Нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн осол Дорнодод гарлаа

2014 оны 11 сарын 04

Дорнод аймгийн Хэрлэн сумын X багийн нутаг дахь таван давхар орон сууцнаас гурван хүн унаж, нэг нь амиа алдан, хоёр нь хүнд гэмтсэн осол уржигдар гарлаа.  Иргэн Э-ийн захиалгаар “ТСГ” компани энэ барилгын ажлыг гүйцэтгэж байсан аж. Осолд өртсөн хүмүүс дүүжинт өргүүр дээр зогсоод энэхүү угсармал барилгын гадна талыг засаж байсан аж. Энэ үед нь дүүжинт өргүүр унасан байна. Осол гарсан газарт тус аймгийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд ажиллан, ослын шалтгааныг тогтоохоор хяналт шалгалт хийж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийг тухайн барилгын талбайд үзлэг хийхэд “ТСГ” компани хөдөлмөр хамгааллын инженергүй, барилгачдыг ажилд гарахад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, дүүжинт өргүүр нь баримт бичиггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн магадлагаа хийлгээгүй, операторчингүй байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн есдүгээр сарын 8-нд тус барилгад хяналт шалгалт хийгээд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн ч биелүүлээгүй байсан аж. Үүнийхээ уршгаар ноцтой осол, зөрчил гаргасан тул “ТСГ” компанийн барилга угсралтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.

Энэ өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын V багт бас барилгын осол бүртгэгдэв. “МС өдрийн үйлчилгээний төв”-ийн захиалгаар “Сөүл дизайн” компанийн барьж байгаа барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэн Г хоёрдугаар давхрын шувуун нуруун дээрээс унаж, баруун гараа хугалжээ. Холбогдох байгууллагууд одоогоор ослын акт тогтоохоор ажилллаж байгаа аж.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга