Нөхөн сэргээх нэрийдлээр алт олборлож байна

2014 оны 11 сарын 21

Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийж буй эсэхийг Байгаль орчны болон Мэргэжлийн хяналтын газар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг шалгажээ. Энэ сумын 600 гаруй га талбайг нөхөн сэргээх ёстойгоос энэ жил 53 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Компаниудаас “Аум алт”, Бум ундрам” л аймгийн Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан аж. Бусад жижиг уурхай нь энэ хоёр компанитай гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулдаг юм байна. “Аум алт” гэхэд алтыг нь авсан талбайгаа нөхөн сэргээлгэхээр 32 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. Гэтэл тэрхүү аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт нэрийдлээр шлам (алтыг нь ялгаж аваад хаясан шороо) угаах, шинэ газар хөндөх зэргээр зөрчил гаргаж буй аж. Энэ нь “Урт нэртэй” хуулийг зөрчиж буй хэдий ч ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, гэрээт компани нь алт олборлох эрхтэй тул яаж ч чаддаггүй гэнэ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга