66 иргэнээс 1300 кг чулуу хураагаад байна

2014 оны 11 сарын 21

Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн боомтоор БНХАУ руу 125 кг улаан өнгийн хас чулуу хууль бусаар хил давуулахаар оролдсон хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Цагдаа, гаалийн байгууллагын ажилтнууд хамтран, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Н-ын жолоодож явсан 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн “Фургон”-д үзлэг шалгалт хийхэд дотор талын хана, таазыг зориуд тоноглож, 125 кг хас чулуу нуун далдалсан байжээ. Чулууны дээжийг шинжлүүлэхээр лабораторид  хүргүүлж, “Фургон”-ыг Гаалийн тухай хуулийн 291.2-т заасны дагуу хураан авч, улсын орлого болгосон байна.

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газар 2014 онд  зөвхөн улаан хас болон байгалиас түүсэн бусад чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан 66 зөрчил илрүүлж, Гаалийн тухай хууль зөрчсөн 66 иргэнийг  2.540.000 төгрөгөөр торгон, хураасан 1300 кг чулууг улсын орлого болгосон аж.  Үүнээс гадна Монгол Улсын иргэн М-гаас 420 кг улаан хас, 128 кг анар чулуу илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга