Тагнуулч Маккиернан ба Оспан

2016 оны 03 сарын 29

АНУ-ын ТТГ-ын захирал М.Хайден “Албан үүргээ гуйцэтгэж яваад амь үрэгдсэн ТТГ-ын анхны офицер нь Шинжаанаас Зөвлөлтийн цөмийн хөтөлбөрийн талаар мэдээлэл цуглуулж байсан Дуглас Маккиернан байв” хэмээн 2008 онд анх удаа хүлээн зөвшөөрчээ. Хайден “Маккиернаны үндсэн үүрэг нь орон нутгийн ураны орд газрыг Москва ашиглаж буй, эсэхийг судлан, төв Азид Зөвлөлтийн тал цөмийн туршилт хийх гэсэн аливаа шинж тэмдгийг илрүүлэн мэдээлэх явдал байв. Гэвч 1949 онд Хятадын коммунистууд ялсны улмаас Маккиернаны үүрэг тасалдсан гэж мэдэгджээ.

МАККИЕРНАН ГЭЖ ХЭН БЭ

Маккиернан нь цаг уурын шинжээч, шифрийн мэргэжилтэн, АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа цолтой байв. 1943 оны сүүлчээр Өрөмчид ирж цаг уурын станц байгуулан, дэлхийн II дайныг дуустал ажиллахдаа Зөвлөлтийн нутгаас цаг агаарын мэдээг авч АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцуудын нислэгийн аюулгүй байдлыг хангаж байв. 1947 оны хавар ТТГ байгуулагдах үед тэрбээр тус байгууллагын нууц гүйцэтгэх ажилтнаар элсчээ. Улмаар Зөвлөлтийн тал Шинжаанд ураны олборлолт хийж буй, эсэхийг тогтоох замаар төв Азид атомын бөмбөг дэлбэлэх туршилт хийх бэлтгэл хангаж буйг илрүүлэх үүрэгтэйгээр АНУ-ын Консулын газарт бичиг хэргийн ажилтны халхавчаар томилогдон, 1947 оны тавдугаар сарын сүүлчээр Өрөмчид иржээ.

Оспан, АМЕРИКИЙН ХАРИЛЦАА

Өрөмчид суугаа АНУ-ын Ерөнхий консул Пакстон түүнийг Байтаг богдын хэрэг явдлыг газар дээр нь судлуулахаар илгээсэн байна. Гоминданы тал газарчин, орчуулагчаар хангаж, хоёр тал нууцлалыг хангахаар тохиролцжээ. Оспан хожим мэдүүлэхдээ “Өрөмч хотод байсан Америкийн Дэд консул Байтаг богдын Алтан-Овоод гарч хил орчмын байр зүйн зурагтай харьцуулан үзэж байсан” гэжээ. “Правда” сонинд (1947.6.17)  Консул Пакстон Эйзенхаурын тушаалаар Байтаг богдын хэрэг явдалд оролцсон хэмээн бичсэнийг АНУ няцаахын хамт,, Байтаг богдод Зөвлөлтийн оролцоо байгаа эсэхийг тогтоох зорилготой байв. Харин Гоминдоны тал хилийн тулгаралтыг БНМАУ-ыг санаатай түрэмгийлэгч улс мэтээр дүрслэхэд чадварлаг ашиглаж, НҮБ-ын гишүүнээр элсэх олон жилээр хойшлуулж чадсан юм. Маккиернан Байтаг богдод зургаадугаар сарын 14-нөөс 25 хүртэл байж, нөхцөл байдлыг өгүүлсэн дөрвөн мэдээг Вашингтонд явуулжээ. Маккиернан бичсэн илтгэлдээ “Монголын цэргийнхэн Зөвлөлтийн хийцийн зэвсэглэл, материалаар хангагдсанаас өөр Зөвлөлтийн шууд оролцоог харуулах баримт Байтаг богдод алга гэж дурджээ.

Д.Маккиернан Оспантай энэ үеэр танилцсан байна. Түүнд Оспаны ярьсан зарим онцлог зүйлсийг дурдвал “Зөвлөлтийн уул уурхайн экспедиц 1946 оны хавар Алтайд ирж дөрвөн хүдрийн олборлолт хийж буй, Шар сүмд онгоцны хээрийн буудал байгуулсан, эдгээрийг Зөвлөлтийн цэрэг хамгаалдаг, эдгээрээс нэг төрлийн хүдрийг огт мэдэхгүй”, дийлэнх нь Зөвлөлтийн хэсэг болсон, Ил, Тарвагатай ч Зөвлөлтийн ноёрхолд орсон, гэхдээ ажиллагаа нь Алтайг бодвол тийм ч ил биш. “Ар Монголын зорилго нь Байтагийг бүрэн мэдэлдээ оруулснаар Алтайн зүүн жигүүрийг аюулгүй болгон эндээс Хятадын нөлөөг зайлуулах явдал. Дараа нь тэд зүүн урагш Бархөл... зүгт хөдөлж  Гансу мужаас Шинжаан хүрэх зам харилцааг таслах явдал” зэрэг болно. Оспан Гоминданы төлөөлөгчөөр зуучлуулан Маккиернанаас “Делиханы мэдэлд байгаа Алтай мужийг улаантнаас цэвэрлэх”-ийн тулд тусламж хүсчээ. Харин Гоминданы тал Оспанд өгөх тусламжаа зөвхөн хүнсээр хязгаарлажээ.

Д.Маккиернаны дүрсэлсэнээр “Оспан хэнд ч захирагдахгүй бие даасан байдлаар амьдрахыг хүсдэг”-ийг нь ашиглаж түүнийг коммунистуудтай дахин ойртуулахгүйн тулд зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Маккиернан “Байтагт буй казахууд Оспанд үнэнч, чадварлаг удирдагч гэж үзэн дэмждэг, шалтгаан нь тэдгээрийг Алтай мужийн умард буюу уугуул нутагт нь буцаан суурьшуулна гэж итгэдэг” гэж дүгнэжээ. Оспан түүнд зэвсэг нийлүүлж хан үндэстнийг зайлуулах боломж олгосон Зөвлөлтийн талд талархалтай хандаж, “Монголчууд түүнд 1947 оны гуравдугаар сард 100 винтов нийлүүлсэн”-ийг дурдаж байжээ. Маккиернан ураны орд хайж байсан тул Оспаны мэдээлэл анхаарлыг нь татаж, тэдний харилцаа холбоо тогтоох үндэс болжээ. Америкийн сэтгүүлч Маргарет Пигг Лионс 1947 оны долоодугаар сард Дорнод Туркистан улсад очиж сурвалжлага хийхдээ Д.Маккиернантай танилцаж (тэд удалгүй гэр бүл болжээ), түүний хамт Оспантай уулзсан бөгөөд ураны талаар ярилцсан байна. Английн сурвалжлагч Моррисон 1948 оны зун хоёр америк хүний хамт Оспантай уулзсанаа бичсэн байдаг. Казах омгийн зарим удирдагч Оспантай зөвлөлдсөний дүнд Ерөнхий консул Пакстонтой 1949 оны хавар уулзаж, тусламж, зэвсэг гуйснаас гадна түүний зөвлөлгөөгөөр “Лалын нэгдсэн фронт” байгуулахаас татгалзаж, Шинжааны монголчуудтай холбоо тогтоож “Эсэргүүцлийн нэгдсэн фронт”  байгуулах оролдлого хийжээ. “Казах омгийн удирдагчид Пакстонтой 1949 оны наймдугаар сарын 5-нд уулзахаар дахин товлосон боловч Оспан оролцохгүй гэснээр  уулзалт хойшлогджээ.  

Японд атомын бөмбөг хаясны дараа АНУ атомын монополоо хадгалах, ЗХУ-ыг уран олборлохоос сэрэмжлэх ажиллагаа явуулах болжээ. Төрийн Департамент 1946 оны зун Өрөмчид суугаа Ерөнхий консул Пакстонд ураны холбогдолтой аливаа мэдээлэл олоход онцгой анхаарахыг үүрэг болгожээ. АНУ Хятадын ураныг бусдад ашиглуулахгүй гэсэн хэлэлцээр байгуулахад Чан Кайшиг ятгаж байв. Оспан Алтайн уурхайгаас авсан чулууны дээжсийг Маккиернанд өгч “Оросууд энэхүү чулууны араас үхэн хатан зүтгэдэг” гэж ярьж байжээ. Маккиернан уг чулуунаас цацраг туяа  ялгарч буйг тогтоосон бөгөөд уг чулууг болон  Байтаг богдын мөргөлдөөний шалтгааныг ураны ордтой холбоотой байж болзошгүй гэсэн таамаглалын хамт Вашингтонд илгээж байв. Энэ асуудал олон улсын анхаарлыг ч татаж байжээ. Канадын “Газетте” сонинд (1947.6.12) “Шинжаан дахь ураны орд газрыг улааны  түрэмгийлэгчид эзлэхийг санаархав” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдэж, Байтаг богдын мөргөлдөөний талаар “...Монголын болон Шинжааны цэргийн байлдаж буй Шинжааны умард хэсэгт орших... газарт хэдэн сарын өмнө ураны орд газар олдсон” бөгөөд уран нь атомын бөмбөг хийхэд хэрэглэдэг үндсэн түүхий эд юм гэж бичсэн байв.

Д.Маккиернан Өрөмчөөс 1947 оны наймдугаар сард буцаж АНУ-д байж байгаад 1948 оны арванхоёрдугаар сард буцаж ирэхдээ тухайн үедээ үлэмж боловсронгуйд тооцогдох цөмийн туршилтыг мэдрэх өндөр мэдрэмжтэй микрофонууд авчирчээ. Тэрбээр АНУ-д байхдаа О.Латтимортой 1948 онд уулзаж Шинжааны талаар зөвлөгөө авч байжээ. Маккиернан гүйцэтгэх ажлын арга хэмжээ явуулж Шинжаан болон Семиплатинскийн ойролцоо дээрх багаж төхөөрөмжүүдийг байрлуулж, 1949 оны хавар Алтайн Хөхтолгойгоос ураны хүдрийн дээж олж АНУ-д хүргүүлж байв. Маккиернан 1949 оны наймдугаар сарын 10-нд Төрийн нарийн бичгийн дарга Д.Ачесонд атомын бөмбөгний тэсрэлтийг алсаас илрүүлэх тоног төхөөрөмжийг ажиллуулж байгаагаа мэдээлж байжээ. АНУ Өрөмчид суугаа Консулын газраа 1949 оны наймдугаар сарын 15-нд хаасан боловч Маккиернаныг үлдэж Зөвлөлтийн атомын бөмбөг хийх хөтөлбөрийн талаар мэдээлэл цуглуулах үүргээ үргэлжлүүлэх чиглэл өгчээ. Зөвлөлтийн тал Семиплатинскт атомын бөмбөгийн анхны туршилтаа 1949 оны наймдугаар сарын 29-нд хийсэн өдөр Д.Маккиернан авсан мэдээллээ кодлон Андрюсын цэргийн баазад дамжуулсан байна. Гэвч уг мэдээллийг америкчууд сар гаруй шалгасангүй, харин туршилтын шинжийг Аляскаас Японы арлууд хүртэл нисдэг тагнуулын онгоцонд байрлуулсан агаар шүүгчээс авсан тоосноос илрүүлжээ. Гэхдээ Маккиернаны мэдээ, Аляскийн мэдээ хоёр адилхан байжээ. Иймд Ерөнхийлөгч Трумэн 1949 оны есдүгээр сарын 23-нд ЗХУ атомын бөмбөгийг “Өнгөрсөн хэдэн долоо хоногт” туршсан байна хэмээн дэлхий дахинд зарлажээ.

 ОСПАН, Д.МАККИЕРНАН НАРЫН ХАРИЛЦААНЫ ТӨГСГӨЛ

Маккиернан 1949 оны есдугээр сарын сүүлчээр Өрөмчөөс гарч Оспаны илгээсэн орос иргэдээр газарчлуулан түүний хотхонд очиж сар гаруй байрлажээ. Энэ нь тэд холбоотой байсныг харуулна. Энэхүү уулзалтаараа Оспан түүнд “Хятадын коммунистуудтай хэл амаа ололцож чадахгүй бол БНМАУ-д дагаар орох” тухайгаа ярьж байжээ. Д.Маккиернан Оспаны гаргаж өгсөн газарчингуудын тусламжтайгаар Гималайн хормойд хүрч өвөлжөөд 1950 оны гуравдугаар сард аяллаа үргэлжлүүлж, дөрөвдүгээр сарын 29-нд төвдийн харуулд буудуулан алагджээ. Түүнтэй хамт явсан гурван орос иргэний хоёр нь мөн алагдаж, бусад хамт явсан ТТГ-ын ажилтан Бессак, орос иргэн Званцов нар Лхасаар дамжин АНУ-д хүргэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ачесон 1950 оны нэгдүгээр сарын 12-нд Шинжаанд Зөвлөлтийн агентууд ажиллаж байна гэж мэдэгдсэний хариуд “Синхуа” агентлаг 1950 оны нэгдүгээр сарын 30-нд... Маккиернаныг Америкийн империализмын тагнуул гэж нэрлээд унаж явсан машинаа хаяж, Гоминданы уяаны нохой болсон дээрэмчин Оспаны үүрэнд очсон. Тэрбээр Оспан... нарт дэлхийн III дайн удахгүй гарна, иймд зэвсэглэхийг ятгасан... Д.Маккиернан Оспантай 20 хоног хамт байсан бөгөөд явахдаа Оспаны дээрэмчдэд үлэмжхэн алтыг үймээн гаргах зардал болгон өгчээ” хэмээн мэдэгдсэн байна. Хятадын Ардын чөлөөлөх арми Шинжаанд хяналтаа тогтоосоны дараа Оспантай яриа хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрэлгүй, тэдний зэвсэгт

эсэргүүцэлтэй тулгарчээ. Иймд БНХАУ-ын удирдлага Оспан нарыг “дээрэмчид” хэмээн нэрлэж тэднийг дарах ажиллагаа 1954 онд л дуусчээ. БНМАУ-ын тагнуулын байгууллага, БНХАУ-ын Аюулаас хамгаалах байгууллагын хүсэлтээр Оспаныг дарахад хамтран ажиллаж байв. “Жэнмин Жибао” сонин (1951.5.5) “Шинжаанд байсан Америкийн империалистуудын зэвсэгт тагнуул, дээрэмчин Оспан...нарын хэргийг...Өрөмч хотод ХКН-ын Төв хорооны гишүүн Чень Бенцо, Цзе Мин нарын оролцоотойгоор олон нийтийн шүүхээр шүүн тасалсны дараа 1951 оны дөрөвдүгээр сарын 29-нд цаазаар авсан”-ыг мэдээлжээ. Хятадын тал Оспаны цогцосыг хүүд нь 1953 онд шилжүүлэн өгчээ. Шинжааны 1400 гаруй казах иргэд Гималайг даван Пакистан, Энэтхэгээр дамжин ирснийг 1950-иад онд Туркийн тал харьяатаа болгожээ.

Оспаныг хамтран зүтгэгчид нь “баатар” гэж үзэж байхад Монгол, Хятадын түүхчид “дээрэмчин” гэж бичсээр буй. Оспаныг судалж ном бичсэн Америкийн сэтгүүлч Лиард түүнийг цаг үеээ олоогүй тэмцэгч баатар гэж дүгнэсэн байх жишээтэй. Түүнийг зөвхөн нэг талаас нь дүгнэх нь өрөөсгөл мэт. Хэнд ч захирагдалгүй, өөрөө удирдагч байж, хил хязгаарыг эс хайхран нүүдэллэдэг Оспаны замнал зөрчилтэй, эмгэнэлтэй байв. Гэхдээ Оспан Шинжааны Алтайдаа эзэн болох тэмцэлдээ өөрт ашигтай бол хэнтэй ч эвсэх боловч, эзэн болох суудлаа хэнтэй ч хуваалцахгүй хүн байв. Оспан хан үндэстний эсрэг зэвсэгт тэмцэл явуулахаар 1943-1947 онд БНМАУ-ын, “улаантны” эсрэг тэмцэхээр 1947-1949 онд Америкийн дэмжлэгийг тус тус авчээ. Монголын тал Зөвлөлтийн заавраар Оспаныг хууль ёсны эрх баригчдын нь эсрэг зэвсэгт тэмцэл явуулахыг өөгшүүлж, бусдын дотоод хэрэгт оролцож байв. Америкийн эорилго нь Зөвлөлтийн тал Шинжаанд уран олборлож буй эсэхээр дамжуулан атомын бөмбөг хийх гэж буйг илрүүлэх, үүндээ Оспаныг ашиглаж байв. Их, бага гүрнүүдийн хайчин гал нь Оспаны амьдрал, үйл ажиллагааг зөрчилтэй болгож, гунигтайгаар төгсөхөд нөлөөлжээ. Гэвч Шинжааны ард түмний тэмцэл одоо ч үргэлжилсээр.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.177.98.244 Jinhene BAATAR er baij de.tsag uie olson bol Shinjanii Khazakhuud odoo tusgaar uls bolson suj bh bsan bna.ospani tsereg 30000 bsan gesen
202.5.206.189 Ard tumnii tuluu temtssen tul ardaasaa tedniig daguulj chadsan BAATAR HUN.kommunist uzeltenguud uurtuu taalagdaagui heniig ch goochilj buruutgadagiin jishee ene bulguu
27.123.214.116 Jinhene ard tvmnii baatar er
27.123.214.116 Ard tumnii baatar hun
  • 2017 оны 04 сарын 05
27.123.214.116 Jinhene ard tvmnii baatar er
220.191.168.25 SONIN TUUH.