“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхээн, ЦАГ НЬ БИШ ШҮҮ

2015 оны 05 сарын 26

Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг гэдэг дээ. Харин сүүлийн жилүүдэд автобусны компанийнхан ажил хаяхаараа хотын биднийг айлгадаг болов. Ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр бид ээлжит сүрдүүлэгтэй нүүр туллаа. Хүнээ булаацалдан, дрифт хийх нь холгүй хурдалдаг хэдэн цэнхэр автобуснуудаа иргэд өчигдөр өглөө нүдээ ширгэтэл хүлээв. 10 минут хоцорвол хичээлдээ оруулдаггүй багш нараа сурагчид нүдэндээ төсөөлөн яарна. Ажилдаа цагтаа ирсэнгүй хэмээгээд авдаг хэдээс нь хасдаг захирлаа бодон тэвдэх хүн ч бишгүй. Автобус ирэхгүй байсанд явган нь ундууцаж, хөл дүүжлэх унаатай нь гайхан, ашгүй замын түгжрэл багасчээ гэсэн шиг өрсөлдөн хурдална. “Зорчигч тээврийн нэгтгэл” (Автобус I, III, Цахилгаан тээвэр)-ийн ажилчид ажил хаясныг мэдээгүй нийслэлчүүд энэ өглөөг иймэрхүү угтлаа. Тус нэгтгэлийн 500 орчим жолооч, билет таслагч цалингаа нэмүүлэхийн тулд өчигдөр 06.00 цагт ажил хаясан юм. Тэд ажлаа хийх гэсэн бусдыгаа турхирч, үйлчилгээнд гаргахгүй хэмээн автобуснуудынхаа дор орж хэвтсэнээс болоод цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарч, багагүй маргаан, үймээн үүсгэжээ.


Энэ талаар нийслэлийн Тээврийн газрынхнаас тодруулахад “Өнөөдөр (өчигдөр) нийслэлийн хэмжээнд 985 автобус, троллейбус үйлчилгээнд гарах байснаас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч, кондукторууд ажил хаяснаас болоод 690 автобус иргэдэд үйлчилж байна. Эдний 27 чиглэлийн 245 автобус үйлчилгээнд явдаг. Харин энэ өдөр тус нэгтгэлийн троллейбус 13, автобус 19, нийт 32 тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчилж байна. Иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс бид 15 чиглэлд 12 аж ахуйн нэгжийн 43 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна. Гэсэн ч 200 гаруй автобусны орон тоог 75 тээврийн хэрэгслээр нөхнө гэхээр хүндрэл үүсгэх нь ойлгомжтой. Хэрвээ тэд ажил хаяхаа зогсоохгүй, байдал энэ хэвээр үргэлжилбэл манайхтай гэрээтэй том оврын автобустай 20 гаруй аж ахуйн нэгжийн нөөц бололцоог ашиглан, иргэдийг аль болох хүндрэлгүй зорчуулах үүднээс арга хэмжээ авна” гэсэн юм. “Зорчигч тээврийн нэгтгэл” 1660 ажилтантай.

Тэдний 600 гаруй нь жолооч, билет таслагч. Тэд МҮЭХ, нийслэлийн ЗДТГ, Тээврийн газартай хамтын гэрээтэй. Тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нийслэлийн төсвөөс бүрмөсөн хассан, жолооч, билет таслагч, инженер, техникийн ажилтнуудын үндсэн цалинг нэмэхгүй байгаа нь тэднийг удаа дараа ажил хаяхад хүргэж буй аж. Одоогоос хоёр сар орчмын өмнө тэд бас л ингэж дөвчигнөсөн. “Үндсэн цалингаа шагналт цалинтайгаа хамт нэмүүлнэ. Үгүй бол жагсана, цуглана” хэмээн ард иргэдийг хэсэг сандаргаад амжсан тэд өдгөө үндсэн цалингаа хоёр дахин нэмүүлэхээр шаардаж байна. Ажил олгогчид “Жолооч, кондукторуудын цалинг нэмэх, эсэхийг нийслэлийн Засаг дарга мэднэ” гэсэн байр суурьтай байгаа бол ажилтнууд өмнө нь байгуулсан хэлэлцээрээ мөрдөхийг хүссэн юм. МҮЭХ, нийтийн тээврийн компаниудын төлөөлөл өчигдөр 13.00 цагт нийслэлийн ЗДТГ-т мэдээлэл хийнэ гэсэн боловч “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн тус хуралд ирээгүй учраас цуцлагдав.

Тээврийн газрынхны мэдээлснээр цалин нэмэх асуудлаар талууд шийдэлд хүрээгүй аж. Тус газрын дарга Ч.Энхбат “Манайх компаниудын цалин хөлс нэмэх асуудлыг шийдэхгүй. Үйлчилгээг нь хянаж, зохицуулдаг. Энэ ч утгаараа автобуснуудаа нөхөх маягаар үйлчилгээнд явуулж байна. Тэдний цалин хөлс нэмэх асуудлыг хотын дарга шийдэх байх. Энэ бол улс орны эдийн засагтай холбоотой асуудал” гэж мэдэгдэв. Тээврийн газар нь хэдхэн автобус компаниасаа илүү гарах мэдэлгүй, борчууд нь ажил олгогчдынхоо “Ажиллаж чадахгүй бол яваарай. Цаана чинь хийе гэсэн хүн олон байгаа шүү” гэсэн сүрдүүлэг дунд өдөр хоног аргацааж, бухимдалтай амьдарч байна. Манай автобус компанийнхан нэг юмыг буруу тооцоолоод байх шиг ээ.

Та нарын шантаажилж, цалингаа нэмүүлэх гээд буй хотын удирдлагууд чинь бүгд хувийн төмөр хүлэгтэй. Хэзээ ч автобусаар явдаггүй. Тиймээс “хоёр зээрд”-ээрээ таваргахын зовлонг мэдэхгүй. Тэднийг “баалах” гэсэн та нарын хоморгонд борог амьдралтай энгийн иргэд хохирч байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Төрийн данс улайж, цалин, тэтгэврээ цагтаа тавих гэж чардайж, ажилтай нь өгснийг нь гололгүй авч байна, цаана чинь. Харин автобусныхан авдаг хэдээ голж, дарга нарыг чадах гээд борчуудыг бухимдуулж байгаа бол одоо цаг нь биш шүү гэж хэлмээр байна. Дугуйн дор хэвтэн байж цалингаа нэмүүлэхээр тэмцэж байгааг нь ойлгож болох ч, ард иргэд үүнд буруугүйг, амьдрал хаана хаанаа хүнд байгааг мэдмээрсэн.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.87.56 Төрийн дансыг автобус баазын жолооч кондуктор хоослоогүй харин төрийн дансанд сард 1 тэрбум 8, 000,000 байнга оруулдаг, бид нар ард түмэн шүү дээ , СХД-ийн цагдаа нар хуулийн дагуу ажил хаялтанд саад хийсэн Бид ард түмний аюулгүй байдлын төлөө ажил хаяж тэмцсэн

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА