Эмч нар халдвар авахад ойрхон байна

2014 оны 11 сарын 27

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэл, аймгуудын Эрүүл мэндийн газар, цусны салбар банкны бэлэн байдлыг шалгажээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, МХЕГ-ын “Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ний дагуу хийсэн эл шалгалтын үеэр орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь есөн нэрийн 14 төрлийн, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байжээ. Гэсэн ч нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь шаардлага хангахгүй, байгаа нь цөөн тоотой, 57 хувь нь халдваргүйжүүлэх бодис хангалттай нөөцлөөгүй байна. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймгийн эмнэлгүүд хувийн хамгаалах хэрэгслийн, есөн аймаг халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй байсан гэнэ. Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгийн эмнэлэг ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын жагсаалтад ороогүй шахмал хлорамин хэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ нь эмч, ажилчид өөрсдөө халдвар авах, бусдад тараах эрсдэлтэй гэсэн үг.

Дархан-Уул, Дорнод, Булган, Завхан дахь цусны салбар банк хамгийн олон  донортой, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорноговь, Төв аймаг хамгийн цөөн донортой нь аж. ДЭМБ 17-60 насны хүн амын гурван хувьтай тэнцэх тооны донортой байхыг зөвлөдөг. Гэтэл манай аймгуудын 15-64 насныхны 0.6 хувьтай тэнцэхээр цөөн донор байгаа аж. Мөн Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд цусны гурвалсан хүүдийний нөөц 1000 ширхэг байх ёстой атал 200-600 л байжээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга