Урьдчилан сэргийлэх тарилга: КОРОНА “ИРЖ ЯВНА”

2015 оны 06 сарын 10

Бид эболагаас хэсэгтээ л айж бэмбэгнэсэн. Энэ өвчнөөр 30 мянга орчим хүн өвдөж, олон хүний амь авч одсон ч азаар биднээс холуур өнгөрсөнд талархаад баршгүй. Харин одоо эболагаас ч хүчтэй “мангаа” бидний хаалгыг хэдийнэ балбаад эхэлжээ. Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром гэгддэг коронавирус (МERS-CoV) манай улсын иргэд олноор сурч, ажиллаж, амьдардаг БНСУ-д дэгдэж, 95 хүн өвчилсний долоо нь нас бараад буйг ДЭМБ мэдээлэв. Амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт газар авч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар коронавирус илэрсэн эмнэлгүүдийнхээ жагсаалтыг уржигдар олон нийтэд ил болголоо. Онош нь батлагдсан хүмүүс дотор эмнэлгийн хоёр ажилтан өвдсөн тухай мэдээ байна. Тэднийг ямар замаар халдвар авсныг нь хараахан тодруулаагүй ч нүдний салст бүрхэвчээр нь өвчний вирус дамжсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж буй.

Эболагийн вирус ид дэгдэж байхад халдварын голомтод ажиллаж байсан АНУ-ын нэгэн эмч яг ийм замаар халдвар авчээ. Өмнөд Солонгос одоогоор халдвартай хүмүүсийнхээ ойрын 2361 хавьтлыг илрүүлэн, хөл хориод байна. Уг өвчин бага насны хүүхдээс холуур гэж шинжээчид үзэж байсан ч дунд сургуулийн нэгэн сурагч өвчилсөн болохыг лабораторийн шинжилгээгээр баталжээ. Тус улсад бүртгэсэн коронавирустэй анхны хүн тавдугаар сарын дундуур Ойрхи Дорнодоор аялж байгаад нутагтаа ирэн, өвчний шинж тэмдэг илэрснээр онош нь батлагдсан юм. Дараа дараачийн халдвар авсан хүмүүс түүний гэр бүлийн гишүүд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтөнүүд, эргэлтээр ирсэн иргэд болон эрүүл мэндийн ажилтнууд байв. Тэгвэл тавдугаар сарын 29-нд БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн байгууллага БНХАУ-д коронавирусийн шинж тэмдэг илэрсэн дөрвөн хүнийг бүртгэж, нэгийх нь онош батлагдсаныг мэдээлэв.

Халдвар авсан тус улсын иргэн тавдугаар сарын 21-нд халуурч эхэлсэн төдийгүй дөрвөн хоногийн дараа биеийн дулаан нь 38.7 градус хүрч, 27-нд онош нь батлагджээ. Гуандон мужийн Шинзен хотоор дамжин Хуйзов руу явсан түүнийг тавдугаар сарын 26-нд “OZ-732” дугаар нислэгээр Хонконгод ирснийх нь дараа албан ёсоор тусгаарлажээ. Уг хятад иргэн БНСУ-д халдвар тараасан анхны хүнтэй холбоотой болохыг тархвар судлаачид олж тогтоосон байна. Өмнөд Солонгост нас барсан долоон хүний хоёр нь мөн түүний ойр дотны (57 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй)-хон аж. БНСУ-ын Эрүүл мэндийн яам MERS ханиад агаар дуслын замаар дамжиж байгаа тул халдвар авсан байж болзошгүй иргэд, өвчтөнүүдтэй хамт эмчлүүлж байсан хүмүүс, тэдэнтэй ойр байсан бүх иргэдээ шинжилгээнд хамрагдахыг анхааруулжээ.

Халдвар авсан л бол нас барах магадлал нь 40 хувьтай эл өвчний вирус ихэвчлэн хоёрдогч болон гуравдагч хүнээр дамжин тархаж байгаа тул тэд зарим сургууль, цэцэр хүмүүстэй утсаар ярихыг хүртэл хориглож, иргэдээ гэрээсээ аль болох гарахгүй, гарсан ч амны хаалт хэрэглэхийг зөвлөж байна. Одоогоор дэлхий дахинд коронавирусын эсрэг эмчилгээ, вакцин байхгүй. Энэхүү аймшигт цар тахал нь 2013 оноос Ойрхи Дорнод, Европ, Азийн 25 улсад бүртгэгдсэн, шинэ төрлийн халдварт өвчин юм. Өдгөө дэлхийд уг амьсгалын замын синдромоор нийт 1219 хүн өвдсөний 449 нь нас бараад буй аж. Өмнө нь цөөн хүн өвдөөд намжиж байсан энэ аймшигт тахал биднийг “онилж” буйн баталгаа нь урд хөршид халдвар бүртгэгдсэн явдал. Хятадын олон мянган хүн манай зам, барилга гээд бүтээн байгуулалтын салбарт ажилладаг.

Ирж, очдог хүмүүсийн тоо ч өдөрт 300 хол давдаг. Ийм байхад уг вирусийн халдвар манайд орж ирэх нь цаг хугацааны л асуудал гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу. Тэгвэл халдвар хурдтай тархаж буй БНСУ-д өдгөө Монголын 25 мянга орчим хүн сурч, ажиллаж, амьдардаг. Тэдний 7000 гаруй нь “хараар” буюу хууль бусаар амьдардаг бол 3000 орчим хүүхэд ямар нэгэн бүртгэлгүй, эцэг эхээ даган тус улсад толгой хоргодож байна. Өдөрт 300-500 хүн Монгол, БНСУ-ын хооронд ирж, очдог гэсэн тоог Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өгөв. Тэдэн дундаас Өмнөд Солонгосын эмнэлгүүдээр үйлчлүүлэгчид олон байх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна. 2003 оны САРС вирус дэгдэж байх үеэр ӨМӨЗО-ны Хөх хотын эмнэлэгт эмчлүүлж байсан манай иргэд халдвар аваад ирсэн сургамж бидэнд бий. Тэгвэл БНСУ, БНХАУ-д “харласан” иргэд маань яах вэ. Тэдний хувь заяа тун бүрхэг байна. Тэд үргэлж баригдчих вий хэмээн айж явдаг улс. Муугаар бодоход өвчин туслаа гэхэд хэнд, хаана хандахаа мэдэхгүй. Халуурч бүлээрсэн ч эмнэлэг явж чадахгүй.

Өвчин гарсантай холбоотойгоор монголчууд нутгаа зорих нь олширч болзошгүй гэх таамаг байна. Тэгэхээр тэд халдвар зөөхгүй гэсэн баталгаа алга. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар манайхан ямар ажил хийж байгааг сонирхлоо. ХӨСҮТ-ийнхөн “ДЭМБ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудыг халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг даалгасан. Одоогоор хилийн тээвэр болон худалдааг хязгаарлаагүй байна. MERS-CoV-ийн халдвартай өвчтөнийг эрт илрүүлэхэд түвэгтэй. Учир нь өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй. Чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, дархлаа нь дарангуйлагдсан хүмүүс МERS-CoV-ийн халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр байна. Иймд эмнэлгийн ажилтнууд үйлчилгээ үзүүлэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт ЭМСЯ-нд холбогдох мэргэжилтнүүд цугларч, коронавирус манайд орж ирэх магадлалтай, үгүйд үнэлгээ хийсэн. Дүн нь дунд зэрэг гэж гарсан. БНСУ болон БНХАУ-д сурч буй оюутнууд амралтаараа эх орондоо ирэх цаг нь ойртлоо.

Ажиллаж, амьдардаг бусад нь ч мөн адил Монголдоо ирэх нь нэмэгдэж болзошгүй. Энэ нь халдвар нааш зөөгдөх том эрсдэл болж буйг илтгэнэ. Үүнтэй холбоотойгоор шат шатны байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна. ХӨСҮТ 50 ортой, дөрвөн тасаг тусгаарлаж, чөлөөлсөн” гэж ярилаа. Тэгвэл МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт албан даалгавар хүргүүлээд байна. Хилээр нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирсэн хүмүүсийг эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн тандах, уг халдварын талаар мэдээлэх, сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “Чингис хаан” нисэх буудлын хүлээлгийн танхимд зурагт хуудас, мэдээллийн самбар байрлуулжээ. Хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нар сэжигтэй зорчигчийг үзэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах арга хэмжээ зэргийг өндөр түвшинд зохион байгуулан, улсын байцаагч, ажилчдад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч буй гэнэ.

Мөн амны хаалт, бээлий, нүдний шил, халаад зэрэг хамгаалах хувцас, хэрэгслээр тэднийг ханган, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэхийг даалгажээ. Гэсэн ч манай эмч нар ийм өвчтэй хүмүүстэй хэзээ ч ажиллаж үзээгүй, туршлага, ур чадвар нь дутна гэж холбогдох хүмүүс хэлсэн. Зөвхөн илэрсэн шинж тэмдгийнх нь дагуу эмчилгээ хийх аж. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хаа хаанаа анхаарч, энэ өвчнийг аль болох хилээрээ нэвтүүлэхгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах нь зүйтэй болов уу. Иргэд ч ялгаагүй хувийн ариун цэврээ сахин, халдвар гарч буй улс руу албан болон хувийн хэргээр явахгүй байх, хойшлуулах, тэндээс зочин урихгүй байх, үхсэн тэмээ, малд ойртохгүй, сүү, махыг нь сайтар болгож, ундны усаа буцалгаж хэрэглэх, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, өвчтэй хүнтэй нэг метрээс илүү ойртохгүй байхыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА