Тав дахь “Алтан үзэг”-тэн тодорлоо

2014 оны 12 сарын 08

Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХУИС)-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан үзэг” наадмын шагналтнууд өчигдөр тодорлоо. Энэ жилийн Гран при шагналыг ХУИС-ийн оюутнуудын “Out line” баг “70 буусны дараа” нэвтрүүлгээрээ авч, “Алтан үзэг”-ийн эзэд болцгоов. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудаас 18 нь сэтгүүлч бэлтгэдэг. Тэднээс 12-ынх нь оюутнууд энэ жилийн шалгаруулалтад оролцжээ. Уралдааны сонин, сэтгүүлийн нийтлэлийн төрөлд 70 бүтээл ирсэн нь энэ номинацийг хамгийн өрсөлдөөнтэй болгов. Тэднээс МУБИС-ийн сэтгүүл зүйн III ангийн оюутан Б.Болорцэцэг “Өсгөж чадахгүй бол өргүүлж болдог нийгэм” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн бол МУИС-ийн утга зохиолын ажилтны III ангийн оюутан Б.Алтанхуяг “Хүүхдийн төлөө “За” гэж худлаа ярихаа больцгооё” бүтээлээ хоёрдугаар байр эзэллээ. Гуравдугаар байрт МУИС-ийн сэтгүүл зүйн ангийн оюутан Э.Гэрэлмаа (“Алдсан бүсгүйчүүдийн ард асуултын тэмдэг тавьчихлаа”) орсон юм.

Тэгвэл олон нийтийн рекламны төрөлд “Чимээгүй тахал”-аараа “Бүсгүй” баг, радиогийн төрөлд “Буурлуудаа урья”, “Таван эрдэнэ”-ээрээ “Их Монгол” дээд сургуулийн оюутан Ганхуяг, телевизийн төрөлд “Эрүүл ирээдүй”-гээрээ “Зохиомж” дээд сургуулийн оюутан У.Эрхбаяр түрүүлсэн юм. Оюутнуудын бүтээлийг “Open door” сонины эрхлэгч Б.Ганчимэг, МУИС-ийн багш, доктор, дэд профессор Ч.Чойсамба, ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа, Гэр бүлийн радио FM 104.5-ын сэтгүүлч Н.Амарсанаа, TV9 телевизийн сэтгүүлч П.Пүрэвжаргал нар шүүжээ.

“Өнөөдөр“ сонин энэ наадмыг анхнаас нь дэмжин, хамтран ажиллаж, шилдэг бүтээлийн эздийг шагнахын сацуу нэг оюутныг  сониндоо ажиллахыг урьдаг. Энэ жил МУИС-ийн утга зохиолын ажилтны 4а ангийн оюутан Ж.Сувдмаагийн “Чимээгүй эмгэнэл”, ХУИС-ийн сэтгүүл зүйн IV ангийн оюутан Л.Отгонтуяагийн “Чимээгүй өнгөрөх нийтийн байрны амьдрал хэний чихэнд хүрэх ёстой вэ” өгүүлэлд нэрэмжит шагнал олгон, “Өнөөдөр” сонинд ажиллах урилга гардууллаа. Үүнээс гадна “Өдрийн сонин”, ETV, ХУИС-ийн сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо, Монголын залуу сэтгүүлчдийн холбоо нэрэмжит шагнал гардуулав.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга