Хүчтэй салхилсны улмаас иргэд багагүй хохирол амсчээ

2015 оны 08 сарын 13

Өчигдөр буюу энэ сарын 12-ны үдээс хойш Улаанбаатар хотод гэнэт хүчтэй салхилж, хот “улаанаараа” эргэв. 10 орчим минут үргэлжилсэн хүчтэй салхины улмаас энд тэндгүй улаан шороо босож, зарим барилга, ресторан, пабын дээвэр нурж, багахан хэмжээний хохирол учруулсан байна. Баянгол дүүргийн VIII хороо, ГССҮТ-өөс зүүн тийш “Модны-2” орох зам дагуу байрлалтай “Намуун дэнж” хотхоны дээвэр нурж, тус байрны дор зогсож байсан УБГ-03-58  улсын дугаартай “Тоёота” маркийн автомашины дээврийг цөмлөж, урд талынх нь шилийг хагалсан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй аж. Түүнчлэн тус дүүргийн I хороо “Алтай” хотхонд байрлалтай “Dream” дэлгүүрийн хоёр давхарт байрлах “JAGA” лаунжийн гаднах бүхээг салхинд унасны улмаас дор байсан 4-5 машины шил хагарчээ. Өөр хаа нэгтээ ноцтой осол гарсан, эсэхийг нийслэлийн Онцгой байдлын газар болон Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс лавлахад “Салхитай холбоотой гамшиг ослын дуудлага ирээгүй” гэлээ. Сүүлийн үед баригдаж буй хороолол хотнхонууд 8-11 м/с-ийн хүчтэй салхийг ч тэсвэрлэж чадахгүйг дээрх жишээ харуулна. Өмнө нь хэд хэд хотхонуудын дээвэр салхинд унаж байсан. Азаар хүн бэртэж гэмтээгүй нь яамай.

 Дашрамд дурдахад, энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногийн эхээр хүйтэн бороо орж, цаг агаар тогтворгүй байх нь. Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар, маргааш баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи  14-нд Алтайн салбар уулсаар, 15, 16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 13-18 градус дулаан байх аж. Харин Дорнод Монголын тал болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж “тэнгэрийн зурхай”-д буужээ.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА