М.БАДАМСҮРЭН: ГАЗРЫН ТОСНООС 280 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДОГ МӨРТЛӨӨ КОНЦЕССИЙН ГАНЦ АСУУДЛЫГ ШИЙДЧИХГҮЙ ӨРӨВДМӨӨР БАЙГАА БИЗ

2015 оны 06 сарын 26

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2015.06.24 (Хэрлэн сум)

Монгол Улсын түүхий тосны экспортын 90 гаруй хувийг Дорнод аймгаас олборлодог тул жил бүрийн өдийд Газрын тосны газар, энд хайгуул хийдэг, нефть олборлодог компаниуд болон орон нутгийн удирдлагууд уулзаж, санал бодлоо солилцдог. “Монгол Улсын газрын тосны өнөөгийн байдал, хэтийн төлөв” нэртэй өнөө жилийн уулзалт уламжлал ёсоор Дорнод аймгийн Хэрлэн суманд уржигдар болж, олон асуудал хэлэлцлээ. Энэ удаагийн хурлыг тус аймгийн Засаг дарга Б.Бадамсүрэн нээн, орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгааг хатуухан шүүмжилж, эндээс олж буй орлогын нэг хувьд нь ч хүрэхгүй мөнгийг аймагт татвар нэрээр өгч буй нь шударга ёсонд нийцэхгүй байгааг хэлсэн юм.

Тэрбээр энэ удаагийн хурлаас тодорхой үр дүн гарна гэдэгт, гараасай гэж хүсэж буйгаа уламжлав. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн түүний саналыг дэмжихээ албан ёсоор хэлж “Газрын тосны тухай хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нд буюу 10 гаруй жилийн дараа УИХ шинэчлэн баталсан. Энэ удаагийн хурлаар тус хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ. Тус хуулийг шинэчлэн баталснаар хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж байна. Газрын тосны салбар хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн ч хайгуул хийх 30 гаруй хүсэлт ирээд байгаа нь энэ салбарт эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдээд байгааг харуулж байна.

Мөн газрын тосны хайгуулын “Богд IV”, “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал Азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн эрх, үүргийг “Би Жи Монголиа холдингс лимитед” компанид хэсэгчлэн шилжүүлэх тогтоол гарсан. Түүнчлэн BG, “Chevron”, “Anadarko” зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах хэлэлцээ эхлүүлсний дүнд Их Британийн BG групптэй гэрээ байгууллаа. Тэд 2015 онд 13.6 сая, 2016 онд 13 сая ам.доллараар хайгуул хийн, Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 1.4 сая ам.доллар төлнө. Нийт хөрөнгө оруулалт 32.55 сая ам.доллар болох юм” гэж ярив.

Манай улс 2015 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 341.7 мянган тонн газрын тос олборлосон бол 343.2 мянган тонныг экспортолж, улсын төсөвт 30.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа аж. Тавдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 42 хоногийн нөөц байгаагаас А-80 шатахууны 45 хоног, АИ-92 шатахууны 59, дизель түлшний 37, ТС-1-ийн 29 хоногийн үлдэгдэлтэй байна.

Дээрх уулзалтыг жил бүр зохион байгуулдаг ч тодорхой үр дүнд хүрдэггүй, дорнодчуудад “наалдсан” юмгүй бужигнаад өнгөрдгийг тус аймгийн иргэд хэлэв. Тиймээс Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр 2014 оноос аймгийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад энэ албан тушаалд хоёр сар гаруйн өмнө томилогджээ.

-Дорнод аймагт одоогийн байдлаар газрын тос олборлох, хайх чиглэлээр хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манайд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй долоон компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс “Петро чайна дачин Тамсаг” компани XIX, XXI талбайгаас газрын тос олборлож байгаа, бусад нь хайгуулынх. Тус компанийнхан жилд дунджаар сая тонн орчим түүхий тос олборлодог. Өнгөрсөн онд 930 мянган тонныг олборлосон бол өнөө жил үүнийгээ саяд хүргэхээр ажиллаж буй юм билээ. Монгол Улсын экспортын тосны 90 гаруй хувийг эндээс олборлодог. Улсын төсөвт жил бүр 280 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Харин манай аймаг яагаад хөгжиж, дэвжихгүй байна вэ гэдэг нь л гол асуудал. Энд үе удмаараа нутаг орноо сахин амьдарч байгаа хүмүүс байгалийн баялгаа ашиглаж, үр шимийг нь хүртэх ёстой. Тэд эндээс экспортолж буй газрын тосны багахан хувийг ч болов хүртэх эрхтэй. Гэтэл газрын тосны компаниудаас манайд усны нөөц ашигласны төлбөр болон авто тээврийн хэрэгслийн татвар, байгаль орчин бохирдуулсны төлбөр гээд нийт нэг тэрбум гаруй төгрөг орж ирдэг.

Энэ нь улсын төсөвт төвлөрч буй мөнгөний нэг хувьд ч хүрэхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байгаа. “Петро чайна дачин Тамсаг” ХХК олборлолт явуулж эхлээд 10 жил болж байхад томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийсэнгүй. Тэгтэл Өмнөговьд МАК, “Бороо гоулд” зэрэг үндэсний компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сургууль, цэцэрлэгтэй хороолол бариад өгчихсөн байх жишээтэй. Бидэнд хөрөнгө оруулж байна гэх нэрийдлээр жил бүр өгдөг 50 мянган ам.долларыг 20-40 жил хурааж байж сургууль, цэцэрлэг барих уу. Уг нь бид ийм тийм юм барьж, хийж өг гэж шаардаагүй.

-Тэгвэл энэ удаагийн уулзалтаас яг ямар үр дүн гараасай гэж хүсэж байна?

-Жил бүр зохион байгуулдаг уг хурлаас дорнодчууд бодит үр дүн хүлээж байгаа. Бас шаардаж байна. Нэгдүгээрт, Дорнодын ард иргэдийг ажилтай, орлоготой болгох. “Петро”-д 75 хувь нь нарийн мэргэжлийн, үлдсэн 25 хувь нь туслан гүйцэтгэгч, харуул хамгаалалт, цооног өрөмдөх, чанарын ажилчид байна гэсэн квоттой. 25 хувьд нь монголчууд ажиллаж байгаа. Энэ орон тоонд дорнодчуудаас нэн тэргүүнд ажиллуулах хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн орон тоонд ч гэсэн манай залуусыг сургаж, авах үүрэгтэй. Хоёрт, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих. Хүн амын төвлөрөл багатай, өргөн уудам нутагтай, зах зээлээсээ хол, зах хязгаар нутагтаа эзэн болоод бизнес эрхэлж буй компаниудыг өрсөлдөх чадвартай болгох, татвараа орон нутагтаа төлөх боломж олгохын тулд тэднийг дэмжих нь зайлшгүй чухал. Тиймээс орон нутгийн компаниудыг бараа, үйлчилгээ нийлүүлэх чиглэлээр давуу эрхтэйгээр сонгон шалгаруулах санал гаргаад байна.

Мөн “Петро чайна дачин Тамсаг”-т ажиллаж буй 3-4 мянган ажилчин эрүүл мэндийн үйлчилгээгээ эндээс авдаггүй. Улаанбаатарт үзлэг, шинжилгээнд хамрагддаг. Гэтэл манайх орчин үеийн стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмж бүхий Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй. Хувийн хэвшлийн сайн эмнэлгүүд ч бий. Тэндхийн ажилчдыг жилд нэгээс хоёр удаа үзлэг, оношилгоонд хамруулахдаа орон нутгаас эрүүл мэндийн үйлчилгээ авах санал давхар гаргасан. Ингэснээр тогтмол орлогоо дагаад манай эмнэлгийн үйл ажиллагаа ч бэхжих юм. Цаашлаад тээврийн компаниудыг орон нутгаас авч ажиллуулах хэрэгтэй байна. Аймгийн Замчид, тээвэрчдийн холбоотой бид гэрээ байгуулан ажилладаг. Гадаадын компаниуд эрэг боолт, дугуй, салхины шил нийлүүлэх гэхчилэн бүх үйлчилгээ нь тусдаа яваад байгаа учраас нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар зорьж байгаа.

Тус холбооныхон өнгөрсөн жил тээврийн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо орон нутгийн санд 300 сая төгрөгийн татвар төлсөн. Гэтэл энд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын тээврийн компаниуд 10 орчим сая төгрөгийн татвар төлсөн байх жишээтэй. Энэ мэтчилэн бүх тогтолцоо нь алгасчихсан. Манай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийг Засгийн газар 650 км-ийн цаанаас удирддаг. Бид ямар ч эрх, үүрэггүй. Нэгэнт л энд үйл ажиллагаа явуулж байгаа хойно орон нутагтайгаа уялдаа холбоотой ажилламаар байгаа юм. Газрын тосны тухай шинэ хуулиар нутгийн захиргааны байгууллага газрын тосны талаар төрийн хууль тогтомжийн шийдвэрийн биелэлтийг хянах, зохион байгуулах үүрэгтэй болж байгаа учраас компаниуд харьяа сум, аймгийнхаа Засаг дарга нартай гэрээ байгуулах байх.

-Өнгөрсөн намар танай аймагт ирэхэд арваннэгдүгээр сар гэхэд нийслэлтэй авто замаар холбогдчихно гэж байсан. Сая бид бараг 200 орчим км шороон замаар тоос манаргаж ирлээ. Яагаад замаа хаачихсан юм бэ?

-Мянганы замын трассаар бол манайх зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв гэдгээрээ хамгийн түрүүнд авто замаар холбогдох ёстой. Харамсалтай нь тэгсэнгүй, манайхаас түрүүлээд Сүхбаатар аймаг засмал замтай болчихсон. Уг нь энэ жил 93 км замын гүүр, далангийн ажил үлдсэн гэж байтал ноднин жил бондын мөнгөөр тавьж, намар ашиглалтад оруулсан 50 км зам нэг ч өвлийг давалгүй эвдэрч, хэмхрээд гүйцэтгэгч компани нь замаа хаачихаад байна. Засгийн газар, Зам, тээврийн яаманд “Хаасан замаа нэг бол нээ, эсвэл хурдан засаж өг” гэж хүссэн. Бондын мөнгөөр ийм чанаргүй зам тавьчихсан. Хар зам байсаар байхад тэр нь хаалттай, хажуугаар нь шороогоор давхиж байна. Үүнээс болоод дорнодчууд маш их бухимдаж байгаа. Тийм бол засмал зам тавих хэрэг байхгүй. Тэр 93 км-т нь зам тавьсан компанитай холбоотой маргаанаас болоод зогсчихсон. Үндсэндээ 143 км замыг шороогоор туулж байгаа. Зарим зам нь засвартай, орж, гараад л явж байна даа.

Бухимдахгүй байхын аргагүй. Зам, тээврийн яам маш муу ажиллаж байгаа. Зам тавьж буй компаниудыг хянах үүрэг бүхий ажлын хэсгийг орон нутгаас томилоход гүйцэтгэгч нар “Та нар захиалагч биш, хянах эрхгүй. Бид Зам, тээврийн яамныхантай л ярина” гээд халгаагаагүй. Орон нутгийн замд ямар ч хараа хяналт алга. Тавьсан замууд нь хагас жил болохгүй эвдэрч байна. Тендерт нь замын зөвлөх үйлчилгээ явуулдаг компани шалгарчихсан юм билээ. Яг үнэнийг хэлэхэд боловсон хүчин, техник төхөөрөмж, туршлага муутай компаниуд замын ажлыг авч байна. Зам богино байх нь хамаагүй. Гол нь стандартын шаардлага хангасан зузаан, ус зайлуулах хоолойтой байх ёстой. Гэтэл өнгөрсөн жил аймгуудыг авто замаар холбох ажлын хүрээнд гүйцэтгэгчид урт зам яаран тавихыг гол болгосноос өнөөдөр ийм байдал хүрээд байна.

-Энэ жил орон нутагтаа бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх вэ?

-2014, 2015 онд манайд 11, 12 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жил тавыг өгсөн. Сумдад гурван тэрбумыг өгчихөөр хоёр нь хаанаа ч хүрэхгүй тул засвар, үйлчилгээгээ л хийх байх. Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлууд олон бий. Хамгийн түрүүнд “Дорнод бүсийн эрчим хүчний систем”-ийг 100 мВт болгон өргөтгөх. 2014 онд концессийн гэрээгээр шийдчихээр ярьсан ч одоо болтол компани нь шалгараагүй байна. “Петро чайна дачин Тамсаг” олборлолтын XXI талбайдаа найман мВт-ын цахилгаан авах захиалга өгсөн. Бид үүнийг нийлүүлэх боломжгүй. Станц өдгөө дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Хэрвээ тэдэнд цахилгаан өгчихбөл Сүхбаатар аймаг, Чойбалсан хот, бусад сумын цахилгаан доголдоно. Газрын тосноос жилд 280 тэрбум төгрөгийн орлого олдог хэрнээ концессийн ганц асуудлыг шийдчихгүй өрөвдмөөр байгаа биз. Энэ жил улсын төсвийн мөнгөөр 100, 150 хүүхдийн багтаамжтай хоёр, Японы Засгийн газар болон БНХАУ-ын ЭСЯ-ны хандив тусламжаар гээд нийт дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулна.

-Наадмын бэлтгэлээ хэр базааж байна даа?

-Улаанбаатар хот, баруун аймгуудыг бодвол бороо хур сайн орж байна. Энэ жил түймэр их гарсан учраас хуучин шар өвс шатаад хивс шиг ногоорсон байгааг харсан байх. Долдугаар сарын 11, 12-нд аймгийн наадам болно. Энэ жил дөрвөн сум тэгш ойтой. Хөлөнбуйр 70, Цагаан-Уул 80, Баяндун, Дашбалбар сумын 90 жилийн ойг долдугаар сарын 15-17-нд тэмдэглэнэ. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг сумынх нь наадамтай хамт долдугаар сарын 1, 2-нд, бусад сумынхыг 6, 7-нд тэмдэглэхээр ажлын хэсэг бэлтгэлээ хангаж байна. “Зүүн бүсийн хурд” Сүхбаатар аймагт болох учраас энэ жил аймгийн наадмаар цөөн морь уралдах байх.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Zam tabisan kompanaas hohiriliig tuluuldeg bolgobol ajiliin chanar saijirna shuu dee.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА