Харвони эмийг худалдаанд гаргах, эсэхийг ирэх сард шийднэ

2015 оны 05 сарын 26

Элэгний C вирусийн эсрэг харвони эмийг улс албан ёсоор бүртгэсэн ч худалдаанд гаргах болон өвчтөн хэрэглэх хугацаа нь тодорхой болоогүй байна. АНУ-ын “Gilead Sciences” компани уг эмээ 94 мянган ам.доллараар нийлүүлдэг ч манайд 99 хувийн хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх болсноор иргэд гурван сарын курс эмчилгээний зардалд 900 гаруй ам.доллар зарцуулах юм. Энэ нь бидний хувьд тийм ч бага мөнгө биш. Тиймээс ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уг эмийг даатгалд хамруулах болон элэгний С вирустэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ.

Ирэх сарын 10-нд “Gilead Sciences” компанийн Ази, номхон далай хариуцсан захирал Монголд ирж, ЭМСЯ-тай албан ёсны хэлэлцээр хийнэ. Энэ үеэр эмийн үнийг тогтоож, албан ёсоор танилцуулж, хэзээнээс худалдахаа тодорхой болгох аж. Харвони эмийг эмчийн жорын дагуу бүх эмийн сангаас худалдан авч хэрэглэнэ. Монголд элэгний C вирустэй 200 мянган хүн байдгаас 50 мянга гаруйд нь уг эмийг хугацаа алдалгүй уулгах шаардлагатай байгаа юм.

 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА