Улаан тарианы үе ЭРГЭН ИРЛЭЭ (цуврал №3)

2015 оны 06 сарын 09

Ерөөс хүнтэй унтаж хүүхэдтэй болохоо больё. Тэр нь аминд өлзийтэй юм шиг байна. Жилд 20-25 мянган хүн бэлгийн замын халдварт өвчин тусаж, үүнээс шалтгаалаад ураг амьгүй, дутуу, эсвэл төрөлхийн эмгэгтэй төрж байхад бид хэнд итгэх болж байна аа. Америкийн эрдэмтэн Карл Жерасси “2050 он гэхэд олон улсад зохиомлоор үр шилжүүлэн суулгах мэс заслыг энгэр зөрүүлж хүүхэдтэй болохоос илүүд үзэх болно. Хүмүүс зөвхөн жаргах гэж л ор хөнжлийн ажилд дурлана” гэсэн хачирхалтай таамаг энэ онд дэвшүүлсэн байсан. Манайх шиг бэлгийн замбараагүй амьдралтай улсад түүний дэвшүүлсэн уг таамаг одоо хэрэгжвэл болохгүй зүйлгүй. Бид өмнөх хоёр цувралаараа тэмбүүгийн тархалт, халдварлах зам, хор уршгийн талаар өгүүлсэн. Энэ удаа нийгмийн аль давхаргад тэмбүүтэй хүн олон байна, хэн нь санаатай, хэн нь санамсаргүй халдвар тарааж буйг нэхэн сурвалжиллаа.

Улсын хэмжээнд ганц бие хүмүүсийн 34.3 хувь нь, байнгын ажилтай иргэдийн гурван хүн тутмын нэг нь, ажилгүйчүүдийн 71.5 хувь, оюутнуудын 14.6 хувь нь тэмбүүтэй гэсэн тоог ХӨСҮТ-ийнхөн өгөв. Насны харьцаагаар аваад үзэхээр 15-19 насныхны 29.9 хувь, 20-24 насныхны дөрвөн хүн тутмын гурав нь, 25-29 насныхны хоёр хүн тутмын нэг нь ийм өвчтэй байна. Монголчууд яр өвчинд хэрхэн дарлуулж байгааг эндээс харж болохоор. “Хот нь жорлондоо “живж”, халуун, хүйтэн ус ч үгүй, заримдаа цахилгаанаа тасалж чангална. Хотын төвөөр машинтай явах ч “эрхгүй”. Дээрээс нь иргэд нь яр өвчиндөө баригдчихсан. Энэ Монголд чинь гэрэл гэгээтэй зүйл байна уу, амьдрах арга алга” гэж олон хүн халаглаж байна.

Гэр бүлтэй хүмүүс халдвар авах нь харьцангуй бага ч эхнэр, нөхөр нь гадаадад, эсвэл орон нутаг, хил орчимд ажилладаг хосуудын дунд өвчин тусах магадлал өндөр байгаа нь ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар илэрсэн байна. Залуучууд болон ажилгүйчүүд тохиолдлоор хавьталд орох нь элбэг тул эрсдэл нь нөгөө бүлгийнхнээ бодвол өндөр байдаг аж. Уг нь тэд нөхөн үржихүйн наад захын боловсролтой, бэлгэвч хэрэглээд сурчихвал ингэтлээ энэ өвчинд хэмлүүлэхгүй л баймаар. Гэр бүлгүй, ажилгүй иргэд голдуу буудлаар үйлчлүүлдэг тул нийслэлийн төв хэсэг, гэр хорооллын дунд байрладаг арав гаруй зочид буудлаар орлоо. Гайгүй тохилог, үнэ хөлс нь боломжийн ганц нэг зочид буудлынхан өрөөнүүдийнхээ шүүгээнд хоёр ширхэг бэлгэвч хийсэн байв. Харин гэр хорооллын дундах дэн буудлуудын өрөөнүүдэд ийм юм байх нь байтугай хүлээн авахын угтагч нь ч зардаггүй юм байна.


Асуухаар “Авдаггүй юм аа” гэх. Зарим буудлын үйлчлэгч “Ус, ундаа, бэлэн гоймонгоос илүү зарагдана гэж байхгүй. Манайхан “бээлий” өмсөх соёлд суралцаагүй. Ичиж зовоод байдаг юм уу, бүү мэд. Буудалд орохдоо ичээгүй байж өөрийгөө хамгаалж сурахгүй л юм даа. Өглөө өрөөнүүдээ цэвэрлэхээр хэрэглэсэн юм харагддаггүй” гэж ярив. Уг нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 446 дугаар захирамжаар “100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөр” 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм билээ. Энэ хүрээнд зочид буудлуудад, эрсдэлтэй бүлгийн хүн ам, тухайлбал, биеэ үнэлэгчид болон тэдний үйлчлүүлэгчдэд хэрэглүүлж сургах, шийдвэр гаргагч, цагдаагийнхан баар, цэнгээний газрын эздэд мэдлэг олгох сургалт зохион байгуулан, бэлгэвчээр тогтмол хангаж иржээ. Гэтэл зочид буудлууд өрөөндөө гурваас доошгүй бэлгэвч нүдэнд ил, гар хүрэх зайд байрлуулах үүргээ умартсаныг дээрх жишээ нотолж байна.

Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүд хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах чиглэлээр үүнийг тараадаг ч ирж авдаг хүн тун цөөн байдаг нь харамсалтай. Хүмүүс жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 буюу ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр л бэлгэвч тараадаг гэх ойлголттой явдаг аж. Манайх үүнийг 100 хувь импортолдог бөгөөд улсын хэмжээнд өдөрт хэчнээн ширхэг “бээлий” худалдан борлуулдаг гэсэн тоо гаргах боломжгүй. Түүнчлэн хэрэглээг нь хянах ямар ч аргагүй юм байна. Томчуудын замбараагүй энэ мэт харилцаанаас болоод алаг үрс маань төрөлхийн тэмбүүтэй гэсэн “хар тамга” даруулж байна. Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд тэмбүүтэй, дутуу төрсөн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байх юм.

Өнгөрсөн пүрэв гаригт ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасагт биднийг очиход дутуу төрсөн 36 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсны нэг нь төрөлхийн тэмбүүтэй байв. Тус тасгийн эрхлэгч Д.Гэрэлтуяа “Сард манай тасагт дутуу төрсөн 120-130 нярай хэвтдэг. Энэ нь янз бүрийн шалтгаантай ч олонх нь ямар нэгэн халдварт өвчтэй, тэр дундаа тэмбүүтэй эхчүүд дутуу төрдөг. 25-35 насны залуу ээжүүд ийм өвчтэй байгаа нь үнэхээр харамсалтай. Тэдний өвчин хожуу оношлогдож буйн шалтгаан нь 100 хувь жирэмсний хяналттай холбоотой. Бие давхар үедээ шинжилгээнд огт хамрагдаагүй, хүүхдээ төрүүлсний дараа тэмбүүтэйгээ мэдэх нь наад захын л асуудал. Зарим ээж өөрийгөө хэдэн долоо хоногтой ураг тээж буйгаа мэдэхгүй төрөх нь бий. Тэгтэл хүүхэд нь тэмбүүтэй, гарын алга, хөлийн ул нь цэврүүтсэн.

Ураг эхийнхээ хэвлийд халдвар авсан тохиолдолд хавагнаж, элэг, дэлүү нь томрон, заримынх нь уушги, тархинд нь хүртэл өвчин тархсан байдаг. Тиймээс л хугацаа нь болоогүй байхдаа төрчихдөг. Мөн халдвартай эхийн ус шар ногоон өнгөтэй байх нь бий. Тухайн ээж өвчтэйгөө мэдээд эрт эмчлүүлбэл урагт халдах магадлал төдий чинээ багасна. Харамсалтай нь энэ өвчин эмчлэгдсэн ч эх, хүүхдийн цусанд вирус нь насан туршид нуугдсаар л байдаг. Яг л элэгний В, С вирус шиг. Удам, генийн хувьд ч муу нөлөөтэй. Хамгийн гол нь бүсгүйчүүд бие давхар болмогцоо хяналтандаа эрт орохыг зөвлөж байна” гэж ярьсан бол тус эмнэлгийн Төрөх тасгийн их эмч Б.Ганзориг “Манайх 21 аймгийн эхчүүд, Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, улсын хэмжээнд зүрх, судасны эмгэгтэй болон 27-34 долоо хоногтойдоо төрөх магадлалтай ээжүүдийг авдаг.

Тэр дундаа оюутнууд их замбараагүй болжээ. Эрүүл мэндийн мэдлэг мэдээлэлгүй. Жирэмсний хяналтдаа огт ордоггүй. Уг нь нийслэлийн Засаг даргын захирамжаар улсын хэмжээний их, дээд сургуулиудын оюутнуудыг харьяаллынх нь дагуу ийм ийм эмнэлгүүдэд тусламж үзүүлнэ гээд хуваарилаад өгчихсөн байдаг. Үүнийгээ тэд мэддэггүй. Оюутны холбооныхон нь ч сурталчилдаггүй. Орон нутагтаа хяналтад орох ёстой гээд ойлгочихдог. Зарим нь ээж ааваасаа нуусаар хүүхдээ төрүүлэх нь бий. Дутуу төрөлт нь өөрөө эмгэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 500 грамм жинтэй хүүхдийг амьдруулдаг байхад манайх нэг кг-аас дээш жинтэй бол хүн болгодог байх жишээтэй” гэж ярилаа. Тэмбүүгийн тархалт үндэсний хэмжээнд түгшүүр зарлах түвшинд хүрсний, эмч нар эмчилж дийлэхгүй туйлдаж байгаагийн шалтгааныг лавлатал хэд хэдэн хүчин зүйл тодров.

Бэлгийн замын бусад өвчнөөс заг хүйтэн эрчүүдэд, трихомониаз эмэгтэйчүүдэд шинж тэмдэг нь түлхүү илэрдэг тул халдвар авсан тухайн хүн эмнэлэгт сайн дураараа ханддаг байна. Харин тэмбүү аль алинд нь балархай, өвчин шаналгаагүй учраас олонх нь өвчнөө мэдэлгүй хүндрүүлж, бусдад халдаадаг. ХӨСҮТ-ийнхөн насанд хүрсэн хүн бүрийг жилд нэгээс хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт толгой дараалан хамруулж, өвчтэй хүмүүсийг эмчлэх нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Гэвч улсын хэмжээнд тэмбүүг үзэж, оношилдог эмч нар байхгүй аж. Олон улсын стандартаар 50 мянган хүн тутамд тэмбүүгийн нэг эмч байх ёстой. Харин манайд мэргэжлийн цөөн эмч нийт өвчтэй хүмүүсийн 40-50 хувьд нь л хүрч үйлчилдэг гэж тус төвийнхөн хэлнэ лээ. Тэднийг кабинетэд өдөржин үзлэг хийж байх хойгуур тандалт судалгааны ажил нь орхигддог гэсэн. Мөн бэлгийн замын халдварт өвчнийг эрүүл мэндийн даатгалаар эмчилдэггүй нь газар авах бас нэг шалтгаан болдог аж.

Тухайн хүн зүрх, бөөр нь өвдөхөөр даатгалаараа эмчлүүлдэг хэрнээ бэлгийн замын халдварт өвчин тусвал энэ нь үйлчилдэггүй. Манайхны хууль хүний эд эрхтэнийг энэ мэт ялгаварладгаас болоод эрсдэлтэй бүлгийн иргэд эмчилгээ хийлгэж чадалгүй халдвараа цааш нь “түгээж” байна гэж эмч нар хэлсэн. Эмнэлгүүдэд бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэх төсөв суутгадаггүй, иргэд нь ядуу болохоор өвчиндөө ийн баригдаж байна. Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж өрөөлийн толгой дээрх хялгасыг харна гэгчээр иргэд ийм ухамсаргүй дорой байхад төр төвхнүүлэгчид хайхрахгүй байх нь арга ч үгүй биз дээ. Гадаадын олон улс бэлгийн замын халдварт өвчнөөсөө ангижрахын тулд эхлээд хүмүүсийнхээ тархийг “цэнэглэсэн” байдаг. ТҮМБ буюу бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зарчим гэж бий. Бид ингэж чадна. Т-тэвчих, Ү-үнэнч байх, Б-бэлгэвч хэрэглэх, М-мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байхад л аливаа өвчнөөс өөрийгөө 100 хувь хамгаалж чадах нь.

Үүн дээр манай эмч нар сайн дураараа шинжилгээнд хамрагд, эмчлүүл гэсэн хоёр “заалт” нэмсэн байна лээ. “Өнөөдөр” сонин тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 8 хүртэл www.mongolnews.mn сайтаараа дамжуулан уншигчдынхаа дунд санал асуулга явуулсан юм. Улсын хэмжээнд 15-45 насныхныг нийтээр нь бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд хамруулах нь зөв, эсэхэд 24600 хүн санал өгсний 78.35 хувь нь зайлшгүй хамруулах шаардлагатай, 20.1 хувь нь сайн дураар хамруулах нь зөв, 1.55 хувь нь тийм ноцтой хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна гэсэн хариу өгчээ. Тэд хөдөлмөрийн насныхныг албадан шинжилгээнд хамруулахыг “шаардаж” байна. Ингээд ч асуудал цэгцрэхгүй бол арай өөрөөр яривал яасан юм бэ. Бэлгийн замын халдварт өвчин санаатайгаар болон санамсаргүй халдаасан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдгийг иргэд тэр бүр мэддэггүй байх.

Эрүүгийн тухай хуулийн 103.1-д “Өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-400 цаг хүртэл албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” (Энэ зүйлд 2008 оны хоёрдугаар сарын 1-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан) 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан хэргийг давтан үйлдсэн, түүнчлэн хоёр буюу түүнээс олон, эсхүл насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Харамсалтай нь энэ заалт амьдрал дээр хэрэгждэггүй, Монголын түүхэнд нэг ч хүн бэлгийн замын халдварт өвчин халдаасан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм билээ.

Санаатайгаар халдаасан хүн олон байдаг ч “мэдээгүй” гээд мэлздэг тухай эмч нар хэлж байсан. Түүнчлэн энэ хуулийн 96.1-д “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, эрхтэнээс нь хагацуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, хөдөлмөрийн чадварыг нь бүрмөсөн алдагдуулсан бол таваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна. Өвчнөө эмчлүүлэхгүй, бусдад халдааж буй бүдүүлэг хүмүүсийг, хүүхдээ тахир дутуу болгож, амьгүй, эсвэл дутуу төрүүлж буй эхчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулиа мөрдвөл яасан юм.

О.БАТ-УНДРАХ

Үргэлжлэлийг http://mongolnews.mn/1m9h

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.116.99 Та юу гэж бодож байна ..zub huuliar zohitsuulah heregt
202.70.43.34 Та юу гэж бодож байна ...өмнөх хэсгийг яаж унших вэ
202.70.43.34 Ter yun mansuuruulah we ? Zuw buh niiteer n belgiin zamiin uwchinii shinjilgeend oruulsan dr bh mun Neg negendee unench yawahiin ashigiig bagaas n 10 jilees n tulhuu zaaj surgah heregtei
  • 2016 оны 05 сарын 21
202.70.43.34 Ter yun mansuuruulah we ? Zuw buh niiteer n belgiin zamiin uwchinii shinjilgeend oruulsan dr bh mun Neg negendee unench yawahiin ashigiig bagaas n 10 jilees n tulhuu zaaj surgah heregtei
  • 2016 оны 05 сарын 21
202.70.43.34 http://mongolnews.mn/1kiq
  • 2015 оны 07 сарын 28
202.70.43.34 http://mongolnews.mn/1f69
  • 2015 оны 07 сарын 28

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА