Гишүү, мөчир дор мод нуусан байжээ

2014 оны 11 сарын 21

Өвөрхангай аймгийн Уянга суман дахь уул уурхайн компаниудыг шалгасан Ажлын хэсэг мод ачиж явсан машинуудыг зогсоон шалгахад ноцтой зөрчил илэрчээ. 16-80 ӨВР улсын дугаартай “Портер” машин, 56-62 ӨВР улсын дугаартай машинд хөрөөдөөд удаагүй залуу модод ачаад, унанги мод, мөчрөөр халхалсан байжээ. 16-80 ӨВР дугаартай “Портер”-ын жолооч нь Уянга сумын VII багийн “Дархант” нөхөрлөлөөс, 56-62 ӨВР улсын дугаартай машины жолооч V багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буурал хайрхан” нөхөрлөлөөс мод ачиж яваа гэж тайлбарласан гэнэ. Тус сумын байгаль хамгаалагч нь эдгээр хүнд ой цэвэрлэх журмаар унанги гишүү мөчир бэлтгэх гоожин бичиж өгсөн байжээ. Гэтэл ургаа моддыг хөрөөдөн ачиж явсан тул “Эрхийн бичиг зааснаас өөр нөхцөлөөр мод тээвэрлэсэн” хэмээн тэднийг саатуулж, ачиж явсан модыг хураажээ. Тус суманд ой хамгаалах, цэвэрлэх, арчлах үүрэг, гэрээтэй зургаан нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг аж. Эдний зарим нь нөхөрлөл нэрийн дор ойгоос хууль бусаар мод бэлтгэн борлуулдаг хулгайч нарын бүлэглэл байх магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга