МУУ ҮЙЛИЙГ МӨНХӨД ТЭВЧЬЕ

2015 оны 06 сарын 03

Бурхан багш эхээс мэндэлсэн өдөр, 37 настайдаа бурхны хутаг олж, гэгээрсэн, мөнхүү 88 нас сүүдэртэйдээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн өдрийг бурхны шашинт Азийн бүх улс, Европын холбооны зарим орон өргөн дэлгэр тэмдэглэж заншсан. Бид энэхүү билигт сайн өдрийг монгол хүний шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш гэгээрэл, бясалгал, нигүүсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны соёлын өдөр болгон 15 дахь жилдээ тэмдэглэж байна.

Өчигдөр тохиосон Бурхан багшийн их Дүйчэн өдөр бидэнд энэрэнгүй сэтгэл үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх, эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санах, амьтны амь таслахгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучлахыг сануулав. “Гандантэгчэнлин” хийд, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нэгдэн, энэ өдрийн хүрээнд “Энэрэнгүй ирээдүйн төлөө” уриатай таван үндсэн үйл ажиллагаа зохион явуулсан юм.


Өнгөрсөн сарын 19-нөөс энэ сарын 19 хүртэл хүмүүнлэгийн аян өрнүүлж, ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт нэн шаардлагатай судас харагч аппарат хандивлах бол сүсэгтэн олныг сарын хугацаанд маани хөгжөөн, хураасан буянаа түм бумаар арвижуулахыг уриалж байгаа. Эдний гурав дахь арга хэмжээ нь тавдугаар сарын сүүлчийн өдөр 1080 хүний оролцоотой сүрт жагсаалаар үргэлжилсэн юм. Хүүхдийн баяраар тэд “Дарь эхийн ачлал” баярын үйл ажиллагаа зохион байгуулсан бол өчигдөр “Гандантэгчэнлин”-д сүсэгтэн олноо цуглуулан Дүйчэн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ.


04.30 цагт Тэгчин Сожин (Энэтхэгийн Жүддод дацангийн хамба, гэвш лхаарамба, аграмба Жадо Ринбүчи) их хөлгөний сахилыг сүсэгтэн олонд хүртээснээр зуны тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдрийн арга хэмжээ эхлэв. “Гандантэгчэнлин” хийдийн салбар дацан болон орон нутгийн лам хуврагууд зан үйлийн ном хурж, Дүйнхорын дацангийн лам нар алтан соёмбот тугаа төв хийдийн өмнөх талбайд залсан юм.

Сүсэгтэн олон бурхан багшдаа мөргөн, усан болон цэцгэн мандал өргөж, эл арга хэмжээнд идэвхтэй оролцож байлаа. Урлаг, соёлын алдартнууд уламжлал ёсоор цэнгүүнд нэгдэж, морин хуурчид хуурдаж, “Болжмор бодьсадва” жүжиг тоглон, С.Наран, К.Номинжин ая дуугаа өргөв.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА