УЛСТӨРЧДИЙГ УЛААН БУРХАН СЭРЭЭВ

2016 оны 04 сарын 18

Фэйсбүүк дэх ээжүүдийн группт хэдхэн хоногийн өмнө нэгэн эмэгтэй ийм пост бичив. “Саяхан гурван сартай хүүгээ улаан бурхнаар алдчихсан. 102 ширхэгтэй памперс шинээрээ байгаа. Хэрэгтэй хүнд нь бэлэглэх гэсэн юм” гэхэд маш олон ээж хөөрхий бүсгүйг сэтгэлээр дэмжин, улаан бурхны дэгдэлт гамшгийн хэмжээнд хүрчихсэнийг өөрсдөд нь тохиолдсон явдлаар жишээлж бичсэн байв. Эцэг эхчүүд “ХӨСҮТ-д өдөр бүр нэгээс хоёр хүүхэд эндэж байна, анхаараач ээ” гэсээр байхад холбогдох албаны хүмүүс хэвлэлийнхнээс энэ тухай нууж, ташаа мэдээлэл тараан, өвчин туссан хүн бараг байхгүй мэтээр ярьж байсныхаа хариуцлагыг одоо үүрэх цаг болжээ.

Ямар зорилгоор бодит мэдээллээ нуусан, юу ч хийхгүй өдий хүрснийг гайхаад үл барна. Ямар сайндаа л аав ээжүүд “Улстөрчид улаан бурхан туссан хүүхдүүдэд тусалж, сонгуулийн пиараа хийгээсэй” гэх вэ дээ. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн сошиалаар улаан бурхны талаарх мэдээлэл түгж, Засгийн газар, ЭМСЯ-ныхан энэ өвчин гэнэт дэгдчихсэн юм шиг л “аашилсан”. Дуучин Нара буюу М.Нарантуяа ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас улаан бурхан өвчний талаарх бодит мэдээллийг олонд хүргэх хүсэлт тавьж, Асашёорюү Д.Дагвадорж эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг ХӨСҮТ-д хандивлахаа цахим хуудсаараа мэдэгдэн, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан улаан бурхныг хэрхэн эмчилдэг тухай зөвлөгөө өгсөн гээд олон үйл явдал өрнөлөө.

Ямартай ч уг өвчний үнэн “нүүр царай” олонд ил болж, шийдвэр гаргагчдын дүлийрсэн чихийг онгойлгов бололтой. ЭМСЯ, ХӨСҮТ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан мэдэгдлээр бол он гарснаас хойш 61 хүн улаан бурхнаар хорвоог орхисны 59 нь 0-5 насны багачууд гэнэ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Олон нийтийн сүлжээгээр 918 хүүхэд нас барсан гэж ташаа мэдээлэл цацагдсан. Энэ оны эхний гурван сарын байдлаар тав хүртэлх насандаа 491 хүүхэд эндсэний дотор 0-1 насных 427 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 120-иор нэмэгдсэн байна. Гэхдээ эдгээр нь бүгд улаан бурхнаар өөд болоогүй. Улсын хэмжээнд он гарсаар 16.270 хүнд улаан бурхан туссан байж болзошгүй шинж тэмдэг илэрсний 3400 орчмынх нь онош батлагдаж, 39.734 хүүхэд өвчилснөөс 99.7 хувь нь эдгэрсэн.

ХӨСҮТ-д уг өвчнөөр 13.515 хүн хэвтэн эмчлүүлсэн” гэж ярив. Тэгвэл тус төвийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “Он гарсаар манай тасагт 1431 хүүхэд эмчлэгдээд эдгэрсэн. ДЭМБ-ын тооцоогоор улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед өвчлөгсдийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа бий. Манай улсад эндэгдлийн хувь одоогоор 0.3 байгаа. Гэхдээ өвчин үүсгэгч нь өвөрмөц учир хүүхдүүд богино хугацаанд уушгины эмгэгээр хүндэрч байна” гэлээ. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай, вакцин тариулах нас нь болоогүй байсан.

70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй (тураал, цус багадалт, витамин Д-гийн дутагдал, чихрийн хордлого, уруул, тагнай сэтэрхий, ивэрхий, унаж татдаг, төрөлхийн гажиг, цусны хорт хавдар) байсныг эмч нар хэлж байгаа. Тиймээс олонх нь уушгины хатгалгаа, ларингит болж хүндэрсэн” гэж ярьсан юм. Түүний энэ мэдэгдэлд олон эцэг эх эгдүүцэж, “Улаан бурхан гараагүй байсан бол хүүхдүүд эндэхгүй байсан. Юу яриад байгаа юм бэ, энэ хүн. Балиар юмнууд, “арьсаа” ингэж хамгаална л даа. Огцор, яв” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна.

“Өнгөрсөн жил зургаан сартайгаас дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж байсны хүчинд өвчин тэгтлээ газар аваагүй. Өнөө жил тэгэх шаардлагагүй гэж үзсэнээс нялхас олноороо эндлээ” гэж ХӨСҮТ-ийн эмч нар хэлсэн. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт улаан бурхан “тусган” байж хэд хэдэн тогтоол шийдвэр гаргуулж чадлаа. Дараа сард зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаан бурхан, улаануудын вакцинд хамруулна.

II шатны нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 948 сая төгрөгийг шийдүүлж, 627.500 хүн/тун вакцин аваад байна. Эмч, эмнэлгийн ажилтны илүү цагийн хөлс болох 114 сая төгрөгийг Засгийн газраас гаргасан. ХӨСҮТ-д шаардлагатай 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа. Үндэсний хэмжээнд 568.500 хүн/тун А аминдэм болон олон найрлагат бичил тэжээл тарааж, өвчний голомтод амьдарч буй 50 мянга гаруй хүнийг дархлаажуулан, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг сургалаа. 

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА