Оюуны өмчид халдсан хэргийг анх удаа шүүхээр шийдүүлжээ

2015 оны 06 сарын 03

Оюуны өмчид халдсан хэрэгт Монголд анх удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар “Андерсон андерсон” олон улсын хуулийн фермийнхэн мэдээллээ. Тус байгууллагын хуульч Д.Алтансүх “ОХУ-д төвтэй программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Касперский Лабзао” олон улсын байгууллага манайд хандсан юм. Тэдний программ хангамжуудыг үндэсний нэр бүхий аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хуулбарлаж, түүнээсээ их хэмжээний ашиг олж байсныг шүүх тогтоосон. Иймэрхүү маргааныг таслахын тулд эхлээд Оюуны өмчийн газарт хандах ёстой. Үүний дагуу бид ажлаа явуулж, зөрчил гаргасан компаниудад удаа дараа албан шаардлага хүргүүлсэн ч хууль бус үйлдлээ таслан зогсоогоогүй. Энэ хэргийг хуулийн байгууллагууд хоёр жил орчим шалгаад өнгөрсөн тавдугаар сард “Касперский Лабзао”-гийн талд шийдсэн. “Тэди” төв, “Компьютер ланд”, “Хишиг” худалдааны төвөөр борлуулж байсан 10-аад сая төгрөгийн барааг хурааж, бүтээгдэхүүн нийлүүлсэн иргэн У-д эрүүгийн хэрэг үүсгэн, таван сар баривчлах, 54 сая төгрөгийг улсын орлого болгох, мөн хэмжээний мөнгийг тус компанид гаргуулж өгөх шийдвэр гарсан” гэж ярилаа. “Андерсон андерсон” нь Монголын анхны олон улсын хуулийн байгууллага бөгөөд 1992 оноос үйл ажиллагаа явуулж буй аж. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА