Баянхонгорын театр “Алтан тоорой” наадамд оролцжээ

2014 оны 10 сарын 08

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны төв Далайхөв хотноо болж буй “Алтан тоорой” олон улсын наадамд Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид уг наадмын үеэр урлагийн бүрэн хэмжээний тоглолт хийсэн байна. Тоорой мод, элсэн манхан, тэмээгээрээ алдаршсан Эзнээ хошууныхан аялагч жуулчдад зориулан ийм наадам хийгээд 15 жил болж буй аж. Бүтэн сар үргэлжилдэг тус наадмын үеэр урлагийн наадам, үндэсний уламжлалт спортын тэмцээн, уран бичлэгийн уралдаан зохион байгуулж, үзэсгэлэн яармаг, гэрэл зургийн үзэсгэлэн гарган, үзэсгэлэнт баян бүрд, үндэсний соёл, зан үйл, түүхээ сурталчилдаг гэнэ. Мөн бизнесмэнүүд энэ үеэр худалдааны хэлэлцээр хийдэг. “Алтан тоорой” нь Өвөрмонголын гурван том баярын нэг. Наадам торгууд үндэсний хувцасны үзэсгэлэн, монгол үндэсний эрийн гурван наадам, морь, тэмээний уралдаанаар үргэлжилж байна.  

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга