Хөрөнгө, орлогоо нуусан хоёр хүнийг ажлаас халжээ

2014 оны 12 сарын 08

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргалангийн албан тушаалын нэг сарын цалинг 30 хувиар бууруулжээ. Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгалгүй нуусан аж. Тэднийг албан тушаалын гурван сарын цалингийнх нь 30 хувиар торгосон байна.

Авлигатай тэмцэх газар хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт ажлын хүрээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. Ингэх үедээ дээрх албан тушаалтнуудын зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан нь энэ юм. Энэ сарын 1-ний байдлаар нийт 385 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаад буй гэнэ. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсны 12-т нь сануулах арга хэмжээ авсан бол 17 хүнийг гурван сарын цалингийнх нь 30 хувиар торгож, зургаан хүний албан тушаалыг бууруулах, ажлаас халах хариуцлага тооцжээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга