонинд ажиллах урилга хэдэн хүнд өгсний дотор би багтсан. Гэсэн ч би ажиллаагүй. 1998 онд “Сэтгүүлчээр ажиллая” гээд Бал эрхлэгчтэй уулзахад Эрэн сурвалжлах албанд хуваарилсан. Энэ чиглэлээр ажилладаг сэтгүүлчдээ Бал эрхлэгч маш сайн хамгаалдаг, эрч хүч, урам зориг өгдөг. Нийгэм ч хэцүү, рекетэлдэг хүмүүс олон байлаа. Мэдээ, сурвалжлагаа дандаа нууц нэрээр бичнэ. “Хэн бичсэн бэ” гээд редакцад ирэхэд нь бичсэн сэтгүүлчийг зааж өгдөггүй, “Нэгийгээ барьж өгч болохгүй” гэдэг зарчмыг сэтгүүлч бүрийн тархинд хатуу суулгаж өгдөг байсан л даа. Тиймээс ямар ч айхтар нууц олж мэдсэн ч “Намайг Бал эрхлэгч хамгаална” гээд айлгүй, өөртөө итгэлтэй бичдэг байсан.

Эрхлэгч “Хамгийн гол нь чиний бичсэн зүйл үнэн байх ёстой. Хүн гүтгэж болохгүй” гэсэн зарчимтай. “Өнөөдөр” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчид мундаг байдаг нь энэ хүнтэй холбоотой. Яагаад гэхээр баримтаа маш сайн олдог, баттай эх сурвалжаас мэдээллээ авдаг, түүнийгээ баталгаажуулж байж бичдэг. Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйд маш чухал зарчим. Бал эрхлэгч өөрөө их олон найзтай, мэдээллийн эх сурвалж сайтай учраас бидний олж ирсэн зүйлийг баяжуулж, баталгаажуулж өгдөг. Эсвэл сонссоноо бидэнд хэлээд, баримтыг нь олуулдаг байлаа. Тийм учраас Балдоржийн школоор сурсан сэтгүүлчид олсон, мэдсэн зүйлээ нэг бичээд орхидоггүй, араас нь байнга хөөцөлддөг, үр дүнд хүртэл нь бичдэг. БАЛДОРЖ шагналыг авахад энэ маань маш их нөлөөлсөн. Бал эрхлэгчийнхээ школоор явсан учраас би энэ шагналыг авсан. “Хөшөөтийг хөшигний цаана нуух сонирхол” цуврал нийтлэлд эрх мэдэлтэй, том компанийн талаар бичсэн ч гэлээ бүх юмыг баримттай бичдэг байсан учраас би эргээд асуудалд ороогүй. “Өнөөдөр” сонин маань ч намайг дэмжиж, урам өгч байлаа. Энэ бол Бал эрхлэгчийн надад зааж сургасан зүйлийн үр дүн. Одоо бол “Захиалгаар бичдэг” гэсэн маш муухай үгээр сэтгүүлчийн хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэдэг, итгэл үнэмшлийг нь үгүй хийх гэж оролддог муухай юм бий болчихлоо. Хөвсгөл нуур, Бүрэнхааны фосфоритын орд, Хөшөөтийн уурхайн асуудалд “Өнөөдөр” сонин анхаарсаар байгаа. Би гурван жилийн турш Бүрэнхааны ордын талаар бичиж, иргэний хөдөлгөөнийх өн шүүхээр заргалдаж явсаар Улсын дээд шүүх 2013 оны зургадугаар сард энэ ордын лицензийг хууль бусаар олгожээ гэдгийг тогтоосон. “Өнөөдөр” сонинд гарсан бүх материал, баримт үнэн бодитой гэдгийг бүх шатны шүүхэд нотолсон. Гэтэл энэ асуудал одоо дахин сөх өгдөж, лицензийг нь сэргээх нь зөв гэж байна. Би Бал эрхлэгчийн цэргийнх нь хувьд далай ээжийг цаазын тавцанд аваачихг үй байх гэсэн бодлогыг үргэлжлүүлэн хамгаална. Үүний цаана тэр хүний үйл хэрэг өнөө ч үргэлжилсээр байгаа юм.

“БАЛДОРЖ ШАГНАЛ ТАРХИНДАА ЗАХИРАГДАЖ БИЧСЭН БҮТЭЭЛД ОЧДОГ”

Г.Отгонбаяр (2012 оны БАЛДОРЖ шагналын эзэн, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч) -Бал эрхлэгчтэй цөөхөн уулзаж байсан ч ажлын зарчмыг нь гадарлана. Бүтээлийг нь уншихаар үнэхээр мундаг. Гаргаж буй сонин, сониноо удирдаж байгаа арга барил, хийж буй зүйл нь хэвлэлийн зах зээлд үнэхээр шинэлэг байсан. Монголд чөлөөт, хувийн сонин хэвлэл бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэж, түүчээлсэн. Сэтгүүл зүйн алтан хараацайн нэг. Энэ хүн үг, үйлдлээрээ Монголын сэтгүүл зүйд хүлээн зөвшөөрөгдсөн магнат. БАЛДОРЖ шагналыг тухайн жилийн шилдэг бүтээлд өгч байгаа шүү дээ. Монголын сэтгүүл зүйг үндсэн утгаар нь авч явах, үндсэн ухагдахууныг нь хадгалж үлдэхэд энэ шагнал маш чухал үүрэгтэй. Худал мэдээ, хуурамч сенсаац, хэн нэгний захиалга, гүтгэлэг доромжлолын шинжтэй бүтээл шалгарах ямар ч бололцоогүй. Сэтгүүл зүйн үүргийг чадмаг биелүүлсэн, үнэнд гүйцэгдсэн бүтээл шалгардаг. Бүтээлийн үр дүн нийгэмд үр дүн, өгөөжөө өгчихсөн байдаг. БАЛДОРЖ шагнал тархиндаа захирагдаж бичсэн бүтээлд очдог байх ёстой. Тэгж чадаж байгаа. Гэхдээ цөөхөн байна. Сэтгүүл зүйн салбарын хувьд Монголын сэтгүүл зүй өөрөө нийгмийн луужин. Аль ч улсын сэтгүүл зүй ийм. Өнөөдөр манай Монголын луужингийн зай нь дуусаж байгаа юм уу, цэнэгээ алдаад байгаа юм уу, жаахан алдаатай заагаад байна гэж би хувьдаа үздэг. Энэ хүний эхлүүлсэн, чөлөөт, шударга, нийгэмд үйлчилсэн сэтгүүл зүйг бид улам төгөлдөржүүлэх ёстой.

“Ц.БАЛДОРЖ СЭТГҮҮЛ ЗҮЙД ДУРТАЙ БИШ, ДУРЛАСАН ХҮН БАЙЖЭЭ”

Ж.Тэгшжаргал (2013 оны БАЛДОРЖ шагналт, “Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч): -Арваннэгдүгээр анги төгсөх жилээ Ц.Балдорж гэдэг хүний нэрийг анх сонссон. “Балдорж” сангийн нээлтийн ёслол дээр шагнал гардаж авсан, оюутан болсон тэр жил миний хувьд хамгийн сайхан жил байсан. Тэр үед надад нэг ном өгсөн. Түүнээс “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг нь уншсан. Дараа бүтээлийнх нь есөн боть эмхтгэл хэвлэгдсэний ихэнхийг нь уншсан. Хийсэн үйл хэргээс нь бодол санааг нь тааж болно гэвэл Ц.Балдорж ажилдаа, сэтгүүл зүйн салбарт зүгээр нэг дуртай биш, дурласан хүн байжээ гэж би боддог. Сэтгүүлчид өөрсдийн номондоо дандаа энэ хүнийг дурссан байдаг. Энэ мэт хамгийн энгийн жишээгээр “Ц.Балдорж Монголын сэтгүүл зүйн тулах цэг юм. Дандаа шинийг эрэлхийлдэг, зогсдоггүй хөдөлгүүр байжээ” гэсэн ойлголт надад буусан. БАЛДОРЖ шагнал маш том зүйл. Тэгшжаргал гэж дуудах үед би том соронзон орон ч юм уу нэг зүйлд орчих шиг л болсон. Сандарсандаа доошоо суугаад өвдгөө тэвэрчихсэн. Хүмүүс баяр хүргээд, сандлаас босохдоо чичирсэн. Яг үнэндээ шагнал авсан эхний хоёр өдөр “Их том, нэр хүндтэй шагнал авлаа” гэж баярласан болохоос юу билээ гэж бодоогүй. Зүрх хөөрөөд сансрын уудамд гарчихсан явж байсан.

“ТЭР МИНИЙ ХУВЬД ТОМ УУЛ БАЙСАН”

М.Буянбадрах (2014 оны БАЛДОРЖ шагналт, “Хүрээлэн” төслийн продюссер):-Уул их холоос харагдаад, дүнхийгээд л байдаг шүү дээ. Нүдэнд харагдаад байгаа хэрнээ гүйж очоод авираад оройд нь гарчихааргүй. Ц.Балдорж гэдэг хүн миний хувьд тийм том уул байсан, Алтай таван богд, Отгонтэнгэр, Бурхан халдун шиг. “Мэдээлэл өөрөө бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүн харин ямар брэндийнх байхыг мэдэхгүй. Мэдээлэл бол өдөр тутмын хэрэглээ юм. Мэдээлэлтэй хүн хүчтэй байдаг” гэдгийг ойлгуулсан, тэр бүтээгдэх үүнийг үйлдвэрлэж, өглөөний талх барьдаг талхчингуудыг бэлтгэж гаргасан тийм л хүн. Намайг анх оюутны ширээнээс гарч байхад өөрийгөө сэтгүүлч гэж хэлж байгаа хүмүүсийн харц дээгүүр, цээж тэвхгэр байдаг байлаа. Одоо бол сэтгүүлч гэдэг үгийг зарим тохиолдолд, зарим хүрээлэлд хэлэхээс учиргүй ичиж зовох нь хаашаа юм, гэхдээ болгоомжлонгуй ханддаг болсон.

Манай салбарын, мэргэжлийн нэр хүнд тийм ч сайнгүй байгаа цаг үед бид амьдарч байна л даа. Энэ бол сэтгүүлчид бидний өөрсдийн буруу. “Мөнгөөр зодоод ийм болгочихсон, манай уншигчид биднийг ойлгохгүй байна, энэ зах зээлийн ороо бусгаа цагт...” гэсэн сонин тайлбар дуулддаг. Энэ бол худлаа. Бид ийм болгосон. Өөрсдийн зуурсан бантангаа бид л аятайхан хоол болгох ёстой. БАЛДОРЖ шагнал бол сэтгүүл зүйн унасан нэр хүндийг өргөхөд, зөв гольдролд оруулахад их нэмэртэй. Хамгийн гол үнэ цэнэ нь тэмдэг, цом, мөнгө гурав биш, хүлээн зөвшөөрч байгаад л байгаа юм шиг байгаа юм. “Хүрээлэн” төсөл бол арилжааны нэвтрүүлэг биш, улс төрийн мундаг ярилцлага биш, цаг үеийн мэдээллийн хөтөлбөр биш.

Гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэхээр хэдэн “донтой” хүний хийсэн нэвтрүүлэг. Олдохоосоо олдохгүй нь их зэрлэг амьтдын араас явсан нэвтрүүлэг. Наад “донгоо” улам хөгжүүлээрэй, улам сайн нэвтрүүлэг хийгээрэй гэж “Хүрээлэн “төслийнхөнд энэ шагналыг өгсөн байх. БАЛДОРЖ шагнал сэтг үүлчийн бүтээлийн статусыг өргөж өгдөг, хүлээн зөвшөөрүүлдэг. Гал тогооныхон маань “За, чи энэ жил сайхан хоол хийсэн шүү. Чиний цуйван янзтай” гэж баяр хүргэж байгаа хандлага нь хүртэл өөр. Сайхан шагнал.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
180.149.78.26 Iim mundag oron zai vldeej chadsan aguu hvn yumaa vneheer bharhaj bn

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга