Авираа

2016 оны 03 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр өөрийн амьдралын дурсамжаа бичиж эхлээд байгаа. Хүүхэд насандаа тохиолдсон хөгжилтэй явдлуудаа өгүүлсэн нийтлэлийг нь одоогоос гурван жилийн өмнө манай сонинд хэвлэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ удаа дотнын анд, нэрт сэтгүүлч А.Авирмэдийнхээ тухай хэрхэн дурссаныг та бүхэнд хүргэж байна. Түүний амьдралын баялаг дурсамжийг “Өнөөдөр” сонины дараагийн дугааруудаас унших боломжтой.

Санжийн БАЯР

Авираа маань бурхан болоод зургаан жил өнгөрчээ. Тэнгэрт хальсан нэгнээ үгүйлэн гашуудаж байснаа аажим аажмаар мартаж эхэлдэг нь хорвоогийн жам. Ийм жам үгүйсэн бол хүний амьдрал үл тасалдах уй гашуу болж хувирах байсан биз. Гэтэл би түүний үгүй болсныг одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй л байх шиг. Анд нөхөр маань бодол, зүүднээс минь одоо ч зүүгдээстэй. Ойр ойрхон гэнэт ороод ирнэ. Заримдаа бүр цочмоор. Одоо ч амьд байгаа юм шиг. Бага залуугаасаа үерхэж дотноссон бидний хэдэн нөхөд бий. Авираа тэдний нэг нь байлаа. Эхнийх нь болоод явчихсанаас нь тэр үү, эсвэл бид хоёрын хооронд онцгой нэгэн холбоо байв уу, үгүйлэгдээд л байх юм.

Үхдэггүй хэн байхав. Бүгд үхнэ. Гэхдээ Авирааг ийм гэнэт, түргэн явчихна гэж хэн ч бодоогүй. Амьдралын эрчээр дэндүү бялхсан, тэр эрчээрээ орчин тойрноо доргиосон, цэнэглэсэн нэгэн байлаа. Түүний тухай бодол, зүүд маань нэг л гэгээтэй, наргиантай. Цаад хүн нь гэгээтэй, наргиантай байсан учраас түүний тухай дурсамж ч ийм л байх учиртай аж.

ЧОНЫН ХЭЛ

1984 оны сүүлчээр Авирмид бид хоёр Увс аймаг хамт явах боллоо. Тэр Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцын, би МОНЦАМЭ-гээс эрхлэн гаргадаг “Монголия” сэтгүүлийн томилолт тус тус авав. Томилолтоо авахаас өмнө явах тодорхой чиглэлээ сонгох гэж Авираа бид хоёр маргалаа. Өнгөт сэтгүүлийн томилолттой тул би фото зураг дарчихаа бодон аль болох уул устай, мод хадтай газар сонгох гэнэ. Радиогийн ярилцлага авах үүрэгтэй Авираа болохоор хүн олонтой, түүх нь онцлогтой арай өөр газар нэрлэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг нь байгаль, нөгөө нь хүн бараадах хоёр өөр сонирхол зөрчилдөв. Эцэст ньтохиролцож, томилолтын долоохон хоногтоо багтаан Улаангом-Сагил-Давст-Тэс-Малчин-Улаангом гэх богино тойргоор, Увс нуурыг нар зөв эргэхээр болов.

Авираа нэг онцлогтой. Өөрийгөө нэг л их хөдөөний хүн болгон ярьж, мань мэтийг бол “юм үзээгүй хотын ямбатнууд” гэж баалах дуртай. Яг үнэндээ бол Налайхын уугуул тэр өөрөө хотоос нэг их холдож үзээгүй нэгэн байв. Тийм боломж ч түүнд байсангүй. Цэргийн албаа Зүүн Баянд хааж, Их сургуульд байхдаа Төв аймгийн ганц нэг аж ахуйд оюутны намрын ажлаар очиж үзсэнээс цаашгүй байсан юм билээ. Гэтэл “хотын” гэгдэх би бээр очиж үзээгүй аймаг байхгүй шахам болчихсон байлаа. Багадаа ээжийгээ дагаж хээрийн судалгааны ажлаар, офицер байхдаа Монгол, Оросын том, жижиг цэргийн дарга нарт хэлмэрчлэн улс орноо хөндлөн гулд туулж үзсэн нэгэн байв.

Гэхдээ юу үнэн, тэр үнэн гэх гарцаагүй нэг юм байдаг байлаа. Аль нэг нутаг орны үүх түүх, уул ус, хүн амьтны талаар явж үзээгүй Авираа маань, явж үзсэн гэх надаас арай л их юм дуулсан, мэдсэн байдаг байв. Мань хүн элдэв ном олж уншдагаас гадна уншсанаа өөрийн болгон тогтоох ой санамж онцгой сайн байлаа. Тиймээс ч томилолт авсан мөчөөс эхлэн зорин очих Увсын хязгаар, баяд, дөрвөд болон бусад ястны зан заншил, онцлогийн тухай элдэв мэдээллээр Авираа намайг булж өгөв. Тэр ярьснаас нь босон суун тэмдэглэсээр явтал сэтгүүлд хүлээлгэн өгөх ёстой тэмдэглэлийн маань араг яс бараг босчихлоо. Гадныханд зориулсан сэтгүүл учраас хэмжээ товч, бичлэг хөнгөн, агуулга сонирхолтой, мэдээлэл бодит байх ёстой гэж бидэнд сэтгүүлийн редакцаас нь захина. Одоо хэдэн сайхан фото зураг дарж тэмдэглэлээ хачирласан байхад томилолтын зорилт маань бараг л хангагдахаар болчихов.


Улаангомд буухад биднийг шинэхэн УАЗ-469-ийн түлхүүр хуруундаа эргүүлсэн залуухан жолооч тослоо. Нэр нь Нарангэрэл. Хөнгөн жингийн бөх шиг сүр сар хийсэн хөдөлгөөнтэй, хулгар чихтэй жижигхэн бор залуу байв. Буунгуутаа бид хоёр аймгийн захиргаа, намын хороо гэх газраар нь ном журмын дагуу орж, ажлаа танилцуулан томилолтоо нээлгэн буудалд орж, түлш, хүнсээ базаав. Орж гараад л, буудлын жижүүр дээрээс ийш тийш утсаар яриад явсан Авираа тэр үдэш нь аймгийн театрын бүжигчин бүсгүйчүүдтэй уулзан “жоохон суух” тохироо хүртэл хийж амжив. Авираа хэний ч гэлээ учрыг нь олох, юм зохицуулахдаа гарамгайг хэлэх үү аялал маань эхнээсээ л зугаатай сайхан болох шинжтэй. Гэтэл би гэнэт 39 хэм хүртэл халуурчихлаа. Хэдэн хоног тороод байсан хоолой бүр үрэвсээд, идэж уух байтугай шүлсээ залгих, хэлээ хөдөлгөх ч хэцүү болов. Авч гарсан эм нэмэр болсонгүй. Үдшийн тэр сайхан арга хэмжээ ч замхарлаа.

Өглөө босоход хоолой бүр таг. Гэхдээ буудалд хэвтээд байлтай биш, замд гарлаа. Эхний өдөр Сагил сумаар дөнгөж дайраад Цагаан шувуут гэх уулын энгэрт өвөлжих нэгэн айлыг зорив. Тэр айлыг Авираа хэнээр ч юм заалгасан аж. “Яриа хөөрөөтэй, нутгийн сайн эр гэсэн. Зураг авахад ч янзын газар” гэлээ. Цэвэрхэн өвөлжөөтэй, хоёр том гэртэй, гадаанаа шинэ мотоцикл сойсон бийлэгжүү айл байна. Бид сайхан дайлуулж байгаад оройдоо Давст орж хонохоор хөдөллөө. Бие арзайгаад, халуунтай байх тул зураг дарах, яриа хөөрөнд нь оролцох тэнхэл надад байсангүй. Гэхдээ гэрийн эзний гаргах архи нь орос водка байсныг би анзаарав. Авираа гэрийн эзний яриаг хальс дүүрэн бичиж авав. Харамсалтай нь, тэр хүний тухай юм нийтлэхийг аймгийн Намын хороо сүүлд нь тас хориод зөвшөөрсөнгүй. Хөдөлгөөнтэй, овсгоотой тэр нөхөр тухайн үеийн намын бодлого, үзэл сурталд нийцсэнгүй.

Маргааш нь би Давст сумын буудлын орон дээр 40 хэм хүртэл халуурч өнгөрөөв. Босох байтугай хөдлөх ч тэнхээ алга. Хөдөө багийн ганц нэг айлаар орно гэж байсан маань ч өнгөрлөө. Авираа сумын эмч дуудаж намайг үзүүлтэл цагийн тариа, дусал хийлгэх хэрэгтэй гэж байна. Шахуу томилолтоор яваа улсад юун цагийн тариа байх билээ. Үдэш нь Авираа Давст сум, нэгдлийн даргыг дагуулаад ороод ирэв. Нэр нь Магалжав байсан санагдана. Сумын дарга халуу шатсан толгойг минь барьж үзсэнээ надад “Чонын хэлээр л хоолойг чинь эмчлэхсэн гээд байна, энэ нөхөр чинь. Хэлийг нь сугалчих бэлэн чоно гадаанаа уядаг улс гэж биднийг бодсон юм байлгүй. Яахав, өглөө хамт хөдөлье. Ганц нэг боодол маарал эмчээс авчихаарай ” гэлээ.

Өглөө эрт хөдөлж сумын даргын тэргийг дагаад давхилаа. Урд явах машины улаан гэрэл бүрэнхийд нэг үзэгдэн, нэг замхарна. Явсаар байтал гэгээ оров. Нэгэн дэнж тойроод эргэтэл замын хажууханд нөгөө машин зогсож байна. Дөхөөд очиход нэг жижгэвтэр чоно унагачихсан, хажууд нь сумын дарга хутга барьчихсан явган сууж байна. Намайг гараад ир гэж дохив. Дөхөөд очтол “Алив май, чонын хэл. Зүссэн талаар нь хүзүүндээ нааж маарлаар ороо. Зузаахан орооно шүү. Одоо элдэв эм уух хэрэггүй. Харин зуу татсан байхад илүүдэхгүй” гэж байна. Авираа бүлээн нойтон махыг хүзүүнд минь нааж байгаад маарлаар битүү ороолоо.

Тэгснээ аяны богцоосоо нэг шил юм гаргаж задлаад аяганд хийж тойруулав. Магалжав дарга “Маргааш л боолтоо аваарай. Жоохон эвгүй үнэртэх байх. Гэхдээ тэснэ биз, залуу минь. Тэгсгээд онгойно. Гам алдахгүй бол наад хоолой чинь дахин өвдөхгүй. Та хэд их л яаруу довтолгож яваа юм байна даа. Яарсан хүн юм анзаардаггүй. Манай нутаг ч сайхан шүү дээ. Ялангуяа зун, намар бол яасан сайхан тансаг гэж бодно. Дахин ирээрэй, залуучуудаа” гэснээр бид саллаа. Би машины урд суудалд Авираагийн үстэй дээлийг нөмрөөд тухлав. Дотроос халуу оргиод л, боолтны цаана чимчигнээд л. Хэсэг явснаа тамхи татмаар болж Авираагаас шүдэнз асуухад “Овоо амь орж байна уу, хөгшөөн” гээд инээж байна.

Мань хүн хойд суудал дээр налайчихсан дуу аялж явснаа, “Хашаан дотор хонь нь бэлэн, хашаанаас гарангуут чоно нь бэлэн. Нээрээ л сайхан нутаг юм. Энэ дарга чонын гүйдэлтэй газраа мэддэг байх нь. Тэрнээс захиалчихсан биш, санасныхаа зоргоор чоно агнана гэж юу байхав. Би зориуд янзыг нь үзсэн юм. “Чоно агнана биз дээ” гэж. Тэгтэл агнадаг байх нь. Бал даргынх нь тухай яриа өдсөн чинь өөдөөс хэг ёг гээд ерөөс бүтсэнгүй. Уг нь гурвуулаа дундаа ганц юм тавьчихаад ярьсан бол ч… Гэтэл чиний байж байгаа царайг. Муу сайн хотын ямбатнууд ийм шүү дээ. Хамрын ханиадны пян даахгүй…” гэж үг өдөж байна.

Томилолтоор олдсон сайхан сайхан боломжоо баллаж яваа хүний хувьд үгийг нь сөрөх эрх надад байсангүй. Гэхдээ Цэдэнбал даргын тухай яриа өрнүүлэх Авираагийн санаа бүтэхгүй л байсан болов уу гэж бодогдоно. Тэр жилийн наймдугаар сард МАХН-ын Бүгд хурал хуралдаж, өвгөн даргыг бүх албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрнээс хойш Цэдэнбал даргын тухай сэдэв хориотой биш гэхэд хаалттай болсон байв. Хотоос ирсэн танихгүй хоёр сэтгүүлчтэй даргынхаа тухай илэн далангүй яриа дэлгээд суудаг дүүрчихсэн толгой байв гэж. Тэгээд ч сайхан ярилаа гэхэд тэр яриагаа дотроо л шингээхээс биш гадагш гаргах, хэвлэн нийтлэх боломжгүй тийм л цаг байлаа.

Замын нугачаанд зайлагдан нойрмоглох зуур хүзүү ороосон боолтны цаана атга шоргоолж оруулчихсан мэт эрвэгнэж загатнаад л, халуун оргиод л байлаа. Өмхийрч буй махны жихүүн үнэр үе үе ханхийнэ. Тэгэхдээ битүү боолтны цаана нэг л зөв зүйтэй урвал өрнөөд байх шиг санагдана. Санаа дагаад бие ч хөнгөрөх шиг. Тэр өдөртөө халуурсангүй. Хоолой хөндүүрлэх нь ч гайгүй болсон байлаа. Маргааш өглөө нь Тэсийн буудалд боолтоо тайлтал дэлгэж зүссэн чонын ягаан хэл памбайн хөөж, хар ногоон өнгөтэй, нялцайсан өмхий жийрэг болсон байв. Хүзүү сээрээ сайтар савандан угаалаа. Авираа маань ч гадна дотноос нь спиртээр сайн ариутгаад өгөв. Түүнээс хойш миний хоолой өвдөж байсангүй.

ТЭСИЙН ГОЛЫН УНАГА

Давстаас Тэс орох энхэл донхол замаар Увс нуурын хаяа захлан явж байлаа. Авираа хойд суудал дээр хагас хэвтээ тухлан Цэдэнбал даргын тухай дуусдаггүй яриагаа өрнүүлсээр л. Замд гарсан цагаасаа л мань хүний яриа нь явсаар өвгөн даргын тухай болоод хувирчихдаг байв. Яагаад ч юм тэр л сэдэв сонирхолыг нь гойд татаад байгаа бололтой.

-Хар даа. Энэ хойно байгаа хадтай том уул оросын нутагт байгаа. Уг нь манай нутагт байсан гэсэн. Давст сумын баруун хойд хэсгийг Оросууд 1950-аад оны сүүлчээр нэхсээр байгаад авчихсан юм билээ. Тэр үед Гадаад яамны сайд байсан Аварзэд өгөхгүй гэж үзээд дийлээгүй, харин ч буруудаад ажлаасаа “хусуулж” жолооч болсон гэдэг. Хаа байсан Говь-Алтайн хүн гэсэн. Гэтэл энэ нутгийн уугуул Цэдэнбал дарга төрсөн нутгийнхаа нэг хэсгийг таслаад өгч байдаг. Бал даргын хийсэн буян уул овоо шиг байлаа ч, хийсэн энэ нүгэл нь мартагдахгүй байх шүү гэж байна. Тэгснээ жолооч залууд хандан,

-Тийм биз, Нарангэрэл ээ, танайхан энэ талаар юу гэдэг вэ гэж асуув.

-Би мэдэхгүй, би Бөхмөрөн сумынх шүү дээ, Авираа ах аа…

-Худлаа бултаад л… Бөхмөрөн ч бай, Давст ч бай Увсын нутаг, Монголын нутаг. Танайхан өөр хоорондоо энэ тухай ярьдаг л байж таарна. Ярихгүй байна гэж байхгүй. Оросууд яагаад заавал Давстаас газар нутаг тасдаж авсан юм болоо, сонин шүү. Тийм чухал хэрэгтэй газар байв уу, эсвэл зориуд том даргынх нь нутгаас тасдан авч сүр хүчээ харуулсан юм болов уу, Баяраа? гэж надаас асууна. Би ч бас түүнийх нь учрыг мэдэхгүй.

Гэнэт морьтой хүн зам тосон уулын энгэр уруудаж байгаа нь харагдав. Зогслоо. Хилийн цэргийн ахлагч уур манан савсуулсаар давхиад ирлээ. Мэнд мэдээд,

-Хил зөрчсөн нэг нөхрийг Тэс хүргэх гэсэн юм. Оросын хилийн харуул манай пост дээр аваад ирсэн. Тэс сумын залуу юм байна лээ. Хилийн цаанаас адуу тууж яваад оросуудад баригдсан юм байх. Тэндхийн шоронд хорьж байгаад буцааж байгаа нь энэ. Танай машинаар сум оруулахгүй бол горьгүй нь. Хилийн пост дээр байлгаад байх арга алга. Сум ороод цагдаад тушаачихна биз. Цагдаагийнхан бол тэр нөхрийг андахгүй гэж байна. Тэгтэл Авираа,

-Үгүй байз, хөө. Хил давуулж адуу туудаг тийм айхтар нөхрийг чинь бид авч явж барах юм уу гэлээ.

-Өө, сүрдээд байхаар сүйдтэй амьтан биш. Бие томтой ч хүүхдээрээ шахуу. Арван дөрөвтэй л гэсэн. Би аваад ирье. Цас ихтэй тул машин хүрэхгүй, та хэд жоохон хүлээж байна уу гэж ахлах түрүүч хэлж байна.

За гэхээс өөр яах билээ. Хүлээх болов. Тэгтэл Авираа, “За хөө, дүү хүү. Ганцхан барилдаж орхие. Унасан нь гишүү, мөчир олж ирээд гал түлнэ шүү. Энэ муу хотын ямбатнаа хооллоё. Нүднээс гарчих нь байна” гэлээ. Тэр хоёр цасан дээр өрж, жолооч залуу яах ийхийн зуургүй Авираагийн хөлд нь ухасхийж дээш нь харуулж орхив. Авираа инээд алдаад түлээнд гүйгээд явчихлаа. Гал түлж, цай чанав. Халуун хар цайндаа сумын гуанзнаас авч гарсан цуйвангаа халаагаад идлээ. Халуурсандаа гурван өдөр өөдтэй хоол идээгүй би маш их өлссөнөө тэгэхэд л мэдэв. Хонины сүүлээр хачирлаж амталсан цуйван мөн ч сайхан байлаа. Хоолоо идчихээд тамхилж байтал нөгөө ахлагч үстэй дээлтэй, үнэгэн лоовуузтай нэг хүн сундалчихсан буцаад ирлээ. Түүнийг нь машиндаа Авираагийн хажууд суулгаад бид хөдлөв. Улаа бутарсан царай нь хүүхдээрээ ч, бие хаа нь нас бие гүйцсэн том эр хүн шиг харагдав.

Тэр хөвүүн танихгүй хүмүүсээс бэргэсэн бололтой эхэндээ таг дуугүй суугаад байв. Нэр ус, ажил төрлийг нь мэдэж авах гэж Авираа түүнийг нэлээд шалгаав. Нөгөөх нь шуухитнаад л, амандаа нэг юм бувтнаад л байхаас цаашгүй. Тэгтэл Авираа харьцах тактикаа өөрчлөхөөр шийдэв бололтой үе тэнгийнхээ хүнтэй харьцаж буй мэт түүнийг тамхилж байна. Цаадах нь асаасан тамхиа шуналтай хэд сорсноо “Ёоок… кэлс гарчлаа л…” гээд санаа алдав.

-Тамхи татаагүй удсан юм аа даа, хөгшөөн хэмээн Авираа ярианыхаа суурийг эвтэйхэн дэвсэж байна.

-Арван кэд коноов. Тамкгүү л кэцүү… хэмээн хөвүүн өгүүлэв.

-Тийм байдаг байх шүү гэж Авираа тэр зовлонг нь бүрэн ойлгож, хуваалцаж буй байдалтай бодлогошронгуй дуугараад санаа алдаж байна. Мань хүн ч мэргэжлийн сэтгүүлчийн чадвараа гарган нөгөө залуугийн (залуу ч гэж дээ, нээрээ л шал хүүхдээрээ амьтан байлаа) амных нь түгжээг аажим аажмаар мулталж байна.

-Чи ямар тамхи татдаг юм бэ гэж асуув.

-Муу каанс сордок. Коер орос барик гэклээр каансаа кадан дор кийлээ л. Дараа л авкаас гэж байна.

-Дараа гэж… чи дахиад хил давах юм уу?

-Давна л… Адуугаа олж ирнэ.

-Адууг чинь оросууд авчихсан юм уу, хэзээ?

-Үктяаврын баяраар манай таван адуук шөнө туучиклаа л. Тэктэл тэнд байна гэкээр нь очсон. Мээн л байна… Эркээд гарак кээтэл орос каруултай туллээ л. Тэгээд намайг шоронд хийкээл.

-Алдсан адуугаа авсны төлөө тэгээд чамайг шоронд хийж байгаа юм уу?

-Манай нэк адуу дутсан. Тэкээр нь тэдний гурван морь камт туук гээд барикдлаа л…

-Өө за за. Чи чинь жинхэнэ Тэсийн голын унага байх нь гээд Авираа тас тас хөхөрч байна. Тэгснээ богцноосоо хиам, талх, боорцог гаргаж хөвүүнийг дайлав. Цаадах нь тэгсгээд нүүр хагарч яриа, хөөрөө орж байна. Авираа асууж, цаадах нь хариулна. Нас нээрээ л арван дөрөв аж. Сургуулиа орхисон. Аав нь салаад явчихсан. Ээж, эмээ, хэдэн дүү нартайгаа суудаг. Хамаатны нэг ахаа даган хэд хэдэн удаа хил давж адуу тууж байсан. Сүүлдээ ганцаараа явдаг болсон. Ах нь наанаас нь зааварчлаад мань хүн нааш цааш гардаг гэнэ. Насанд хүрээгүй учраас оросууд тэгсгээд явуулчихдаг юм байх.

Яваандаа яриа хөөрөө задгайрч байна. Хэнтэй үерхдэг, найз охин бий юү гэсэн сэдэв рүү ороод явчихлаа. Найз охин бий гэж байна. Нэр нь Гангаа. Үргээчихгүй гэсэндээ Авираа их л холоос гэтэж зөөлөн зөөлөн дуугарч байна. “Ах нь чам шиг байхдаа нэг найз охинтой байлаа. Болгоомжтой байхгүй бол жирэмсэн болчих гээд байдаг юм. Чи мэдэх үү” гэж асууж байна. Цаадах нь “Мэднэ л…” гэж хариулж байх юм.

Би инээдээ барьж ядан, эргэж ч харахгүй, зүүрмэглэж байгаа хүний дүр эсгэнэ. Жолооч залууд ч сэм ирмэж ойлгуулсан тул мань хүн урд замаа ширтээстэй мушилзаж байгаа нь харагдана.

“Чи тэгээд болгоомжтой байдаг биз дээ гэж Авираа асууж байна. Цаадах нь дахиад л шуухитнаад, бувтнаад эхлэв. Тэгснээ гэнэт, “Гангаагаа би камнышдээ…” гэж байна. Авираа хэсэг дуугүй явснаа “Зөв хөө. Найз охиноо гамнах нь зөв. Гэхдээ эр хүн байна даа чи… Ерөөс чи үзсэн үү? Өдий том эр хүн болчихоод үзээгүй яваа юм биш биз дээ” гээд тулган асууж байна. Цаад нөхөр тун хэцүү байдалд орж байх шиг. Гэхдээ эр хүн мөн гэдгээ нотлох гэсэн хүсэл нь давамгайлав бололтой “Үзсээн л…” гэж дуулдахгүй шахам шивнэв. “Ямааны мах халуун дээрээ” гэдэг шиг Авираа ийн дуугарсан дээр нь асуултаа ар араас нь угсруулан тавьж байна. “Гангаатай юу? Үгүй. Гангаатай биш… Оюунаатай… Оюунаа гэж хэн юм? Манай анкид байлээшд… Одоо чи Оюунаатай уулздаг уу? Уулзышд… Гангаа чинь тэр Оюунаагийн тухай мэдэх үү? Мэдкүү л…”

Үүнийг нь сонсоод Авираа хөвүүний мөрөн дээр нь тасхийтэл алгадан,

-Ай чи мөн алдаг амьтан юм аа! Тэсийн голын унага гэхээргүй том гарын дараап байна даа ха ха ха гээд сандал дээрээ элгээ тэврээд сунаад өгөв. Жолооч бид хоёр ч тэссэнгүй инээд алдлаа. Нөгөө хөөрхөн хөвүүн маань харин инээх, уурлахаа мэдэхгүй бүлтэлзэж байлаа.

1984 оны энэ томилолтоос хойш бараг хорин жилийн дараа Авираа нэг өдөр,

-Хөдөө нэг сайхан явахсан. Тэс сумын сэргэлэн бандийг санаж байна уу? Би сургийг нь гаргах гээд чадсангүй. Одоо Тэсийн голын тэр унага аль хэдийнэ бүдүүн азрага болчихсон аль нэг газар жороолж яваа байх даа. Тэр одоо нэг том компанийн эзэн болчихсон суугаа, эсвэл олон хавар нэгэндээ гэгчээр Оросын юм уу, Монголын шоронд овгор нь болчихсон байх даа гэж билээ.

Үргэлжлэл http://mongolnews.mn/1tad

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.231.176.233 Сайхан л бичиж. Хүзүү хоолой хоёроо л ялгахгүй юм даа. Зэнээ агсны хэлдэгээр ”Паартай байшингийн цонхон дээр өндөгний хальсаар бордуулж ургасан цэцэг” ч мөн юм аа
183.81.171.135 Нүдэнд харагдмаар сайхан бичжээ.
59.153.87.36 goe bichjee nudend haragdaj bn barag
59.153.87.36 goe bichjee nudend haragdaj bn barag
202.70.40.122 saihan bichjee tuhain ueiin bichver niitleluudiig ni unshih yumsan
103.57.94.133 МАш сайхан бичжээ. Баяр хүргэе. Хөөрхий Авираа харагдаж байна даа. Ингээд ном бичиж суух нь Энхбаяр шиг төр түмнээр наадаж байснаас хавьгүй дээр. Тэгээд ч уншууртай сайхан бичих юм байна.
103.57.94.63 ЗӨВ ШҮҮ
202.126.91.90 яаая, бас л сайхан уншууртай, нарийн бичвэртэй хүн байх шүү.

С.Баяр

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд (2007.11.22 – 2009.10.29), улс төрч, дипломатч Санжийн Баяр. Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр 1978 онд төгсөж, Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.