Англи хэлний тэмцээнийг 16 настнууд өнгөлөв

2014 оны 11 сарын 26

МЗХ-ноос 2004-2008 он хүртэл жил бүр зохион байгуулсан “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг дөрвөн жилийн дараа сэргээлээ. “Монгол залуу хүний эрхэмлэх зүйлс” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уралдааны эхний шатанд 50 гаруй залуу эсээ бичин оролцсоноос II шатанд 26 залуу шалгарсан бол сүүлчийн шалгаруулалтад шилдэг 10 залуу туналаа. Тэдний гурав нь эрэгтэй, долоо нь эмэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн 16 настай дөрвөн сурагч сүүлчийн шатанд тунасан нь өсвөр үеийнхний англи хэлний мэдлэг сайн байгааг харуулж, түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдгийг сануулав. Ингээд нэгдүгээр байрт “Хобби” сургуулийн сурагч 16 настай Т.Балжинням шалгарч, МЗХ-ноос 2015 онд зохион байгуулах гадаад арга хэмжээнд оролцох эрхийн бичгээр шагнуулав. “Хобби” сургуулийн сурагч Б. Жангуль удаах байрыг эзлэн, гадаадад сайн дурын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгийн эзэн боллоо. Гуравдугаар байрын шагнал  болох Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны  төвийн TOEFL-ийн сургалтад гурван сар үнэгүй сурах эрхийн бичгийг “Шинэ эрин” сургуулийн сурагч  С.Номуунзаяа авлаа.

Австралийн Засгийн газрын солилцооны хөтөлбөрийн ажилтан, МЗХ-ны зөвлөх мэргэжилтэн Tara Rose Aynsley, “Залуу удирдагч” соёлын солилцооны нийгэмлэг (AIESEC Mongolia)-ийн ерөнхийлөгч  А.Эрдэнэсайхан, “Ace English Academy”-ийн англи хэлний багш Bill Horback, “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны  төвийн захирал Ц.Хүрэлтулга нар энэ уралдааныг шүүжээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга