ЭМЧ НАР ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ

2015 оны 08 сарын 18

-Хүүхдийн хавдрыг ирэх оноос ЭХЭМҮТ дангаараа оношилж, эмчилдэг болно-

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөл буюу сэтгэл, зүтгэл байвал болдог бүтдэгийн сонгодог жишээ болсон Цусны эмгэг, хавдрын эмнэлгийг Ажиа гэгээн шавь нартайгаа, гадаад, дотоодын халуун сэтгэлт хүмүүсийн өглөг хандиваар өнгөрсөн жилийн яг өдийд барьж, хүлээлгэн өгч байлаа.

Анх энэ эмнэлгийг барихдаа цусны төрөл бүрийн эмгэг, хавдартай хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээр зорьсон ч ЭХЭМҮТ-ийнхөн Ажиа гэгээнд хүсэлт тавьснаар гурван давхар барилга нь зургаа болж, хүүхдийн цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх болсон.

Ажиа гэгээн өдгөө Монголд ирээд байгаа юм. Түүний үүсгэн байгуулсан эмнэлэг нэг жилийнхээ ойн дээр хэрхэн ажиллаж байгаа талаар бид өнгөрсөн баасан гаригт сурвалжилсан юм.


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөл анхнаасаа үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн тав тухтай, өвчтөний эрүүл, аюулгүй байдлыг хангахаар барьсан. Хэвтэн эмчлүүлэх нийт 75 ортой. Эмнэлэг бүхэлдээ дохиолол, камер, гэрэлтүүлэгтэй.

Агааржуулалт, хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй. Тасалгаа бүр нь телевиз, хөргөгч, ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Өвчиндөө шаналсан бяцхан иргэдийг аль болох ая тухтай байлгахыг хичээсэн нь эндээс харагдана.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан тус эмнэлгийн нэгдүгээр давхарт Хүүхдийн зүрхний ангиографийн лаборатори байрлаж буй. Азид долоохон ширхэг бий гэх “Siemens” брэндийн хоёр туйлт ангиографиар өдгөө зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг оношилж, эмчилж байна.

Тус эмнэлгийн хяналтад ийм эмгэгтэй 1400 гаруй хүүхэд бий. Өнгөрсөн хугацаанд ангиографийн тусламжтайгаар 50 хүүхдийг оношилж, 50 хүүхдийг эмчилж, эдгээсэн гэж тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэв.


Тэд анх эмнэлэг ашиглалтад орох үеэр жилд дээрх тооны хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж хэлж байсан нь ийн биеллээ олжээ.

“Өмнө нь бид хамтын ажиллагааныхаа хүрээнд БНСУ, АНУ, Япон зэрэг улс руу зүрхний эмгэгтэй хүүхдүүдээ илгээж, хагалгаа хийлгэдэг байсан. Сүүлдээ тэд “Танай хүүхдүүдэд олон жил мэс засал хийлээ. Цаашид ийм эмчилгээг үнэгүй хийхэд бэрхшээлтэй. Өөрсдөө эх орондоо ийм хагалгаа хийдэг бол” гэх болсон.

Тиймээс Засгийн газар, ЭМЯ (хуучнаар)-нд санал тавьж, хөөцөлдсөний эцэст ангиографийн лабораторитой болсон. Энэ аппаратаар зүрхний гажгуудын 24-30 хувийг оношилж, эмчлэх боломжтой.

Нэг өвчтөний эмчилгээний зардал багаар бодоход 100 сая төгрөг гэж тооцвол бид эх орондоо 50 хүүхэд эмчилж, таван тэрбум төгрөг гадагш урсгалгүй тогтоон барьж чадсан. Энэ бол маш том дэвшил” гэж Ш.Энхтөр захирал ярив. Мэдээж эдгээр эмчилгээ, үйлчилгээ бүгд төлбөргүй.

Хагалгааг нээлттэй бус, судсан дотуур хийснээрээ давуу юм. Цаашид тус төвийнхөн ангиографийн аппаратыг элэг, бөөр гэхчлэн бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг оношлоход ашиглахаар төлөвлөж буйгаа дуулгав.

Мөн эднийд Монгол Улс, Австрийн Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр хамгийн сүүлийн үеийн компьютер томографийн аппарат нийлүүлэхээр болжээ. 128 зүслэг хийх хүчин чадалтай уг СТ-г өдгөө Германы “Philips”-ээс тээвэрлэн Монголд авчирч буй юм байна.

Тиймээс тэд суурилуулах өрөө тасалгаагаа бэлэн болгожээ. ЭХЭМҮТ 1930 онд байгуулагдсан цагаасаа хойш СТ ер ашиглаж байгаагүй гэнэ. Энэ аппаратыг Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн нэгдүгээр давхарт ирэх сард суурилуулж дуусаад аравдугаар сар гэхэд үйлчлүүлэгчдээ хүлээж авах аж.


Ангиографи, СТ-д оношлуулж, эмчлүүлэх явцад өвчтөнүүдийн бие дордож, хүндэрвэл яаралтай тусламж үзүүлэх, биеийн байдлыг нь тогтворжуулах өрөөнүүд байгуулжээ. Хоёрдугаар давхартаа нярайн мэс заслын, хавдрын, зарим өндөр технологи шаардсан хагалгааны өрөөнүүдтэй бол гуравдугаар давхарт нь нярайн тусламж, үйлчилгээний цогц тасаг ажиллаж байв.

25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 12 ортой эрчимт эмчилгээний тасгаас гадна мэс заслын бус өвчтэй, тодруулбал, дотрын эмгэгтэй, халдварт өвчтэй хүүхдүүдийг тусад нь эмчлэх блок гаргажээ.

Өмнө нь мэс засал хийлгэсэн хүүхдүүдийг уушгины хатгалгаатай ч юм уу, бусад халдварт өвчтэй багачуудтай нэг өрөөнд хэвтүүлэн эмчилдэг байснаас хагалгаа хийлгэсэнд нь халдвар дамжих гээд олон эрсдэл үүсдэг байсан нь үгүй болжээ.

Дээрээс нь зарим хүүхдийг ээжтэй нь хамт хэвтүүлэх өрөөнүүд Нярайн тасагт байна. Мөн ээж нарт зориулсан тасалгаа ч гаргажээ. “Орон нутгаас хүнд өвчтэй хүүхдүүд ирэхэд ээжийг нь байрлуулах өрөө байдаггүй байсан.

Харин одоо эхчүүд шүршүүртэй, ариун цэврийн, амрах, хоол унд хийх гээд иж бүрэн тохижуулсан өрөөнд амар жимэр, хүссэн үедээ хүүхдээ харж, хөхүүлж байна” гэж тус тасгийнхан хэллээ. Түүнээс гадна ээжүүдэд хөхөө саах өрөө хүртэл гаргаж өгсөн байсан.

Энд ээжүүд хөхнийхөө сүүг зориулалтын хөргөгчинд хадгалдаг юм байна. IV, V, VI давхарт Цусны эмгэг, хорт хавдар судлалын тасаг байрлана. Өмнө нь жилд дунджаар ийм өвчтэй 800-1100 хүүхэд ЭХЭМҮТ- өөр үйлчлүүлдэг байсан ч тэдэнд нэг бүрчлэн тусламж, үйлчилгээ үзүүлж дөнгөдөггүй байв.


Харин өдгөө 2-3 хүүхэд нэг өрөөнд байрлаж, зурагт үзэнгээ ая тухтай эмчлүүлж харагдана. Өрөө бүр ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Өвчтөний ар гэрийнхэн сахиж үлдэхээр болбол шалан дээр унтах шаардлагагүй. Эвхэгддэг ортой юм билээ.

Тус тасагт жилд дунджаар давхардсан тоогоор 1000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг юм байна. Гемофилатай 60 орчим, цусны шингэн хавдартай 150 гаруй гээд олон хүүхэд эдний хяналтад байдаг аж.

Одоогоос таван жилийн өмнө цусны хавдартай хүүхдүүд жилд гарын арван хуруунд тоологдохуйц оношлогддог байсан бол сүүлийн үед энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүүхдийг тусгаарлан эмчлэх өндөр зэрэглэлийн вакумжуулсан хоёр өрөө 4-6 дугаар давхарт байна.

“Цусны эмгэг, хавдартай хүүхдүүдийг эмчлэх үндсэн арга нь ясны чөмөг шилжүүлэх хагалгаа юм. Гэхдээ сүүлийн үед тийм ч олон хүүхэд энэ эмчилгээг хийлгэх гэж гадаад яваагүй. Учир нь бид Германы стандартад нийцсэн протокол (2-3 жил хийдэг цогц, бүрдэл эмчилгээ) эмчилгээний арга нэвтрүүлсэн.

Өмнө нь энэ эмчилгээг нэвтрүүлээгүй байхад хавдартай хүүхдүүд оношлогдсоноосоо хойш нэг жилийн дотор нас бардаг байсан бол протокол эмчилгээний ачаар нас баралтыг 50 хувь бууруулж чадсан.

Цаашид ясны чөмөг шилжүүлэн суулгадаг болчихвол энэ тоо улам багасна. АНУ-д хэрэглэдэг эмчилгээний бусад аргачлалыг нэвтрүүлэхээр олон улсын байгууллага, бусад орны эмч нартай ярилцаж байна” гэж тус төвийнхөн хэлэв.

Улсын хэмжээнд цул эрхтний хавдартай хүүхдүүдийг ХӨСҮТ-д эмчилж байгаа. Тэгвэл хүүхдэд зонхилон тохиолдож буй бүх төрлийн хавдрын эмчилгээ, оношилгоог ЭМС-ын сайдын тушаалаар 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс ЭХЭМҮТ-д хийлгэж байхаар шилжүүлжээ.

Тэгэхээр тархины, арьсны, ясны гээд хүүхдийн бүх хавдрыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд хүлээн авч, эмчилнэ гэсэн үг. Үүний дагуу тэд үндсэн бэлтгэлээ хангаад дуусчээ. Лабораторийн багаж, тоног төхөөрөмж бүрэн, эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр сүүлийн таван жил сургаж бэлдсэн аж.

Харин эмийн төсвийн асуудал хүндрэлтэй байгааг учирлав. Цусны эмгэг, хавдартай хүүхдүүдийг эмчлэх, ХӨСҮТ-д харьяалалтай байсан хүүхдүүдийг шилжүүлж авсан, шинээр оношлогдох өвчтөнүүд гээд эм, эмнэлгийн хэрэгсэл нэлээд шаардагдах аж.

Тиймээс хуулийн дагуу төсөв санхүүгээ бичээд ЭМСЯ-нд өнгөрсөн сарын 22-нд өгсөн гэнэ. Эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг нь боломжийн хэмжээнд баталж өгөхийг тэд хүсэж байна.

“Хүүхдийн цусны эмгэг, хавдар хожуу оношлогдвол эмчлэгдэх магадлал багатай байдаг. Тиймээс хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ шаардлагатай. ЭМС-ын сайдын тушаалаар III шатлалын эмнэлгүүдийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийх эрхийг нээсэн.

Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар ийм төрлийн тусламж үзүүлбэл тодорхой хэмжээний санхүүжилтийг Даатгалын сангаас өгөх юм билээ. Энэ сайн хэрэг. Гэхдээ хавдрын бус буюу төв мэдрэлийн тогтолцооны эдгэшгүй хүнд өвчтэй, зүрхний эмгэгтэй, өсөлт бойжилтын хоцрогдолтой хүүхдүүдэд хөнгөвчлөх эмчилгээ хийх шаардлагатай байгаа.

Бид эмч, мэргэжилтнүүдээ тодорхой хэмжээнд бэлдсэн. Хөнгөвчлөх эмчилгээний тасгаа дөрөвдүгээр давхарт нээхээр “Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний сангийн тусламжтайгаар нэг эмч сургасан.

Мөн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ ч тэдний ачаар суурилуулаад эхэлж байна. Ирэх сард эмчилгээ, үйлчилгээгээ эхлүүлнэ. Ажиа гэгээн болон бусад сайхан сэтгэлт хүмүүс энэ эмнэлгийг ядарсан, амьдралын боломж тааруу хүүхдүүдийг асарч тойлж, эдгээх чин хүслээр барьж өгсөн.

Бид үүнд нь хүрч ажиллаж буйгаа бардам хэлмээр байна” гэж Ш.Энхтөр захирал хэлсэн юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.68.16 yostoi yostoi, huurhiis mini neg udaagiin hoolnii mungu tei tentsehuits hemjeenii tsalin avdag hirnee ted dandaa l muu heluulne, america d bsan bol ted terguun bayachuud ni bhgui yu.
172.101.68.16 yostoi yostoi, huurhiis mini neg udaagiin hoolnii mungu tei tentsehuits hemjeenii tsalin avdag hirnee ted dandaa l muu heluulne, america d bsan bol ted terguun bayachuud ni bhgui yu.
133.3.240.12 Emch nar maani terbumaar ni xemnex geed l uzeed baidag, erx barigchid terbumaar ni idex geed l uzeed baidag

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА