Замын-Үүд боомтын болон хот хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдлээ

2015 оны 06 сарын 22

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Борхойн тал” тээвэрчдийн холбооныхон хилийн боомтын тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоох, үндэсний эрх ашгийг хамгаалах зорилгоор хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 08.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсноо өчигдөр зарлалаа. Замын-Үүдэд өдгөө 1800 гаруй автомашинаар иргэд бусдын ачааг тээвэрлэн үйлчилж буй. Гэтэл эдгээр тээврийн хэрэгслийн 500 гаруй нь хууль бус гэрчилгээтэй, эзэн нь тодорхой бус, 2013-2015 оны татвараа төлөөгүй хэрнээ нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувийг тээвэрлэж байгаа нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж “Борхойн тал” тээвэрчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбат үзэж байна. Тэрбээр “Хятадууд монгол иргэний нэр дээр тээврийн хэрэгслүүд оруулж ирээд ачаа тээврийнх нь ихэнх ашгийг авдаг. Хүнд даацын нэг машинд 30 тонн ачаа ачих ёстой байтал тэд 90 тонныг ачиж, зам харгуйг маань там болгож дууслаа. Нэг машинд ийм ачаа ачихад 9000 юань. Гэтэл хятадууд гурван машинд ачих ёстой барааг нэг тээврийн хэрэгсэлд “чихээд” дундаас нь их хэмжээний мөнгө завшиж байна. Тэд боомтын удирдлагуудад хахууль өгч, дураараа дургидаг. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин гэж алга. Тиймээс орон нутгийн авто тээврийн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгох, авлигагүй шударга төрийн алба бүрдүүлэх, Боомтын зөвлөлийг сар бүр хуралдуулж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлтэл нь хот хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд транзит тээврийн хөдөлгөөн хамаарахгүй. Манай 300 гаруй жолооч үүнд нэгдэхээ мэдэгдсэн” гэж ярив.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА