Т.ХУЛАН: Есдүгээр сараас өрхийн эмнэлгүүд шээс, цусны шинжилгээ авдаг болно

2015 оны 07 сарын 30

Тун удахгүй бид шээс, цусны шинжилгээгээ Өрхийн эрүүл мэндийн төвдөө дараалал, чирэгдэлгүй өгдөг болно. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан энэ оныг анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор олон ажил хийж байгаа юм билээ. Энэ талаар тус газрын Удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулангаас тодрууллаа.

-Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн чанар, хүртээмж, хүний нөөцийг сайжруулж гэмээ нь сая бид шатлал алгасалгүй, дараалал, чирэгдэлгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авдаг болно. Гэхдээ яг хэзээнээс вэ?

-Анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жилийн хүрээнд нийслэлийн ЭМГ нэлээдгүй ажил хийхээр төлөвлөөд байна. Нэн тэргүүнд өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн оношилгоо, лабораторийн чадамжийг сайжруулахаар ажиллаж байна. Ингэснээр иргэд шээс, цусны шинжилгээ өгөх гэж хоёр дахь шатлалын эмнэлэг рүү явахаа больж, төв эмнэлгүүдийн хүлээгдэл, ачаалал арилна.

Мөн хүний нөөцийг нь чадавхжуулахаар АШУҮИС-тай хамтраад Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарт зориулан сургалтын хөтөлбөр боловсруулсан. Сургалтуудаа эхлүүлээд явж байна. Гуравт нь бүтэц зохион байгуулалтынх нь эрх зүйн баримтуудыг боловсронгуй болгохоор дүрэм журам гаргаад өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр хэлэлцсэн.

-БНСУ-ын “Руйсанса” корпорацын буцалтгүй тусламжаар улсын хэмжээний Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний анализатор нийлүүлэхээр тоног төхөөрөмжөө оруулаад ирчихсэн байсан. Засгийн газар гаалийн татвар тэглэхгүй гэсэн шалтгаанаар эдгээр тоног төхөөрөмж бараг хагас жил орчим гаалийн агуулахад “хэвтсэн” байх аа.

-Тийм ээ. Шээсээр 10 орчим төрлийн өвчнийг илрүүлэх хүчин чадалтай анализаторуудыг БНСУын “Руйсанса” корпорац манайхтай хийсэн хамтын гэрээнийхээ хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлсэн. 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 142 аппаратаа бид хил гаалийн асуудлаас болоод авч чадахгүй байсан. Засгийн газар, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГт дээрх асуудлаар удаа дараа хүсэлт тавьсны дүнд Засгийн газар гаалийн татварын асуудлыг шийдвэрлэж, Сангийн яам түүнийг нь үе шаттайгаар төлж барагдуулахаар болсон.

Шийдвэр гарсных нь дараахан бид тоног төхөөрөмжөө хүлээн авсан. Суурин, зөөврийн гэсэн хоёр төрлийн аппарат байгаа. Зөөврийнх нь Ipad шиг хөнгөн, авсаархан. Үүгээр хүнд өвчтэй, хэвтэрт байгаа хүмүүсийн гэрт нь очиж шинжилгээ авах юм. Харин одоо эдгээр тоног төхөөрөмжийг хэрхэн яаж ажиллуулах талаар өрхийн эмч нарыг үе шаттай сургаж байна. Ийм тоног төхөөрөмжтэй болсноор тухайн үйлчлүүлэгч шинжилгээнийхээ хариуг заавал өрх дээрээ очиж авах шаардлагагүй болж байгаа. Учир нь шинжилгээний хариу унших тусгай вэб сайт ирэх есдүгээр сараас ажиллаж эхэлнэ.

Шинжилгээ хийлгэсэн иргэн уг сайтад бүртгүүлээд, өөрийнхөө ID дугаарыг хийн, шинжилгээнийхээ хариу, оношилгоондоо тохирсон хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээ авах боломж бүрдэх юм. Харин шинжилгээ хийсэн эмч тухайн үйлчлүүлэгч нэг бүрийн хариуг нь вэб-д байрлуулан, түүнийг нь ахлах эмч нар хянаж байх юм. Вэб хуудас бэлэн болсон.

Өдгөө монгол хэл рүү хөрвүүлж байгаа. Үүн дээр эмч, үйлчлүүлэгч яаж ажиллах, хэрхэн тохиргоо хийх зэргийг зааж байна. Сургалтыг гурван үе шаттай явуулна. Одоо хоёр дахь шатны сургалт эхлээд явж байна. Өнөөдөр сургагч багш нарт сургалт явуулна. Үүнээс бэлтгэгдэж гарсан 20 сургагч багш харьяа дүүргийнхээ өрхийн эмч, сувилагчид сурсан мэдсэнээ заах юм. Төслийн нээлтийг ирэх есдүгээр сард хийнэ.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА