Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем хүлээлгэн өглөө

2014 оны 11 сарын 27

 

 

Хүн ам олноор төвлөрсөн сая гаруй иргэнтэй нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн  төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулсан. Уг төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг 20 албан хаагчтайгаар шинээр байгууллаа.

Улаанбаатар хотын есөн дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын гурван метрийн 48 цамхаг, найман метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг суурилуулаад байна. Мөн гурван телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), есөн FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6) радиогийн байранд өргөн нэвтрүүлгийн (EBS) тоног төхөөрөмж суурилуулж ашиглалтад оруулаад байна.

Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв нь Одон орон, геофизик судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, “Орбитнэт” ХХК-ийн Дата төв зэрэг гурван байгууллагуудтай нийт 6986 метрийн шилэн кабелийн сүлжээнд холбосон. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төв байр, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй” хайрхан уул, Багануур дүүргийн “Мэлз хайрхан”, Налайх дүүргийн “Тамгын өндөр” ууланд дахь дахин дамжуулах төвүүдэд дөрвөн ширхэг хэт богино долгионы дахин дамжуулагчийг суурилууллаа.

Мөн төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан тохиолдолд түүнийг бүрэн орлон ажиллах хөдөлгөөнт удирдлагын төвийг таван тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангахын тулд 26.4 киловаттын нөөц цахилгаан үүсгүүр суурилуулж холболтыг хийгээд байна.

 

 

 

 

 

Газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсүүд болох (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сум)  нийт дөрвөн аймгийн долоон сумын нутагт 12 цэгт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан байна.

Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байна.

 

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга