“Solgar ABC Dophilus® Powder”ыг уугаад амиа алджээ

2014 оны 11 сарын 30

Дутуу төрсөн нярайгаас эхлээд бүхий л хүн хэрэглэж болно хэмээн сурталчилдаг “Solgar ABC Dophilus® Powder” нэртэй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ зах зээлээс буцаан татаж эхэлжээ. Энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн байна. Уг мөөгөнцөр хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж, аминд хүрэх аюултай гэнэ. Үүнийг уусан хүн хордлогонд орж, нас барсан тохиолдол өнгөрсөн аравдугаар сард АНУ-д гарчээ. Тус бүтээгдэхүүнийг АНУ төдийгүй Их Британи, Израил улсад зардаг юм байна. Үүнээс гадна цахим хуудсаар захиалга аван их хэмжээгээр борлуулсан аж.   

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын холбооны алба уг бүтээгдэхүүний талаар саяхан иргэддээ сэрэмжлүүлжээ. “Solgar ABC Dophilus® Powder”-ыг ОХУ-ын холбогдох байгууллага  албан ёсоор бүртгэж аваагүй аж. Монголчууд АНУ-аас төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм оруулж ирдэг. Ингэхдээ энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй, авсан бол хэрэглэлгүй шууд устгахыг сануулъя.  

Нэршил : Solgar ABC Dophilus® Powder  жин 50 гр

Бүтээгдэхүүний код : 0 33984 00010 0

Багцын дугаар : 074024-01R1, 074024-01, 074024-02

Хугацаа : 31.07.2015 

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга