ГССҮТ-д 5.5 сая еврогийн төсөл хэрэгжиж байна

2015 оны 07 сарын 30

Хэдхэн сарын өмнө дүүгийн маань хүүхэд халуун усанд халтирч унаад бөгсөн биеэ тэр чигт нь түлчихсэн. Тухайн үед яарч сандарсандаа ч тэр үү, Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход түм түжигнэж, бум бужигнасан хөл, толгой нь мэдэгдэхгүй нөхцөл байдал биднийг угтсан юм. Харин өнөөдөр байдал тэс өөр болжээ. Биднийг өчигдөр тус төвд очиход бүх зүйл нь эмх цэгцтэй, дараалал дугаартай. Үүдний хүлээлгийн танхимаас өгсүүлээд тасаг, хонгилоос нь будаг, шохойны шинэхэн үнэр ханхалж,  эмч сувилагчдынх нь харилцаа сайжирсан нь илт. Өдөртөө тус төвөөр түлэгдсэн, хөл, гараа хугалсан, авто осолд орсон зэргээр гэмтэж бэртсэн 300-350 хүн үйлчлүүлдэг гэхэд энд эмх замбараатай, цаанаа л нэг сэтгэл тайван санагдав. 

1991 оноос Гэмтэл согогийн клиникийн эмнэлэг болон өргөжсөн түүхтэй тэс эмнэлгийг Засгийн газрын 2001 оны шийдвэрээр гавъяат эмч, төрийн соёрхолт Навааны Дашийн нэрэмжит болгож, 2006 онд одоогийн нэрээ авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төвийн эмч, удирдлагууд төсвийн мөнгө харж суулгүй энд тэндхийн улс орнуудын буцалтгүй тусламж, төсөл хөтөлбөрөөр эмчилгээ, оношилгоондоо дэвшилт техник технологи нэвтрүүлсэн байдаг. Эдгээрээс Монгол-Францын хооронд хэрэгжсэн төслүүдийг нэрлэж болно. Үүний ачаар ГССҮТ өдгөө европын стандарт хангасан улсын цор ганц эмнэлэг болж, өргөжжээ. 2012-2017 онд хоёр орны Засгийн газар хооронд дөрөв дэх төслөө хэрэгжүүлж буй нь энэ аж. Тус төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн зөвлөх эмч, төслийн зохицуулагч Ж.Батмагнай “Монгол-Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд “ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжиж байна. Нийт 5.5 сая еврогийн санхүүжилт бүхий уг төслийн хүрээнд тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь шинэчилсэн. Одоо Францад эрчимт эмчилгээ болон мэс заслын нарийн мэргэжлийн чиглэлээр таван эмч сургаж байна. Яаралтай болон амилахуйн тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, рентген оношилгоо, мэс заслын блокуудыг хүчилтөрөгч, агаар, хийн системээр холбон, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулсан” гэж ярив. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн 14 оронд суурилуулсан иж бүрэн аппаратууд нь Францын хамгийн сүүлийн үеийнх гэнэ.

Бэртэж гэмтсэн хүмүүс эмнэлгийн хаалгаар орж ирүүтээ нарийн мэргэжлийн багийн зохион байгуулалттай Амилахуйн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байна. Хэвтэх шаардлагатай өвчтөнүүдийг эндээсээ хэвтүүлэн эмчлэх тасаг руугаа шилжүүлдэг юм байна. Мөн тэд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар интернэтийн сүлжээ ашиглан (телемедицин) үндэсний хэмжээнд гэмтлийн яаралтай  болон алсын дуудлагыг зайнаас оношилж, зөвлөгөө өгч эхэлжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА