Эрхтэн шилжүүлэх мэс зэслын зохицуулах зөвлөл байгуулахыг хүслээ

2015 оны 06 сарын 04

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Филип.О.Коннелл болон бусад төлөөлөгчийг өчигдөр  хүлээн авч уулзав. Монгол улс БНСУ-ын дэмжлэгтэйгээр 75 мянган гишүүнтэй тус холбоонд элссэн аж. Филип.О.Коннелл “Танайх эрхтэн шилжүүлэн суулгах хууль эрх зүйн орчноо сайжруулах, Монголд зохицуулах зөвлөл байгуулахад салбарын яам дэмжин ажиллахыг хүсье” гэлээ. Монголын бөөр шилжүүлэн суулгах холбооны тэргүүн, хүний гавьяат эмч, доктор Д.Нямсүрэн “Эрхтэн шилжүүлэн суулгах ажил манайд нэлээд бэрхшээлтэй байгаа. Хууль эрх зүйн орчныг нь өөрчилбөл донорын тоо ч нэмэгдэх хандлагатай байна” гэж ярив.

Манай улс хүн амынхаа тоотой харьцуулбал бөөр, элэгний өвчин их байдаг. Дээрээс нь донорын олдоц муу учраас бодлогын түвшинд анхаарч ажиллахаа Т.Болдбаатар сайд мэдэгдэв. Мөн энэ үеэр улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх үндэсний багийнхантай арав гаруй жил хамтран ажилласан БНСУ-ын “Асан” эмнэлгийн профессор Анн Кюригийг “Алтан гадас” одонгоор шагнасныг уламжлав.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА