Ломбардууд 3.5-10 хувийн хүү авч, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиас дээш алданги тооцож байжээ

2015 оны 06 сарын 22

ШӨХТГ барьцаалан зээлдүүлэх газар буюу бидний хэлж заншсанаар ломбардуудын үйл ажиллагааг хянаж шалгаснаа өчигдөр олон нийтэд танилцуулав. Тэд нийслэлд ажиллаж буй 30 гаруй ийм газрыг шалгалтдаа хамруулж, тэдний иргэдтэй байгуулсан гэрээ, дотоод журам, түрээсийн гэрээ, жин хэмжүүрийн баталгааг нь шалгаж, нийтлэг хоёр дутагдал байгааг илрүүлжээ.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд бусдын үнэт зүйл, эд хөрөнгийг 7-30 хоног барьцаалан, зээл олгохдоо 3.5-10 хувийн хүү авч, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиас дээш алданги тооцож байгаа нь Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь заалтыг зөрчиж байгаа аж. Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлээ худалдахдаа тус хуулийн 286.3 дахь заалтад үндэслэн “Зээлдэгч мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газарт нь барьцаалсан хөрөнгийг худалдах замаар хохирлоо барагдуулахаар болбол зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Зээлдэгч 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны эд зүйлийг комиссын буюу дуудлагаар худалдаж, борлуулсан үнийн  дүнгийн зөрүүг буцаан олгоно” гэснийг дагаж мөрдөөгүй, хэрэглэгчдийг хохироодог байна. Эдгээр зөрчлүүд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчиж буй аж. Иймд ШӨХТГ зөрчил гаргасан ломбардны эздэд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгах хугацаа өгчээ. Хэрвээ заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол холбогдох хуулийн дагуу торгож, хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА