Манай эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдартай хүний тоо дэлхийн дунджаас зургаа, эмэгтэйчүүдийнх 13 дахин олон

2015 оны 07 сарын 27

Маргааш Дэлхийн хепатитын өдөр. Манай улс элэгний өвчин, түүнээс шалтгаалах нас барагсдын тоогоороо дэлхийд тэргүүлэгч орны нэг. Өмнө нь элэгний В, С вирустай хүмүүсийг үзэж, оношилсон болоод эл өдрийг өнгөрөөдөг байсан. Харин өнөө жил бид энэ өвчний тусламж, үйлчилгээг нэг шат ахиулсан амжилттайгаар Дэлхийн хепатитын өдрийг угтаж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг монгол эмч нар бие даан хийж байгаа бол С вирусийг бүрэн эмчлэх харвони, совалди эмийг улсын бүртгэлдээ оруулснаар иргэд 98 хувийн хөнгөлттэй үнээр эмээ авах боломж бүрдээд буй. Тэгвэл маргааш Элэгний төв дээр В, С вирусийг илрүүлэх шинжилгээг үнэгүй авах бол ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ хамтран, хэвлэлийн бага хурал хийж, “Эрүүл элэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан уралдааныхаа шагналыг гардуулах юм байна. Элэгний өвчинтэй холбоотой зарим тоо баримтыг дор дурдъя.

 

  • Дэлхийд 100 мянган хүн тутмын ес нь элэгний өвчнөөр нас бардаг бол манайд 70 хүн амиа алддаг гэж ДЭМБ мэдээлэв. Элэгний хавдар үүсгэдэг В, С, D вирус нь ХВХВ/ДОХ-той адил бэлгийн замаар, эхээс урагт, цусаар, зүү тариураар дамжин халдварладаг.
  • Элэгний хорт хавдраар нас барагсдын 80 хувь нь хепатитын халдвараас шалтгаалсан байдаг.
  • Бөмбөрцөг дээр 400 сая, Монгол Улсад 400 мянган хүн хепатиттай.  Үүний 50 мянга орчимыг нь яаралтай эмчилгээнд оруулах шаардлагатайг ЭМСЯ-ныхан хэлж байна.
  • Статистик үзвэл манай улсын зуун мянган эрэгтэй тутмын 121, зуун мянган эмэгтэйгийн 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилдөг байна. Энэ нь эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдартай хүний тоо дэлхийн дунджаас зургаа, эмэгтэйчүүдийнх 13 дахин олон байгаа аж.
  • 2030 он гэхэд манай улс элэгний С вирусээс бүрэн ангижрах зорилт тавиад буй.
  • Элэгний С вирусийг итгэмжлэгдсэн лабораторид 160 мянгаар тоолно. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА