Хятад будааны 95 хувьд нь үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг бичээгүй байжээ

2015 оны 08 сарын 13

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт цагаан будаа савлах, хадгалах, импортлох, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Шалгалтад худалдааны есөн төв, бүтээгдэхүүн жижиглэн савлах 21 цех, будаа хадгалах 13 агуулах, нийт 43 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулснаас их эрсдэлтэй хоёр, дунд эрсдэлтэй 14, бага эрсдэлтэй 23, үнэлэгдээгүй буюу үйл ажиллагаа явуулаагүй дөрвөн аж ахуйн нэгжээс зөрчил илрүүлжээ. Тодруулбал, бүтээгдэхүүний савласан огноог үйлдвэрлэсэн хугацаа гэж буруу тэмдэглэсэн, будаа хадгалах агуулах нь MNS 5364:2011 стандартын шаардлага хангаагүй, ОХУ, АНУ-аас бусад орноос импортолсон цагаан будааны шошго GMO-ын тэмдэглэгээгүй зэрэг нийтлэг дутагдал байсныг албаныхан хэлэв. Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас будаагаа импортолдог бөгөөд өмнөд хөршөөс оруулж ирсэн цагаан будааны 95 хувь нь хятад ханз үсгээр бичигдсэн, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа нь бичигдээгүй, буруу шошготой байжээ.

Тиймээс Мэргэжлийн хяналтынхан зөрчил дутагдлыг нь арилгуулахаар долоон аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, нийт 2.3 сая төгрөгөөр торгосон байна. Мөн хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татаж аваагүй байсан хоёр нэрийн, нийт 93 кг буюу 228.800 төгрөгийн цагаан будааг улсын байцаагчийн актаар хураан авч, нийслэлийн Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн аж.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА