СҮРЬЕЭГИЙН нян тээж байх вий, АНХААР

2016 оны 04 сарын 19

20-24 цаг тутам хөндлөн хуваагдаж, үрждэг таслал хэлбэртэй савханцар бол сүрьеэгийн нян. “L” буюу унтаж эхлэхээрээ тэд эмэнд тэсвэртэй болж, өвчнийг улам хүндрүүлдэг аж.

“Сүрьеэ нийгмийн халдварт өвчин учир устаж, үгүй болох нь юу л бол. Харин ч ядуурал, ажилгүйдэл, архидан согтуурах явдал гаарах тусам өвчний тархалт нэмэгдэнэ. Тэр дундаа ядуурал хамгийн эрсдэлт хүчин зүйл нь. Хоол тэжээлийн дутагдалтай, дархлаа суларснаас иргэд амархан өвчилж байна. Тодруулбал, улсын хэмжээнд сүрьеэтэй хүмүүсийн 50 хувь нь ажилгүй, дөрвөн хүн тутмын гурав нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой” гэж ХӨСҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны их эмч Д.Доржмаа хэлэв.

СҮРЬЕЭТЭЙ ХҮҮХДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

Манайд халдварт өвчнөөр нас барж буй нийт хүмүүсийн 70 гаруй хувийг сүрьеэтэй өвчтөн эзэлдэг аж. Энэ нь уг өвчин нас баралт, тархалт өндөртэй болохыг илтгэх биз ээ. Сүүлийн жилүүдэд манайхан ийм өвчтэй хүмүүсээ эмчилж хүчрэхээ больсон тухай ярих болов. 2015 онд л гэхэд 4270 хүн халдвар авсны дотор уушгиных 2361, бусад эрхтний сүрьеэтэй 1909 (өмнөх оныхоосоо 204-өөр нэмэгдсэн) хүн бүртгэгдсэн байна.

Тэдний 59.3 хувь нь нийслэлд оношлогджээ. Нийт өвчлөгсдийн 67 хувийг 15-44, ид хөдөлмөрлөх насныхан эзэлж байгаад эмч нар сэтгэл гундуухан сууна. Сүрьеэтэй хүний талаас илүү хувь нь эрчүүд гэж ХӨСҮТ-ийнхөн хэлнэ лээ. Дээрээс нь 0-14 насны багачууд сүрьеэ тусах нь элбэг болжээ. 2015 онд л гэхэд ийм насны 421 хүүхэд сүрьеэтэй хэмээн бүртгэгдэж, 2011 оноос хойших өсөлтийн мурий тэнгэр өөд тэмүүлж буйг тус төвийн судалгаанаас харж болно.

ХАЛДВАРТАЙ ХҮН ХАНИАХАД 3500, НАЙТААХАД НЭГ САЯ НЯН

АГААРТ ЦАЦАГДДАГ

“Сүрьеэ эдгэрдэг өвчин” гэж улиг болтол ярьцгаалаа. Эдгэрч буйг үгүйсгэхгүй ч иргэдийн идэвх санаачилга муу, эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэхгүй байгаагаас эмэнд тэсвэртэй, олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүний тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдсэн байна. Ингэснээрээ тэд улс орны эдийн засагт хэрхэн дарамт учруулдгаа мэддэг ч болоосой. Учир нь олон эмэнд тэсвэртэй нэг өвчтөнийг эмчилж, эдгээх зардлаар энгийн сүрьеэтэй 245 хүнийг анагаах боломжтой.

Энгийн сүрьеэ 6-8, эмэнд тэсвэртэй нь 18-24 сарын эмчилгээ шаарддаг юм билээ. Гэтэл манайхны хэнэггүй, хариуцлагагүйгээс болж өвчин эмэнд дасаж, эдгэхээ больчихжээ. Өөрсдөө өвчнөө эмчлүүлэхгүй хэрнээ бусдад халдаагаад явдаг нь бүр ч аймшигтай. Одоогоос 10 орчим жилийн өмнө сүрьеэг хүн бүр “Пүү, паа. Заваан юм” гэж айж эмээдэг байсан бол одоо нохой хуцсан чинээ тоохоо больж дээ.

Манайд уушгины сүрьеэг цэрний түрхэцийн шинжилгээгээр голчлон шинжилдэг юм байна. Нэг мл цэрэнд 5000-10.000 нян байхад хэвийн (үүнээс олон бол өөрчлөлттэй) гэж үздэг. Тэгвэл халдвартай хүн нэг удаа л ханиахад 3500, найтаахад нэг сая орчим нян цацаж, уурших хүртлээ агаарт хөвж байдаг аж. Агаар дуслын замаар халддаг уг нянг та одоо ч тээж байхыг үгүйсгэхгүй. Учир нь хүний дархлалын систем сайн байгаа үед сүрьеэгийн халдвар авсан ч нян нь идэвхждэггүй гэнэ.

Харин дархлаа суларч эхэлмэгц нөгөөх савханцар чинь үржиж, хуваагдан, хүнийг өвчлүүлдэг байна. Мөн ХДХВ-ийн халдвар, чихрийн шижин, дархлаа дарангуйлах эмчилгээ удаан хугацаагаар хийлгэх, бөөрний архаг дутагдал, цусны зарим эмгэг, хавдар, хэт туранхай байх, уушиг тоосжих өвчин, ходоод тайруулах, өлөн, цутгалан гэдэсний залгаас хийлгэсэн үед сүрьеэгийн халдвар авах эрсдэл хэд дахин нэмэгддэг аж.

СҮРЬЕЭГЭЭС СЭЖИГЛЭХ “ДОЛООН ОНООНЫ ЗАРЧИМ”

Сүрьеэгээс сэжиглэх “Долоон онооны зарчим” гэж бий. Цустай цэр гарах (хоёр оноо), цээжээр өвдөх (нэг), хоолонд дургүй болох (нэг), биеийн жин буурах (нэг), 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах (хоёр) шинж тэмдэг илэрч, та тав ба түүнээс дээш оноотой бол ойролцоох эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг эмч нар зөвлөлөө.

Тухайн хүнд илрэх шинж тэмдгээс хамаараад сүрьеэг шууд ба шууд бус аргаар оношилж, эмчилдэг гэнэ. Шуудад нь түрхэцийн (өргөн хэрэглэдэг), өсгөвөрлөх, эд эсийн болон молекул биологийн шинжилгээ ордог бол шууд бус оношилгооны аргад цээжийг рентгенд харах, туберкулины сорил, иммунологийн арга ашигладаг аж.

ЭМЭЭ УУХГҮЙ ХАЯВАЛ ЭМЧЛЭХЭЭ БОЛЬЧИХ

Сүрьеэ дотроо олон янз. Уушгины нэг юм уу хоёр сигментийг хамарч байрласан, ганц, эсвэл олон тооны, 12 мм хүртэлх хэмжээтэй голомт үүсвэл голомтот сүрьеэ, анхдагч голомтоос сүрьеэгийн савханцар цусаар тархан, уушгины хэд хэдэн сигмент болон дэлбэнг хамарсан ээдмэнцэр маягийн үхжил үүсгэхийг нэвчдэст сүрьеэ гэнэ. Нян цус, гуурсан хоолойгоор их хэмжээтэй тархаж, уушги, бусад эд эрхтэнд шар будаа шиг хэмжээтэй төвгөнцөр үүсгэхийг тархмал сүрьеэ, бүх хэлбэрийн сүрьеэ даамжирч, задарсны улмаас уушгинд хөндийт сүрьеэ үүсдэг аж.

Бүрэн эмчлэхэд харьцангуй удаан хугацаа шаарддаг учир нь энэ. Уг нь эмч нар өвчтөнд эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэхээс сэргийлж, 3-4 эмийг хослуулан хэрэглэдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй л байна. Халдвар авахгүй байх боломж байхад шүү дээ.

Сүрьеэгийн нян тархах эгзэг гэр бүлийн орчинд 100, найзуудын хүрээнд 10, холын хавьталд нэг хувь байдаг нь судалгаагаар нотлогдсон. Манайд жил бүр 3500-4700 орчим хүн шинээр халдвар авч, өмнөх жилүүдэд оношлогдоод эмчлүүлээгүй, эдгэрээгүй хүний эмчилгээний зардлыг нийтэд нь тооцвол тоймгүй тоо гарна гэж Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийнхэн хэлэв. Энэ өвчний эмчилгээ өндөр өртөгтэй хэрнээ үнэгүй байдагт асуудлын гол нь оршдог ч байж мэднэ. Хэрвээ тэд халааснаасаа хэдэн төгрөг гаргаад эмчилгээ хийлгэдэг бол эмээ таслахгүй ууж, одоогийнхоос илүү хариуцлагатай хандах байсан биз.

Гэтэл өвчтэй хүмүүсийн олонх нь ядуу гээд 2003 оноос л бид гадаадын зээл, тусламж царайчилж эм, тариаг нь дааж ирлээ. “Глобал” сангийн ДОХ/сүрьеэгийн төсөл энэ онд хэрэгжээд дуусах учир цаашид өвчтэй хүмүүсээ хэрхэх нь тодорхойгүй. Ийм байхад иргэдийн хариуцлагыг тоохгүй өнгөрч болно гэж үү. Эмээ уухгүй хаявал дахиж өгөхгүй, эмчлэхгүй гэж хэлье. Гадаадынхан гээд төслийн мөнгийг нь үрэн таран хийж болохгүй биз дээ. Эмчилгээ хийлгэе гэсэн чин хүсэлтэйд нь үлдсэн мөнгөө зарцуулбал яасан юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА