Малын хил дамнасан өвчинтэй хамтарч тэмцэхээр болов

2014 оны 11 сарын 26

Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны Ажлын хэсэг уржигдар Бээжинд VI хурлаа хийж, малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ  сортын үр гарган авах хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан байна. Мөн Монголд малын гоц халдварт өвчин гардаггүй тайван бүс бий болгох, малын хил дамнасан өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургахаар болжээ. Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хамтран тодорхой ажил хийхээр тохиролцож, хурлын протоколд гарын үсэг зурсан аж.
Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгоход энэ хурал чухал ач холбогдолтой боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 2002 оноос хойш хоёр жил тутам хийж ирсэн уг хурлын дараагийнхыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах аж.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга