Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч бусад нь өөрчлөгдөхгүй

2016 оны 04 сарын 22

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо уржигдар хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлжээ. Энэ талаар Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ-ны төлөөллүүд өчигдөр мэдээлэл өгсөн юм. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэхээр хуульчилсан байдаг.

Харин манайд хамгийн сүүлд буюу 2013 оны дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 1142 төгрөг 86 мөнгө, сард 192 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Тиймээс үндэсний хороо дөрөвдүгээр сарын 20-ны хурлаараа энэ асуудлыг хэлэлцээд цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Ирэх оны нэгдүгээр сараас мөрдөнө” гэж ярив.

Тэгвэл иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүд цалингаа нэмэх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ талаар МҮЭХ-ныхноос лавлахад “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил хийж буй хүмүүст олгодог.

Тиймээс бусад мэргэжлийн хүмүүсийн цалин хөлсийг нэмж буй мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Манай хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын зөвхөн дөрвөн хувь нь ийм хэмжээний цалин авдаг. Энэ нь тэдний амьжиргааг дэмжиж буй арга хэмжээ юм” гэлээ.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА