ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавыг АТГ-т шалгуулна

2015 оны 05 сарын 26

ШӨХТГ орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа явуулдаг “Ард даатгал”, ”Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” ХХК-иас гадна нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар(ОСНААУГ)-ыг холбогдох хууль тогтоомж зөрчиж буй, эсэхийг шалгасан. Тэд энэ талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. “Компаниудын олонх нь сайн дурын болон ердийн даатгалаар иргэдээ хамруулсан байна. Гэтэл ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажав “Хаан даатгал” ХХК-тай энэ оны нэгдүгээр сарын 26-нд № ХА15018/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан, өөрийн харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал (хөрөнгийн болон хариуцлагын)-ын үйлчилгээний хураамж болох 1500 төгрөгийг иргэдийн зөвшөөрөлгүй, ямар нэгэн бичиг баримтгүйгээр хураан авч байсан нь илэрсэн. Ингэхдээ иргэдэд бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөр дээр суутган, мөнгийг нь “Хаан даатгал” ХХК-д шилжүүлж байсан. Тус хууль бус гэрээний улмаас иргэд 269.1 сая төгрөгөөр хохирсон” гэж ШӨХТГ-ынхан мэдэгдэв. Иймд тэд ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул түүнтэй холбогдох баримт материалыг АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулахаар болсноо дуулгав.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА