АВИРАА

2016 оны 03 сарын 10

А.Авирмид гэргий Г.Цогзолмаагийн хамт. 1985 он. Москва хот

Үргэлжлэл. Түрүүч нь http://mongolnews.mn/1t9t


 

Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь манай сонины идэвхтэй нийтлэлчдийн нэг юм. Одоогоос гурван жилийн өмнө түүний бичсэн хүүхэд насны хөгжилтэй дурсамжууд манай сонинд хэвлэгдэж байсныг Та бүхэн санаж буй биз ээ. Үзэг, цаасаар түүчээлэн үргэлжилж буй, он цаг хийгээд олон сайхан тохиолын тухай өгүүлэх баялаг дурсамжаасаа “Өнөөдөр” сонины уншигчидтай хуваалцахыг тэрбээр зөвшөөрсөн юм.


 

Авираа маань бурхан болоод зургаан жил өнгөрчээ. Тэнгэрт хальсан нэгнээ үгүйлэн гашуудаж байснаа аажим аажмаар мартаж эхэлдэг нь хорвоогийн жам. Ийм жам үгүйсэн бол хүний амьдрал үл тасалдах уй гашуу болж хувирах байсан биз.

Гэтэл би түүний үгүй болсныг одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй л байх шиг. Анд нөхөр маань бодол, зүүднээс минь одоо ч гэлээ зүүгдээстэй. Ойр ойрхон гэнэт ороод ирнэ. Заримдаа бүр цочмоор. Одоо ч амьд байгаа юм шиг. Бага залуугаасаа үерхэж дотноссон бидний хэдэн нөхөд бий. Авираа тэдний нэг нь байлаа. Эхнийх нь болоод явчихсанаас нь тэр үү, эсвэл бид хоёрын хооронд онцгой нэгэн холбоо байв уу, үгүйлэгдээд л байх юм.

Үхдэггүй хэн байх вэ. Бүгд үхнэ. Гэхдээ Авирааг ийм гэнэт, түргэн явчихна гэж хэн ч бодоогүй. Амьдралын эрчээр дэндүү бялхсан, тэр эрчээрээ орчин тойрноо доргиосон, цэнэглэсэн нэгэн байлаа. Түүний тухай бодол, зүүд маань нэг л гэгээтэй, наргиантай. Цаад хүн нь гэгээтэй, наргиантай байсан учраас түүний тухай дурсамж ч ийм л байх учиртай аж.

ХАЙЛМАГ-84

Авираа бид хоёр 1984 оны сүүлчээр Увс аймагт явж байлаа. Ороод гарья таних айлгүй, томилолтоор яваа улс гуанз бараадахаас өөр яах вэ. Аймгийн төвийн аль ч гуанзны хоол нэг л тогооч тойрч хийгээд явж гэмээр адилхан. Гурилтай, эсвэл ногоотой шөл, будаатай, эсвэл гоймонтой хуурга. Харин сумдын гуанз бол арай өөр. Томилолтоор явах хүн алдаг оног учраас сумын гуанз хүрээд очиход ихэнхдээ хаалттай. Гэхдээ нэг онгойсон байхад захиалгаар хоол хийгээд өгнө. Гэртээ хоолоо яаж хийдэг тэр л маягаар хийх тул сумын гуанзны хоолны амт нь аянчны аз, тогоочийн туршлага хоёроос л хамаарна.

Ийн явж байтал Авираа нэг зүйл анзаарлаа. “Хаана ч очсон хайлмаг өгөх гээд байх юм, эд. Хайлмаг уг нь сайхан ч эндхийн зарим гуанзны хайлмаг түүхий гурил амтагдаад арай л биш. Цайгаа сайхан чанадаг шигээ хайлмагаа хийж чадахгүй байна. Нутгийн заншил юм бол заншлаа дагаад хайлмаг хийгээд сурчихсан баймаар. Гэтэл сайн, муу нь хамаагүй хаа л очно хайлмаг өгөх юм. Энд нэг учир бий” гэж байна. Авираа ерөөс ийм. Сониуч зантай. Элдэв юм анзаарахдаа сайн. Анзаарсан юмаа судална, учрыг нь заавал олох гэж зүтгэнэ.

Бид хоёр өөр өөр байгууллагын томилолтоор явж байгаа тул ажлын зам мөр маань ихэнхдээ сална. Би гадаад хэлээр гардаг “Монголия” сэтгүүлийн томилолттой тул хүний хөрөг, байгалийн зураг дарж, гадаадын хүний сонирхол татах тэмдэглэл, тайлбар бичих үүрэгтэй. Авираа бол радиогийн Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцын томилолттойгоос гадна дотоод нэвтрүүлгийн олон редакцаас захиалга авчээ. Тиймээс олон хүнтэй уулзаж, амьдралын гүнд орсон яриа өрнүүлэн, түүнийгээ хальсанд буулгахаа бодно. Тиймээс бид хоёр өглөө өөр өөр тийш гараад оройдоо л буудалдаа уулзана. Нэг орой тэр олзуурхсаар орж ирэв.

“Хайлмаг өгөөд байдгийн учрыг оллоо. Эднийх ч паакталсан гэнэ. Тэгээд тэр паактаа засаж байгаа нь энэ гээд хотоос ирсэн бүхэнд хайлмаг шахдаг болж. Төвөөс яваа сурвалжлагч нарыг бол заавал дайлах заавартай юм биш үү” гээд инээж байна.

Мань хүний ярьснаар бол, 1984 оны хавар Увс аймгийн намын хорооны бүгд хурал болж, Улаанбаатар хотоос Улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай тэргүүтэй том десант буусан юм байх. Бүгд хурал өндөрлөж, төвөөс ирсэн дарга, төлөөлөгчид хөдөө гарч, аль ч юм бэ дээ сумын төвд хоноглох болж гэнэ. Ц.Намсрай даргаас аймгийн удирдлага “Өглөөний цайндаа та ямар хоол захиалах вэ” гэж асууж. Цаадах нь “Өглөөдөө хөнгөн нь дээр. Хоол хийх гэж илүү ажил удаад юу хийх вэ. Цай, хайлмаг хоёр байхад л хангалттай” гэжээ.

“Ажил удахгүй” гэсэндээ амар юм захиалав гээд унтаад өгсөн дарга харин ч бөөн ажил удаж орхиж. Тэр сумын гуанзны тогооч нь “Яана аа…, хайлмаг яаж хийхийг би мэдэхгүй” хэмээн дарга нараа сандаргаж. Хайлмаг хийдэг хүн сумын төвөөр хайгаад олсонгүй. Аймаг, сумын дарга нар шөнө цуглан, шуурхай хурал хийж, улмаар Улаангомоос хайлмаг хийх хүн олж ирэхээр шийдэж. Тэр хүнээ унаа давхиулан авч ирсээр байтал үүр цайжээ. Залсан хүн нь хайлмагаа хийж дуусахтай нь уралдан, Ц.Намсрай дарга орноосоо өндийж. Дарга цай ууж, хайлмаг ганц нэг халбагадчихаад “Ингээд хөдлөх үү” гээд босчээ. Хөвсгөл нутгийн уугуул, хайлмаг идэж өссөн Ц.Намсрай дарга нь бөөн ажил болж бүтсэн тэр хайлмаг сайн, муу болсон талаар юу ч хэлээгүй нь аймгийн удирдлагын санааг зовоов. Даргаас өөрөөс нь асуултай биш, тэгсхийгээд үдэж мордуулав. Аймгийн ажил үндсэндээ гайгүй гэж том дарга дүгнэсэн ч аймгийн удирдлагын сэтгэл тайван биш хоцорчээ.

Удалгүй дахин хуралдаж, аймгийн бүх гуанзанд хайлмаг хийж сурах тусгай аян өрнүүлэх тухай захирамж гаргав. Энэ шийдвэрийнх нь талаар төв, орон нутагт буруу, зөв ойлгосны улмаас онигоо гарч магадгүй гэж хаширлаад шийдвэртээ нууцын зэрэглэл өгөөгүй ч зөвхөн албаны шугамаар хүргэх заавар дагалдуулсан юм байх. Ингээд л “Хайлмаг-84” гэсэн нэр бүхий аян аймгийн нийтийн хоолны бүх байгууллагад өрнөжээ. Энэ аяны үр дүнг 1984 оны эцсээр Увс аймгаар томилолтоор яваа Авираа бид хоёр амсаж буй нь тэр санж. Хайлмаг гэх гэнэтийн тэр сэдвээр бид хоёр замын турш удаан мэтгэлцэв. Ямар ч сэдвээр хамаагүй, сав л хийвэл мэтгэлцдэг байсан залуу нас л даа, тэр үе. Авираагийн яриаг сонсоод,

-Хөгийн ажил зохиосон болоод л, түүнийгээ нууцлаад л, инээдтэй юм. Тийм л нууц юм бол төвөөс яваа танихгүй сэтгүүлч чамд энэ нууцаа хэн дэлгэдэг байна аа гэж би түүнээс асуув.

-Надад аминчлаад ярьсан тэр хүний нэр чухал биш. Харин сонсоход инээдтэй ч яг цаанаа бол тэр санаачилсан ажил нь чухал юм шүү гэлээ.

-Сүртэй юм. Хайлмаг хийж чаддаг, эсэх нь тийм чухал юм уу, Авираа? Манай Хөвсгөлд бол айл бүр л хайлмаг хийдэг. Би ч бас багаасаа хайлмаг идэж өссөн. Гэхдээ энэ бол гэрийн л идээ. Гадуур гуанзанд байхыг нь би санахгүй юм.

-Гуанзанд сайхан хайлмаг байдаг бол сайхан ш дээ. Би бол тэр ажлыг нь дэмжмээр санагдсан. Захиргаадсан хэлбэр нь буруу ч, ажлын агуулга нь зөв. Хайлмаг бол Монголын уламжлалт идээ. Хотын гуанзанд байдаг чиний тэр орос борщ, унгар гуляш хийж мэдэхгүй байхыг би ойлгоно. Харин Монголын уламжлалт идээгээ хийж сур гэхэд буруу юу байдаг юм. Эндхийн дарга нар харин ч зөв ажил сэдсэн байна.

-Тэгвэл хаа сайгүй л “Хайлмаг-84” аян зохион байгуулах хэрэгтэй болох нь, чинийхээр бол… Өөр хийх ажилгүй юм шиг жижиг сажиг юмаар оролдоод л. Танай Налайхад, жишээ нь, хайлмаг хийж мэдэх үү? Мэдэхгүй л байх. Хайлмаг хийхээс өөр бусад бүх асуудлаа шийдчихсэн юм бол одоо тэр аянаа хий хий, Авираа.

-Би Налайхынх биш, Гүн галуутайнх гэж чамд олон хэлсэн. Гэхдээ хотын чамд бол ялгаагүй л дээ. Чиний аав Хөвсгөлийнх ч, чи өөрөө бол хотын хүүхэд. Хотын цардмал зам дээр өсөж бойжсон. Тийм ч учраас бодол, сэтгэлгээ чинь тэр чигээрээ хотынх. Манай Гүн галуутайд бол энд тэндээс нүүж очсон айл олон. Хайлмаг хийдэг нь ч, хийдэггүй нь ч бий. Нутгийн дадал заншил гэж байна. Тэрнээс нь хамаарч, танай Хөвсгөл шиг хангайн бүсийн аймаг, сумдад хайлмаг хийдэг уламжлалтай. Одоо бидний байгаа Увс нутагт бол цайгаа тансаг сайхан чанадаг. Хэнтийн буриадууд цөцгийгөө сайхан цохидог. Булганыхан айргаа сайхан исгэдэг гэх мэтчлэн. Энэ жишгээр нутаг нутгийн сайхан уламжлалыг хаа сайгүй дэлгэрүүлэхэд буруу байхгүй. Бүтэхгүй, том том юм худлаа тунхаглаж байснаас бүтэж болох жижиг ч гэлээ ийм тодорхой юм хийж байсан нь дээр гэж Авираа зөрж байна.

Авираа бид хоёрын энэ маргаан тэр оройдоо л лав дуусаагүй. Маргаан даамжирч, хайлмагаасаа халиад нам, засгийн бодлого зөв, буруу явж байна гэх эмзэг бөгөөд эх захгүй сэдэв рүү орсон санагддаг. Бид хоёулаа залуу зандан явсан тэр үед ийм сэдвээр өргөн хүрээнд биш ч гэлээ өөр хоорондоо ярьж болдог шинэ эрин цаг эхэлж байжээ. Авираа угаасаа зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэчихдэг учраас түүнтэй маргах хэцүү. Харин зүтгэхдээ сонин баримт, этгээд нотолгоо гарган, хор малтаж чаддаг учраас түүнтэй маргах урамтай. Тэр бууж өгнө гэж байхгүй, би ч бас мөчөөгөө өгөхгүй санаатай тул бид хоёрын маргаан удаан үргэлжилж билээ.

Харин одоо бодоход, яг хайлмагны тухайд бол тэр үед Авираагийн маань зөв байж дээ.

ФЕСТИВАЛЬ-85

Авираа бид хоёр хөдөө л хамт яваад байсан юм бас биш. 1985 оны зун Москвад болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд бид хоёр хамт явах завшаан олдов. Одоо энэ наадмын тухай дурсдаг хүн бараг үгүй. Тухайн үедээ бол үүнийг хүмүүн төрөлхтний гол үйл явдал, дэлхийн империализмд өгч буй гол цохилт гэж сурталчилж байлаа. Гэхдээ Авираа бид хоёрын хувьд гол цохилт өгөх ч яах вэ, гол нь Москва явах боломж чухал байв. Москвагийн их наадмын тухай сүржин сурталчилгаа өрнөж, Авираа бид хоёр ч намын үзэл суртлын байлдагчдын хувьд энэ ажилд хошуу нэмэрлэж явлаа. Нэг мэдэхэд өөрсдөө ч тэр сурталчилгаандаа автчихсан, дэлхийн тэр гол арга хэмжээнд нь очиж үзэх сэн гэж боддог байв. Боддог ч юу байх вэ, аминдаа л “Тийм л гоё юм болох гэж байгаа бол үзэх сэн” гэж хоорондоо хий хоосон ярьж байлаа.

Гэтэл хий хоосон яриа маань гэнэт биелдэг юм байна. Энд тэндхийн олон шатны хурал, шүүлтүүрээр оруулсны эцэст Авираа бид хоёрыг их наадмын төлөөлөгч болгов. Гэхдээ давхар үүрэгтэй төлөөлөгч. Авираа Монголын радиогийн сурвалжлагчаар, би хэлмэрчээр явах боллоо. Бөөн баяр. Бас ч үгүй мэргэжил нэгт олон дотроосоо шигшигдэн тодормор болсон учраас тэрүүхэндээ цээжээ түхийлгэнэ. МХЗЭ-ийн Төв хороон дээр очиж, их наадмын албан ёсны төлөөлөгчийн үнэмлэхээ авлаа. Оёдлын үйлдвэр орж, Монголын баг дүрэмт хувцасныхаа хэмжээг өглөө. Улаанхуаран гарч, орос цэргүүдээс хэд гурван рубль солиулж, халаасаллаа. Ажил ч эхнээсээ сайхан цэгцэрч байна. Тэгтэл Авираа,

-Өвгөний чинь орос хэл тун маруухан шүү дээ. Хэдэн ч жил сурав, нэмэр болоогүй. Налайхын орос цэргүүдтэй л наймаа ярьж үзсэн. Москвад очоод яадаг бол гэхээс айдас хүрээд болдоггүй. Одоо тэгээд болино гээд энэ үнэмлэхийг нь буцаалтай биш. Чи надад тусална шүү гэж байна.

-Би бол төр, засгийн томчуудад үйлчилдэг дээд зэрэглэлийн хэлмэрч. Гэхдээ яах вэ. Хааяа чамаас ганц нэг юм асууж лавлаж байдгийн хувьд чамд хөнгөлөлттэй үнээр үйлчилье, хамаагүй. Нэг орос үг таван мөнгө гээд одоо тохирчих уу. Төлбөрийг бол яахав монгол төгрөгөөр авъя гэсэн чинь Авираа над руу том харав. Тэгснээ тоглоом ойлгоод тас тас хөхөрч,

-Тэгье хөө. Нээрээ чи надаас элдэв долоон юм залхтал асуудаг шүү. Би ч бас чамд хямдрал үзүүлээд нэг монгол үгээ адилхан таван мөнгөөр үнэллээ шүү гэв.

Гэхдээ Авираад миний туслалцаа нэг их хэрэг болсонгүй. Их наадмын төлөөлөгчид Москва руу тусгай галт тэргээр аялав. Зам дагуух Оросын том хот, суурин газарт өдөртөө хоёр гурав зогсож, найрамдлын цуглаан хийнэ. Тэр цуглаан дээр нь манай талаас нэг дарга, нэг малчин, нэг ажилчин товч үг хэлнэ. Оросын талаас хариу барина. Тэдгээр үгийг нь би хэлмэрчилсэн болно. Дараа нь манай хамтлаг, дуучдаас ая барьж, бүжиг бүжсэнээр цуглаан өндөрлөнө. Цуглааныг Авираа сурвалжилна, түүнийг утсаар редакц руугаа шуурхай дамжуулна.

Сурвалжлах тэр ажлаасаа бусад цагт ч мань хүн тун завгүй байлаа. Их наадмын тухай орос хэлээр гарсан үй олон танилцуулга нэг талдаа овоолчихсон, нөгөө талдаа сурвалжлах ажлынхаа төлөвлөгөөг дэлгэчихсэн сууж харагдана. Надаас хааяа л ганц нэг үг асууна, эсвэл “Чи энийг шударч уншаад надад үндсэн санааг нь товч хэлээд өг” гэнэ. Замын таван хоног купээндээ бүрэн бүгж, нөгөө олон “бэлдцээ” машиндаад л байв. “Бэлдэц” гэдэг нь Авираагийн хэлц үг. Хийх сурвалжилгаа урьдаас хайрцаглаж зангидаад, түүндээ оруулах тоо баримтаа шигтгэж бэлтгэсэн ажлын нооргоо ийн нэрлэдэг байв. Хөдөө явахдаа ч ийм “бэлдэц” заавал базаана. “Амар байдаг юм. Үндсэн суурийг нь тавьчихсан учраас толгой сийрэг, нүд, чих соргог байдаг. Сурвалжилгын явцад сонин содон юм гарвал түүнийгээ хачирлаж оруулаад л гүйцээ” гэдэг байлаа.

Москвад очоод ажил ундрав. Авираа бид хоёрт тухтай уулзах цаг гарсангүй. Вернадскийн өргөн чөлөөнд сүндэрлэх том зочид буудлын зэргэлдээ шахам өрөөнд байрласан хэрнээ хааяа л орой үдэш аль нэгнийхээ өрөөгөөр шүргээд гарахдаа л хэдэн үг сольдог байв. Миний ажил харьцангуй амар. Энд тэнд болох хурал, цуглаан дээр нөгөө л хэвшсэн маягаараа аль нэг дарга, ажилчин, малчныхаа хэлснийг хэлмэрчилнэ. Тэдний маань хэлэх үг ч нэг л хэлбэр, агуулгатай. Энх тайван сайхан, дайн муухай, коммунизм ялна, империализм мөхнө гэсэн л үндсэн санаа. Үгээ цаас шагайж хэлнэ. Би ч бэлдсэн орчуулгатай тул түүнийгээ ард нь зогсож байгаад дуржигнуулна. Хааяа л нөгөө хэдэн дарга, ажилчин, малчин маань ярилцлага өгөх болоход амьд яриа маягаар нөгөө л үндсэн санаагаа давтана. Ажил маань хялбар ч, ачаалал их байлаа.

Авираагийн ажил арай өөр. Энд тэндхийн цуглаан сурвалжлахаас гадна их наадмын хүрээнд зохиогдож буй бусад олон арга хэмжээг тусгах үүрэгтэй. Дээр нь Москвад өрнөж буй коммунист бүтээн байгуулалтын үлгэр жишээ болсон олон объект дээр биечлэн очих ёстой. Тэнд үзсэнээ дүрслэн ярихаас гадна нутгийн ганц нэг хүнээс яриа авах учиртай. “Энэ л хэцүү юм. Гэхдээ чиний оросоор бичиж өгсөн хэдэн асуултыг өвгөн чинь тангад ном шиг цээжилчихсэн учраас тэднийгээ л шууд тулгачихдаг. Хариулт нь ч ерөнхийдөө ойлгогдоод байгаа. Тэр ойлгосноороо л хэдэн сурвалжилгаа базаад явна. Өвгөнийг чинь сайн байна, сайхан сурвалжилга ирүүллээ гэж төвөөс тогтмол магтаастай. Ажил ч овоо бүтэж байна шүү” гэнэ.

Ажил ч бүтэмжтэй байлаа. Харамсалтай нь, Авираа бид хоёрын ажлаас гадуур төлөвлөсөн олон сайхан санаа биелэх цаг гарсангүй. Жишээ нь, Москвад оюутан байхдаа давстай чанасан сам хорхой идэж, шар айргаар даруулж явснаа Авираад би хэзээ ч юм ярьжээ. “Москвад очоод тэр шар айрагны газраар чинь заавал орно. Тэр сам хорхой гэдгийг чинь идэж үзмээр байна. Сам хорхой бол далайн царцаа гэл үү? Цалгиж явсан ч царцаа л идэж байсангүй. Хүн иддэг л юм бол амсаж үзэх хэрэгтэй” гэв. Сам хорхойноос өөр ч бас бус юм бид хоёр төлөвлөсөн байв. Би өдөржин хурал, цуглаан, уулзалт хэссэн ч үдэш нь үзмэргүй бол зав чөлөөтэй байлаа. Нөгөө сам хорхойтой газар ч манай буудлаас холгүй. Гэтэл Авираад цаг зав ерөөс гардаггүй. Орой үдэш алдаг оног уулздаг байсан бол сүүлдээ бүр шөнө дөлөөр ч надад олдохоо болив. Хаалгыг нь би олон тогшлоо. Өрөөндөө байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Түмэн олон бужигнасан нэг арга хэмжээн дээр түүнтэй нүүр тулаад би,

-Чи одоо хаана хоноод, хаагуур алга болоод байна аа? Хаалгыг чинь хэд ч балбав, байхгүй. Наадам дууслаа, буцах цаг дөхлөө. Нөгөө яриад байснаасаа хийсэн, хэрэгжүүлсэн юм нэг ч алга гэхэд,

-Харин тийм ээ, өвгөөн. Энэ муу ажил ерөөс барагдахгүй юм. Ёстой зовлонтой ажил шүү, яай яай гэж мушилзсанаа өөр юу ч хэлэлгүй огцом эргээд олны дунд ороод алга болчихов. Би тэгэхэд нь “Намайг бодвол ч ажил ихтэй л дээ” гэж бодоод ямар нэгэн сэжиг авсангүй өнгөрөв.

Дэлхийн залуучууд, оюутны их наадам ч тэгсхийгээд өндөрлөлөө. Наадмын нээлт, хаалт, олон орны урлаг, уран сайхны тоглолт гээд хэт улаан улс төр шингээгүй арга хэмжээнүүд нь үнэхээр сайхан болов. Энэ бол ийм маягийн арга хэмжээний бараг сүүлчийнх нь гэдгийг бид яаж мэдэх билээ. 1988 онд байна уу даа, Хойд Солонгост Дэлхийн залуучууд, оюутны эцсийн их наадам болсон гэдэг. Түүнээс хоёрхон жилийн дараа, 1990 оны сүүлчээр социалист систем маань тэр чигээрээ нуран унав.

Энэ их нуралтын эхлэлийг их наадмын Москвагийн цэлгэр гудамж, талбайд орон орны залуус бужигнаж, хөөрч хөөрцөглөж байх үед тэр талбайгаас тун ойрхон, Кремлийн ордонд тавьж байсан юм билээ. Миний мэдэх Москва арай л өөр, задгай чөлөөтэй болсон мэт, Михаил Горбачевын санаачилсан “өөрчлөн байгуулалт” гайхамшигтай мэргэн бодлого мэт санагдаж байсан үе. Залуу ч байж, гэнэн ч байж.

Авираа дээр ч би бас гэнэдэж. Гэнэт алга болоод л, шөнө дөлөөр сураг нь тасраад байсны хамаг учир ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад нутаг буцах үед л ил боллоо. Их наадам нэгэнт дууссан учир би элдэв ажил, албанаасаа чөлөөтэй болж, галт тэрэг дүүрэн үе тэнгийн олон залуустай жинхэнэ бужигнав. Харин Авираа маань надад олдохгүй хэвээрээ, хаа яваа нь бүү мэд. Нэг харсан чинь замын аль ч буудал дээр билээ, хөөрхөн алаг нүдтэй бүсгүй хөтөлчихсөн, цаадахдаа зайрмаг авч өгсөн шиг, нөгөө сайхан инээдгээрээ инээчихсэн цонхны хажуугаар жирсхийгээд өнгөрч байх юм. Би тэр бүсгүйг чуулгын ятгачин л гэж мэдэхээс огт танихгүй. Галт тэрэг хөдөлж, би вагон дамжин явсаар Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид, хөгжимчид сууж явсан вагонд хүрээд очлоо. Авираа баахан хүн тойруулчихсан марсайгаад, наргиантай яриагаа өрнүүлчихсэн байж байна. Тэдэнтэй хэсэг хамт суухад Авираа маань нөгөө хөтлөөд гүйж явсан ятгачин бүсгүйтэй урт учир ургуулсан нь ойлгогдов. Нэр нь Цогзолмаа гэж надад танилцуулав.

Улаанбаатарт буугаад л Авираа, Цогзолмаа хоёр хөтлөлцөж, Гэрлэх ёслолын ордонд дэгдээд хүрсэн гэдэг. Удалгүй тэр хоёр Намуунжин гэх хөөрхөн алаг нүдтэй охинтой болж билээ. Москвагийн их наадмын нэг чухал үр дүн тэр л байх.

Санжийн Баяр

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.137 МУУ. АРХИЧИН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БАЯРАА ЧИ МУУУ ТАМД ОЧИНООО МУУ ЛАЛАРЫН ХУЛГАЙЧ
202.9.40.152 bayariin bylan ch gex shig ard tvmniig doromjilj dyyslaalda 5 xvnii ami yu ch bish bljee
193.156.105.143 Delkhiin zaluuchuud oyutnii ikh naadam bolsoor l baigaa shdee, saykhan Umnud Africt bolsniig lav medej bna, mongoloos tuluulugchid ochij oroltsson.
103.57.95.189 маш сайхан дурсамж болжээ.Баярын бичсэн бух нийтлэлийг амтархануншдаг.
183.81.171.135 saikhan tuuh baina,tand amjilt
183.81.171.135 saikhan tuuh baina,tand amjilt
202.179.26.118 ene chin kharin bodit tuukh bna daa goyo bichijee uun baabariin baakhan kharaal erool unshsaar zalkhaj yag iim l tuukh unshimaar baisan um bur nudend kharagdaj gart barigdaj amand amtagdakhaar bichij
69.165.157.67 Zavxaigaasaa l bolj ................
69.165.157.67 Emch avgaitai gej yariad baidag baisan, xudlaa shaaj baisan baina, mash zavxai nexer baisan
  • 2016 оны 03 сарын 12

С.Баяр

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд (2007.11.22 – 2009.10.29), улс төрч, дипломатч Санжийн Баяр. Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр 1978 онд төгсөж, Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.