Шилдэг тохижилт, үйлчилгээтэй эмнэлэг, эмч, мэргэжилтэнг шалгаруулна

2015 оны 06 сарын 21

Нийслэлийн Засаг дарга А/304 дүгээр захирамж гарган, Шилдэг  тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулж, урамшуулахаар шийдвэрлэлээ. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМСЯ-ны харьяа төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүд оролцох боломжтой. Мөн болзол, шалгуур хангасан шилдэг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, өрх, тосгоны шилдэг эмч, сувилагч, үйлчилгээний шилдэг ажилтан шалгаруулан, урамшуулахаар болжээ. Уг шалгаруулалтыг ирэх ес, аравдугаар сард хоёр үе шаттай зохион байгуулах гэнэ.

 

Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас зургааг шилдгээр шалгаруулж, нэгдүгээр байр эзэлсэнд нь (нэг байгууллага) 120 сая төгрөг, хоёрдугаар байрт (хоёр) 75, гуравт орсонд нь (гурав) 50 сая төгрөг олгохоор дээрх захирамжид заасан бол өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдээс шилдгээр 10-ыг шалгаруулж, нэгдүгээр байр эзэлсэн хоёр байгууллагад 15, хоёрт орсон гурван аж ахуйн нэгжид 10, гуравт шалгарсан таван эмнэлгэд дөрвөн сая төгрөгийг тус тус олгох юм байна. Харин шилдэг эмч, ажилтнуудад зургаан сарынх нь үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр урамшуулах аж. Шалгаруулалтын дүнг ирэх аравдугаар сарын 20-ны дотор нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олон нийтэд зарлах гэнэ. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА