Хил дамнасан түймрээс хамгаалах бүс тогтооно

2014 оны 10 сарын 22

“Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр улсын хамтарсан комиссын ээлжит XIII хуралдаан энэ сарын 22-24-нд Улаанбаатарт болж байна.  Энэ хурлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдорж ОХУ-ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын Оросын хэсгийн дарга, дэслэгч генерал Э.Н.Чижиков тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан. Тус хэлэлцээрийн дагуу талууд хоёр улсын хилийн шугамаас өөр өөрийн нутаг дэвсгэрийн 10 км өргөн зурваст ой, хээрийн түймрээс хамгаалах бүс тогтоохоор заасан юм. Дээрх уулзалтын үеэр санал солилцсон асуудлын нэг нь энэ.

Өнгөрсөн жил манай орны 19 аймгийн 89 суманд 198 удаа ой, хээрийн түймэр гарч, 5854 га ой, 5.601.953 га хээр шатсан. Үүний 20 түймэр нь хил орчмын бүсэд дэгдэн, 9.2 сая га хээр шатаж, 135.2 сая төгрөгийн хохирол учирчээ. Тэгвэл Монгол, Оросын хил дамнасан түймэр гурван удаа гарсан байна. Харин энэ оны байдлаар манай улсын 17 аймгийн 74 суманд дэгдсэн 178 удаагийн ой, хээрийн түймэрт 3491 га ой, 1.603.958 га хээр шатаад байна. Үүнээс дөрвөн түймэр хил “зөрчиж”, 14011 га талбай хуйхалжээ. Тиймээс хамгаалах бүс тогтоон, хил дамнасан түймрээс сэргийлэх нь чухал болжээ.  

Байгалийн хүчин зүйл, хүний буруугаас үүдэлтэй энэ мэт гамшгаас сэргийлэх, хор уршгийг нь хамтран арилгах зорилгоор Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Буриад улс дахь Ерөнхий газар хооронд өнгөрсөн гуравдугаар сард ажлын уулзалт зохион байгуулжээ. Тэгвэл Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөр байгалийн хязгаар дахь Ерөнхий газартай, Завхан, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Тува улс дахь Ерөнхий газартай энэ онд ажлын уулзалт хийхээр бэлтгэж буй аж.   

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга