“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн захирлаа огцруулахаар нэгдээд байна

2015 оны 05 сарын 27

Нийтийн тээврийн компанийн ажилчид гурав дахь өдрөө үргэлжлүүлэн ажил хаяж байна. Тэд энэ удаа гүрийхээр шийдсэн бололтой. Ажлын эхний өдөр буюу өнгөрсөн даваа гаригийн 06.00 цагаас өнөөдөр хүртэл иргэд нэлээд бухимдсан байдалтай, энэ долоо хоног нэг иймэрхүү өнгөрөх янзтай. Нөхцөл байдал ямархуу байгааг сурвалжлахаар өчигдөр 12.50 цагт бид “Зорчигч тээврийн нэгтгэл” (Автобус I, III, Цахилгаан тээвэр)-ийн авто баазад очсон юм. Тус нэгтгэлийн жолооч, билет таслагч нар биднийг очиход баазынхаа хашааны гаднах зогсоолд 30-40 орчим машинд хуваагдан суусан байв. Зарим нь хуушуур, бууз идэж харагдана. Эл өдөр цагдаагийнхны хамгаалалт буусан ч харуулын алба хаагчид автобус баазын хашааг түгжиж, ажилтнуудыг дотогш оруулахгүй байгаагаас тэд ийн гаднаа сууж буй аж.

Тус нэгтгэлийн билет таслагч М.Ганчимэг “Автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байхад бидний цалин амьдралд хүрэлцдэг байсан. Гэтэл тасалбарын үнэ 500 төгрөг болж нэмэгдсэн байхад өмнөхөөсөө бага цалин авах болсон. Огцом биш ч сүүлийн гурван сар жолооч, билет таслагч нарын цалин 30-50 хувь буурсан. Удирдлагууд үүнийгээ компанийн байдал хүнд, төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Ажилчдынхаа цалинг нэмдэггүй юм аа гэхэд хасахгүй байж болно шүү дээ. Энд 500 гаруй хүн ажил, амьдралаа хаяад жагсаж байгаа нь туйлдаа хүрсний л шинж. “Автобус III” дээр 400, “Цахилгаан тээвэр”-ийн гадаа 300 гаруй ажилтан байна. Нэгэнт л олон хоног суусных асуудлаа шийдүүлж байж ажлаа хийнэ. Хэдийгээр иргэдээ бодож байгаа ч бид бас ар гэр, амьдралтай хүмүүс” гэж ярилаа.

“Өмнө нь захирлын хэлсэнчлэн билет таслагч дунджаар 800, жолооч 1.2 сая төгрөгийн цалин авдаг байсан. Гэтэл одоо билет таслагч 350, жолооч 445 мянган төгрөгийн үндсэн хөлсөн дээрээ шагналт цалингаа нэмээд ч ийм хэмжээнд хүрэхгүй байна. Гэтэл манай захирал Ц.Одонтунгалаг телевизүүдээр ташаа мэдээлэл тарааж, “Ажилчид хамаг цалингаа өрөндөө өгдөг. Хангалттай цалин авч байгаа. Хэрвээ тэдний цалинг нэмбэл нийслэлийн төсвөөс сар бүр таван тэрбум төгрөг зарцуулах тул боломжгүй” гэж ярьж байна. Ажилчдадаа 800 мянган төгрөгт хүрэхгүй цалин өгч буй нь шударга ёсонд нийцэхгүй. Компани руу орж буй мөнгө удирдлагуудын гараар орж байгаа нь ойлгомжтой. Төсвөөс мөнгө гаргуулахгүйгээр цалингаа нэмэх боломж бий” гэж нэгтгэлийн ажилчид ярив.   

Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Ц.Одонтунгалаг жолооч, билет таслагч нараасаа арай өөр байр суурьтай байв. Тэрбээр “МҮЭХ-ны Тээвэр, газрын тосны холбоо Зам, тээврийн яамтай хамтын хэлэлцээр байгуулсан. Үүнийг нь яам дагаж мөрдөхгүй байна гэсэн шалтгаанаар энэ үйл ажиллагааг зохион байгууллаа. Нэг үгээр тэд эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд ажилчдыг ашиглаж байна. Үйлдвэрчний эвлэлийн тухай хуульд жагсаал цуглаан зохион байгуулж буй иргэд ажлаа хийхгүй, хориг саад учруулсан тохиолдолд ажил олгогчийн зүгээс лакаут буюу ажлын байрыг түр хугацаагаар хаадаг. Энэ дагуу бид хэнийг ч дотогш оруулахгүй байгаа. Ажилчид төрийн албан хаагчдын нэгэн адилаар тарифын буюу тогтмол цалин авахыг шаардаж байна. Энэ нь одоогийнхыгоо хоёр дахин нэмүүлэхийг хэлж байгаа. Орлого нь биелсэн ч, үгүй ч бай хамаагүй. Дээр нь шагналт цалингаа нэмж авна гэсэн. Ингэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй” гэж ярьсан юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилчид нь өчигдрөөс захирлаа огцруулахаар санал нэгдэж эхэлжээ. Цалингаа нэмүүлэх гэсэн тэднийг ойлгохгүй, эрх ашгийг нь хамгаалахын оронд олон нийтэд ташаа мэдээлэл тарааж буй гэж тэд үзэн, эцэстээ захирлаа суудлаас нь “сугалах”-аар шат шатны байгууллагад уламжлахаар зэхэж байгаа гэнэ. Ажилчид, албан тушаалтны хоорондын маргаан хэдий болтол үргэлжлэхийг таашгүй. Ямартаа ч үүнээс нь болоод жирийн иргэд хохирч буйг бодолцон, асуудлаа аль болох нааштайгаар хурдан шийдээсэй билээ.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА