АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ба Монгол

2016 оны 03 сарын 29

АНУ нь цагаачлагчдын эх орон. Газар газрын цагаачдыг нэг үндэстэн-улсад нэгтгэдэг нэг үнэт зүйлс-үзэл бодол байдаг гэдэг нь сонин, үүнийг ойлгоход заримдаа бэрх. АНУ-ын Ерөнхийлөгчөөр   2008 онд анх удаа Африк гаралтай иргэн сонгогдов. 1950-иад оны сүүлчээс эдүгээ хүртэл 1.1 сая кубачууд АНУ-д цагаачлан суурьшжээ. АНУ-ын бодлогод кубын цагаачид бусадтай харьцуулахад улс төрийн нөхцөл байдал, газар зүйн ойрхон байрлалын улмаас онцгой байр суурь эзэлдэг нь үнэн. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Куба гаралтай хоёр иргэн өрсөлдсөнөөс нэг нь Бүгд найрамдах намын  (БНН) “найдвар” болон үлдээд байна. Өөрөөр хэлвэл кубын цагаачдын АНУ-д төрсөн эхний үе нь улс төрд нэгэнт хөлөө тавьж улмаар Ерөнхийлөгчид өрсөлдөж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр тус улсад төрсөн, 35 нас хүрсэн, сүүлийн 14 жилд улс орондоо байнга оршин суусан иргэн сонгогдох ёстой. Сенатч Т.Крузийн эцэг нь 1957 онд Кубаас АНУ-д суралцахаар ирээд улмаар улс төрийн орогнол хүсэн үлдсэн  аж. Харин Круз өөрөө Канадад төрсөн бөгөөд 2005 онд л АНУ-ын жинхэнэ иргэн болжээ. Харин сенатч М.Рубиогийн эцэг, эх нь Кубаас 1956 онд цагаачилж ирээд 1975 онд л АНУ-ын иргэд болсон аж. АНУ-ын  сонгогчид хүртэл шинэ дүрийг хайж байгаа нь тус улсын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын онцлог болж байна. Зүүний үзэлтэй сенатч Б.Сандерс АНУ-ын тогтолцоонд “улс төрийн хувьсгал” хийхийг уриалж, үзэл бодлын тодорхой байр суурьгүй, тэгэхдээ санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус Д.Трамп улс төрийн тогтсон хүнд хэллэгээс татгалзан сонгогчдод ойртсон “шоу” хийж байгаа нь эдгээр хоёр нэр дэвшигч АНУ-ын залуучуудын нилээд хэсгийн дэмжлэгийг авахад нөлөөлжээ. Харин АНУ эдүгээ хүртэл эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоогүй бөгөөд БНН дотроо Круз, Трамп хоёрын хэнийг дэмжих талаар хагаралдсанаас үзвэл хатагтай Клинтоны магадлал нилээд байгаа болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 2016 оны 6 дугаар сарын 14 хүртэл мужуудад санал авч намын их хурлаас нэрээ дэвшүүлэх нөхцлийг хангахаар ид мэтгэлцэж байна. Үүнээс Калифорнид болох өрсөлдөөн хамгийн их сонирхол татах юм. АН, БНН-ын их хурлууд 7,8 дугаар сард болж нэр дэвшигчийг эцэслэн батлана.  Улмаар 9,10 дугаар сард нэр дэвшигчидийн халз мэтгэлцээн болж, 11 дүгээр сарын 8-нд санал хураалт явагдана.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны сонгууль1789 оны 1 дүгээр сарын 7-нд явагдаж, Ж.Вашингтон анхны ерөнхийлөгчөөр сонгогдон  4 дүгээр сарын 30-нд үүрэгт ажилдаа орж байв. Анхны сонгуулийн үед улс төрийн нам байгаагүй тул нэр дэвшигчийг үндсэн хуулийг дэмжигч, эсэргүүцэгч гэдэг шалгуураар сонгожээ. АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч хоёрыг шууд бусаар сонгуулийн тойргоор дамжуулан сонгосон энэхүү  тогтолцоо АНУ-ын үндсэн хуулинд тусгагдан эдүгээ хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдүгээ нэр дэвшигчид АНУ-ын 50 муж, нийслэл Вашингтоны дүүрэг бүгд 51 мужийг төлөөлсөн сонгуулийн 538 тойрогт (1964 оноос хойш тойргийн тоо тогтвортой байна) өрсөлдөнө. Эдгээр тойргийн 270-д нь ялж үнэмлэхүй ялалт байгуулсан өрсөлдөгч Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Муж бүрээс Конгрессын дээд танхимд хоёр сенатч сонгогдох тул 100 тойрог,  доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын 435 суудал буюу тойрог нь мужуудад хүн амын тооноос нь  шалтгаалан хувиарлагдана, хүн ам цөөтэй муж нь нэг тойрогтой байхад Калифорни муж  55  тойрогтой байх жишээтэй. Эдгээр дээр нийслэл Вашингтоны дүүрэгт хүн амын тооноос үл шалтгаалан хуулиар доод танхимын гурван суудал оногдуулжээ.  Анхны Ерөнхийлөгч Ж.Вашингтон бие даагч байсан бөгөөд үүнээс хойшхи өрсөлдөгч нар ямар нэгэн намаас нэр дэвших болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн улс төрийн хоёр том намын хооронд л 1850-иад оноос явагдаж байна. Өнөөгийн байдлаар АНУ-д улс төрийн дөч гаруй нам бүртгэлтэй байдгаас томоохон нь 1828 онд байгуулагдсан Ардчилсан нам (43 сая дэмжигчидтэй, бүх мужид салбартай), 1854 онд байгуулагдсан Бүгд найрамдах нам (30 сая дэмжигчидтэй, бүх мужид салбартай) , 1971 онд байгуулагдсан Эрх чөлөөний нам (400 мянган гишүүнтэй, бүх мужид салбартай ), 1991 онд байгуулагдсан Ногоон нам (250 мянган гишүүнтэй, 35 мужид салбартай ),1992 онд байгуулагдсан Үндсэн хуулийн нам (75 мянган гишүүнтэй, 25  мужид салбартай) болно.  Эдгээрээс Холбооны хууль тогтоох байгууллагад зөвхөн АН, БНН суудалтай харин  мужуудын хууль тогтоох байгууллагад дээрх хоёр намаас гадна улс төрийн гурван нам суудалтай, мөн бие даагч 13 байна. Хүйтэн дайны дараагаар АНУ-д улс төрийн хорь гаруй нам шинээр бүртгүүлсэний хагасаас илүү нь зүүний чиглэлийн намууд ажээ.

 

АНУ-ын нөлөө нэмэгдэх тусам үүрэгт ажилдаа шинээр орж байгаа Ерөнхийлөгч бүр гадаад бодлогодоо ямар нэгэн алхам шинээр хийхийг оролдсоор иржээ. Түүх сөхвөл XX зуунд АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү анхааралд өртөж байсан цөөхөн орны нэг нь Монгол байв. Гэхдээ энэ нь Монгол тийм чухал ач холбогдолтойдоо биш харин Хятад, Орос хэмээх АНУ-ын анхаарал татдаг хоёр том гүрний дунд оршдогтой холбоотой байжээ. Монголчууд тусгаар тогтнолоо 1911 оны эцсээр сэргээн зарлаж байх нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит кампанит ажил эхлэхтэй давхцсан юм. АНУ-ын Бүгд найрамдах нам (БНН) дотроо талцсанаас ялах боломжоо алдаж, Ардчилсан намаас (АН) нэр дэвшсэн,  Нью Жерси мужийн захирагч У.Вильсон (1912-1920) 1912 оны сонгуульд ялжээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөтэй адил дэлхийн улс төрийн гоц анхааралд байдаг үйл явдал хараахан болоогүй байв. Вильсон1913 оны эхээр үүрэгт ажилдаа ороход тулгамдсан нэг асуудал нь шинээр үүсэн байгуулагдсан бүгд найрамдах Хятад Улсыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал байв. Гэвч нэг гол саад нь тусгаар тогтнолоо зарласан Монголыг хэрхэх явдал байсан бөгөөд Вильсон Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн 1913 оны 4 дүгээр сард мэдэгдсэнийхээ дараа Хятадыг хүлээн зөвшөөрсөн анхны гүрэн болсон байна. Вильсон либерал үзлийг баримтлагч эрдэмтэн хүний хувьд (тэрээр 1900-1910 онд Принстоны их сургуулийн  захирал байв) тухайн үед америкийн нийгэмд давамгайлж байсан дунд давхаргын байр суурийг илэрхийлсэн шинэчлэлийн хөдөлгөөнийг толгойлогчдын нэг байв. Вильсон эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхээр хангаж,  Конгресст Ерөнхийлөгч жил бүр үг хэлж ажлаа тайлагнадаг дэг уламжлалыг сэргээх, төмөр замын салбарт ажлын 8 цагийг тогтоох, орлогын татварыг тогтоох зэрэг зарим дэвшилт жишгийг тогтоосон юм. Гэвч тэрээр Мексикийн хувьсгалын талаар үлэмж харгис байр суурь баримталж, цэргийн хүч хэрэглэхийг завдаж байв.  Вильсон дэлхийн нэгдүгээр дайны талаар төвийг сахиж байгаад хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа  АНУ-ыг уг дайнд оролцуулах шийдвэрийг гаргаж, дайны үр дагаварыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцжээ. Вильсон дэлхийн шинэ дэг журам тогтооход чиглэсэн 14  зүйлт хөтөлбөрийг дэвшүүлсэний дотор улс орны өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэх,  Бельги, Польш зэрэг жижиг орны тусгаар тогтнолыг дэмжих, Үндэстний Лиги байгуулах зорилт орж байв. Улмаар дайн дуусахад АНУ Европын хэрэгт нөлөөтэй оролцдог, нэр хүнд нь өссөн байв. Вильсон эдүгээ хүртэл АНУ-ын хамгийн нэр хүндтэй арван ерөнхийлөгчийн эгнээнд санал асуулгаар шалгарсаар иржээ. Монголын Ардын хувьсгалын эхлэл АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай мөн л давхцжээ. Вильсон 1920 онд гуравдахь удаагаа нэр дэвшихийг завдсан боловч эрүүл мэндийн улмаас боломжгүй болж АН дотроо хэнийг нэр дэвшүүлэх талаар зөрөлджээ. Энэхүү зөрөлдөөн АН-ыг сулхан өрсөлдөгчдийг нэр дэвшүүлэхэд хүргэж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Кокс, Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ф.Рузьвелт (ирээдүйн ерөнхийлөгч) нар БНН-аас нэр дэвшсэн сенатч Хардинтэй өрсөлдсөн юм. АНУ-д улс төрийн хоёр нам төлөвшин хоорондоо өрсөлдөх болсноос хойш Хардин анх удаа хамгийн өндөр санал буюу сонгогчдын 60 хувийн дэмжлэгийг авчээ. Хардин 1921 оны 3 дугаар сарын 4-нд үүрэгт ажилдаа орсон өдөр Төрийн нарийн бичгийн даргаар Нью Йоркийн захирагч Ч.Хагесийг томилжээ. Вильсон АНУ-ын гадаад бодлогын нөлөөг Европт нэгэнт тогтоосон тул Хардин Азийн чиглэлд “эрэл хайгуул” хийхээр шийджээ. Энэ хүрээнд Хардины зөвшөөрлөөр Хагес  4 дүгээр сарын 1-нд Хаалганд суугаа Америкийн дэд консул Скобиныг Монголд илгээх чиглэл өгсөн байна. Скобин 1921 оны зуныг Хүрээнд өнгөрөөхдөө  ардчилсан үндсэн дээр төлөөллийн засаглал буюу Улсын Их Хурлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөх зорилготой Улсын Түр цагийн хурлыг  зохион байгуулахаар олон хошуудын төлөөлөл, Ардын засгийн төлөөлөгч нар оролцсон хуралдааныг 8 дугаар сард зохион байгуулахад нөлөөлсөн юм. Чухам энэ үед Скобины төрийн департаментэд илгээж байсан мэдээнүүдэд Монголын хувь заяа Зөвлөлт, Хятадын харилцаанаас шалтгаална гэдгийг өгүүлж байв. Гэвч Хардин, Хагес нар Монгол нь Зөвлөлт Оростой найрамдлын гэрээ байгуулж, нөлөөнд нь орсон хэмээн үзэж Хятадын бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрсөн Вашингтоны есөн гүрний гэрээг 1922 онд байгуулсан байна. Ерөнхийлөгч Хардин 1923 онд нас барсан бөгөөд тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн тааруухан нэртэйгээр тэмдэглэгддэг болно.  АН-аас нэр дэвшсэн Франклин Рузьвелт (1932-1945) дөрөв дэхь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвших үед  АН-ын удирдлага Дэд ерөнхийлөгч Уоллесийг дахин нэрийг нь дэвшүүлэхээс татгалзсан байна. Рузьвелт улс төрийн таагүй байдлаас гарахын тулд Уоллесийг Ази уруу түүний дотор Монголд айлчлуулахаар 1944 оны хавар удаан хугацаагаар илгээж, эзгүй хойгуур нь  Дэд ерөнхийлөгчид Трумений нэрийг нь дэвшүүлжээ. Иймд үнэндээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон дотоод бодлого нь Уоллесийг БНМАУ-д ирэх замыг нээсэн юм.  Гэхдээ Уоллесийн зорилго нь Зөвлөлт, Хятадын харилцааг тандах, зуучлах ингэснээр БНМАУ гэж “хэн бэ” гэдгийг танин мэдэхэд оршиж байв. БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар Зөвлөлт, Хятад хоёр Москвад 1945 оны зун ярилцаж байхад АНУ-ын төрийн департамент “БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх үндсэн нөхцөл нь энэ улс эдгээр хоёр гүрний дунд хаалттай байх биш харин бусадтай нээлттэй худалдаа хийх баталгааг өгөх явдал” гэж Трумэнд зөвөлж байв. БНН-ын шахалтаар 1947 онд Үндсэн хуулинд нэмэлт оруулж АНУ-ын Ерөнхийлөгч хоёр удаа л сонгогдох хязгаарыг тогтоосон байна. Рузьвелтийн үеэс олон нийтийг төрийн хэрэгт оролцуулах нэгэн хэлбэр тогтмолжсон нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг санал асуулгын дүнгээр урьдчилан таамаглах судалгаа юм. Ер нь АНУ-д энэхүү судалгааг анхлан 1824 онд явуулж байжээ.  Сэтгүүлч, эрдэмтэн Ж.Галлап “Санал, асуулгын Америкийн хүрээлэн”-г  1935 онд байгуулсанаар эдүгээ дэлхий даяар судалгаа хийдэг галлапийн байгууллага болон өргөжсөн бөгөөд 2008 оныг дуустал санал асуулгын зах зээлд давамгайлж байв. АНУ-д эдүгээ санал асуулгын 23 байгууллага ийм судалгаа хийдэг байна. 2005 оноос галлап нь дэлхийн 160 улсын түүний дотор Монголын иргэдийг оролцуулсан санал асуулгыг янз бүрийн чиглэлээр явуулах болжээ. Галлапийн 2015 онд гаргасан илтгэлд дурдсанаар Монгол иргэдийн дунд явуулсан санал, асуулгад оролцогчдын 14 хувь нь сонгууль шударга явагддаг гэдэгт итгэдэггүй, дөнгөж 16 хувь нь Монголын төр, засгийн удирдлагын үйл ажиллагааг нааштайгаар үнэлжээ. Гэтэл энэхүү санал, асуулгад оролцогч манай иргэдийн 62 хувь нь ОХУ-ын, 47 хувь нь БНХАУ-ын, 52 хувь нь АНУ-ын удирдагчдын үйл ажиллагааг наааштайгаар үнэлсэн байх юм.  БНН-аас 1948, 1952 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Япон амархан бууж өгсөн нь Алс дорнодод ЗХУ-д буулт хийсэн Ялтын хэлэлцээр байгуулах шаардлагагүй байсныг харуулсан, энэ нь  АНУ-ын гадаад бодлогын алдаа байсан гэдэг суртал нэвтрүүлгийг  хүчтэй явуулжээ. Энэ үеэр АНУ-ын Конгресст Ялтын хэлэлцээрийг шүүмжилсэн хэлэлцүүлэг олонтай явагдаж, энэ нь НҮБ-ын гишүүнээр элсэх БНМАУ-ын хүсэлтэд тухайн үед үлэмж саад болсон юм.  АН-аас сонгогдсон Жон Кеннеди (1961-1963) Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа аваад арав хоногийн дараа БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох  яриа хэлцээг эхлүүлэх, НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд учрах саад тотгорыг арилгах чиглэл өгч байв. Улмаар БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсэхийг татгалзахгүй хэмээн 1961 оны 4 дүгээр сард мэдэгдэж, 6 дугаар сард нь БНМАУ-тай харилцаа тогтоох яриа хэлцээг Москвад эхлүүлсэн юм. Кеннедигийн засаг захиргааны гадаад бодлогын  тулгамдсан чухал асуудал 1961 оны туршид шахам Монгол болж байсан нь Зөвлөлт-Хятадын хоорондын харилцаатай холбоотой байв. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Дамбын эхлүүлсэн хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах бодлого нь АНУ-д БНМАУ-тай харилцаа тогтоож, “гуравдагч хөрш” нь болох боломж олголоо гэж Вашингтонд үзэж байв. Гэвч БНМАУ-тай харилцаа тогтоох санаачилгыг нь БНН эрс эсэргүүцэж Кеннедигийн санаачилсан энх тайвны корпус байгуулах тухай, гадаадад тусламж үзүүлэх  тухай түүний дотор Олон улсын хөгжлийн агентлаг байгуулах хуулиудын төслийг батлахыг хойшлуулжээ.  Берлиний 1961 оны хямралын улмаас Кеннеди БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх асуудлыг  дараагийн сонгууль хүртэл хойшлуулах чиглэл өгчээ. Иймд АНУ-ын энэхүү хоёр чухал институц төрөх эсэх нь түүхийн хувь заяагаар БНМАУ-тай холбогдож байв. Гэвч Кеннеди дараагийн сонгуулиас өмнө алагдаж, түүний халааг авсан Ерөнхийлөгч Жонсон Вьетнамын дайнд зууралдсан байна. Кеннеди коммунизмын нөлөөг сулруулах нэг арга нь тэндээс цагаачлалыг татах явдал гэж үзэж цагаачлалын бодлогыг либералчлах санал дэвшүүлсэн юм. Жонсон энэхүү санаачилгыг хэрэгжүүлэн 1965 онд Цагаачлалын шинэ хуулийг батлуулж, 1921 онд Ерөнхийлөгч Хардингийн тогтоосон Азиас ирэх цагаачлалыг хориглосон хязгаарыг цуцалжээ. 1965 онд АНУ-ын хүн амын нэг хувь хүрэхгүй нь Ази гаралтай иргэд байсан бол 2015 оны байдлаар 6 хувь болсон байв. АНУ-ын хүн ам 2065 онд 441 саяд хүрэх, энэхүү өсөлтийн бараг 90 хувийг цагаачлал хангаж, энэ хугацаанд Азиас цагаачлагчдын тоо латино гаралтай цагаачдыг давж гарах ,нийт хүн амын 14 хувь нь Ази гаралтай иргэд болно гэсэн төсөөллийг CNN  хийсэн байна. Өнөөдөр АНУ-ын хүн амын 18 хувийг латино гаралтай иргэд эзэлдэг байна.  Өнөөгийн байдлаар АНУ-д 500 гаруй мянган сонгуульт албан тушаалтан ажилладагийн бараг арван тавны нэг нь латино болон Ази гаралтай иргэд байдаг ажээ. АНУ-ын Конгресст Ази гаралтай гишүүн 12 байгаа нь харьцангуй цөөн боловч нэмэгдэх төлөвтэй байгаа юм.  БНН-аас нэр дэвшсэн Р.Никсон (1969-1974) Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа 1969 оны 1 дүгээр сарын 20-нд ороод  гурван сарын дараа БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх яриа хэлцээг эхлэх чиглэл өгч байв. Энэ нь Зөвлөлт, Хятадын харилцаа түгшүүртэй болсонтой холбоотой байв. Гэвч Чан Кайши-гийн эсэргүүцлийн улмаас түүнтэй хувийн сайн харилцаатайгаа харгалзан энэхүү чиглэлээ сарын дараа дараагийн сонгууль хүртэл хойшлуулсан юм. Тэрээр 1972 оны сонгуульд АНУ-ын 50 мужийн 49-т нь  ялалт байгуулж сонгогчдын 60 хувийн санал авсан нь Өрнө-Дорнын хооронд намжмал байдлыг эхлүүлж, Вьетнамаас хуурай замын цэргээ татсантай холбоотой байв. Никсон  Ерөнхийлөгчийн тангарагаа дахин өргөсөний маргааш нь буюу 1973 оны 2 дугаар сарын 1-нд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх яриа хэлцээг эхлэх чиглэл дахин өгчээ.  Дээрх хоёр чиглэлд хяналт тавьж ажиллахыг Никсон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дараа нь төрийн нарийн бичгийн дарга болсон Г.Киссинжерт даалгаж байжээ. Гэвч хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоох яриа хэлцээ Нью Йоркт эхэлсэнийг Зөвлөлтийн тал тасалдуулж, дараа жил буюу 1974 онд Л.И.Брежнев БНМАУ-д айлчилж, үлэмж тусламж амалсан нь нэг талаас энэхүү тасалдуулсандаа нөхөн төлбөр хийсэн, нөгөө талаас Зөвлөлт, Хятадын харилцаа хурцадсантай тус тус холбоотой байв.  ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлсэн ялангуяа Зөвлөлт,Хятадын харилцааг хэвийн болгох зарим нэгэн алхам хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан АНУ-аас БНМАУ-тай харилцаа тогтоох боломжийг тандахаар шийдвэрлэсэн байна. Иймд   Р.Рейган(1981-1989) хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож 1985 оны эхээр тангараг өргөсөний дараахан  Москвад суугаа АНУ-ын ЭСЯ-наас төлөөлөгч Улаанбаатарт явуулж тандахыг зөвшөөрсөн чиглэл өгчээ. Улмаар 1989 оны эхээр хоёр тал дипломат харилцаа тогтоосон юм. Рейган “жүжигчин” тул их гүрнийг удирдаж чадахгүй хэмээн сонгуулийн кампанит ажлын үеэр өрсөлдөгчид нь шүүмжилж байсан боловч тэрээр хамгийн нэр хүндтэй ажлаа хүлээлгэн өгсөн Ерөнхийлөгч байв. Рейганы үед эдийн засгийн уян хатан бодлого явуулсанаар татварыг багасгаж, ажилгүйдлийг бууруулан, улсын өр анх удаа нэмэгдээгүй бөгөөд ДНБ-ий жилийн дундаж өсөлт 3.4 хувь байсан нь хүйтэн дайнд ялах үндсэн нөхцөл болжээ. Ерөнхийлөгч Б.Клинтоны (1993-2001) үед Монголчууд АНУ-д шилжин суурьших болжээ. Клинтон хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа Вьетнамтай харилцаагаа хэвийн болгоход анхаарсан бөгөөд гэхдээ тэргүүн хатагтай Клинтоныг Монголд илгээсэн билээ. Хатагтай Клинтон Монголд ямар ч байсан хоёр удаа ирсэн, тэргүүн хатагтай байх үеийн дурсамжиндаа Монголд айлчилсанаа дурдсан байдаг. АНУ-д эдүгээ ойролцоогоор Монголын 25 мянга илүү иргэд амьдарч, ажиллаж, суралцаж байна. Манайхны хувьд энэ бол том тоо, харин хүн ам ихтэй улсын хувьд харьцангуйд тооцогдож болох юм. Гэвч 1223 онд Сүвээдэй-Зөч нарын 25 мянган хүнтэй гурван түмт “хатуу сахилга, зохион байгуулалт, давуу хүчний өмнө эв нэгдэлтэй” байсны дүнд 100 мянган хүнтэй Киев-Оросын хамтарсан хүчийг бут цохиж байв. Бид нэг хэсэг холын Америк ойртож байна гэдэг байв. Харин эдүгээ монгол гаралтай иргэн 30 жилийн дараа Круз, Рубио нарын мөрөөр орохыг үгүйсгэж болохгүй биз. Энэ бол мөрөөдөл биш ...

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД