ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТӨВ НЭЭЛЭЭ

2015 оны 05 сарын 22

А.Оюунцэцэг одоогоос 40 орчим жилийн өмнө эмчийн буруугаас болж, наймдугаар ангид байхдаа хоёр хөлөө тайруулжээ. Тэрбээр хөдөлмөр зусланд амарч байгаад унаганд хөлөө гишгүүлчихсэн юм байна. Тухайн үед дээлийнхээ бор хөвөнг шатааж, үнсийг нь хөлийнхөө шалбархай дээр тавиад боочихсон гэнэ. Үүнээс болж А.Оюунцэцэгийн хөл эдгэрэх нь бүү хэл, цусанд нь бохир орж, хөлөө тайруулахаас аргагүйд хүрсэн аж. Гэтэл аймгийн эмч нар охины хөлөнд хагалгаа хийхдээ өвчтэйг нь биш эрүүл хөлийг нь тайрчихжээ. Тулах эрхтэнгүй ч гэлээ түших сэтгэлийн хатаар өдгөө тэрбээр Монголдоо протезын үйлдвэр (хоёрхон байдаг) байгуулаад ерөнхий захирлаар нь ажиллаж байна.

Ахуйн болон үйлдвэрийн, бусад ослоор эрхтэн дутуу болсон иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Эрхэм чанар” протезын үйлдвэрээ А.Оюунцэцэг гэмтлийн эмнэлэг, сэргээн засах, сургалт сурталчилгаа явуулах цогц төв болгон өчигдөр нээлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ нэг шат ахисан гэж олон хүн ам сайтай байв. 2007 онд байгуулагдсан тус үйлдвэр нь НДЕГ, НХҮЕГ-тай хамтран ажиллаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гар, хөл “бэлэглэн”, бие эрхтэнийх нь гэмтэл, согогийг засах чиглэлээр төрийн халамжийн үйлчилгээ үзүүлж ирсэн хувийн хэвшлийн үйлдвэр юм.


А.Оюунцэцэг захирал “Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учраас тэднийхээ зовлонг сайн ойлгоно. Протезын үйлдвэрийнхээ шинэ барилгыг 2013 оноос барьж эхэлсэн. 50 гаруй хувийг нь босгосон хойно хөрөнгө мөнгөний гачаалаас болоод хэсэг саатсан ч бусдын тус дэмээр өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн цогц төв нээсэндээ маш их баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энд протез (хиймэл эрхтэн), ортопед (хөл, гарын хамгаалалт, чиг, боолт, таяг, тэргэнцэр) хямд үнээр авахаас гадна гэмтлийн эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэн, сэргээн засах эмчилгээ, сувиллын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ.

Манайх БНХАУ-ын Улсын хүн амыг эрүүлжүүлэх, туслах багаж хэрэгслийн судалгааны төв, Бээжин хотын гэмтэл, согог сэргээн засалтын “Жин Бө” ХХК-тай 10 жил хамтран ажиллах гэрээтэй. Тэндээс техник технологи, үйлдвэрийнхээ түүхий эд материал, туслах багаж хэрэгслээ авдаг” гэж ярилаа. Монголд өдгөө хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн байдгаас 20 гаруй мянга нь тулгуур эрхтний эмгэгтэй аж. Иймээс хиймэл эрхтэний хэрэгцээ шаардлага жил бүр нэмэгдэж буйг ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар хэлсэн.

Тэрбээр “Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн протез, ортопедыг тодорхой шалгуураар үнэгүй сольж өгдөг. Тухайлбал, ахуйн ослоор тахир дутуу болсон группт байдаг иргэдэд Халамжийн сангаас хиймэл эрхтэн, дагалдах хэрэгслүүдийг нэг удаа 100 хувь, хоёр дахиа 50 хувийг нь гэхчилэн даадаг. Улсын хэмжээнд хиймэл эд эрхтэн үйлдвэрлэдэг ганцхан төв байсан бол А.Оюунцэцэг гэх энэ мундаг эмэгтэй 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр улсдаа хоёр дахь том үйлдвэрийг барьсанд их баярлаж байна. Үйлдвэр сэргээн засах танхимтай, сувиллын ортой. Цаашид эдний үйл ажиллагааг бүхий л талаас нь дэмжихээ илэрхийлж байна.

Монголд хиймэл эд эрхтэн үйлдвэрлэдэг таван мэргэжилтэн байдгийн гурав нь ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалтын үндэсний төвд, үлдсэн нь “Эрхэм чанар” үйлдвэрт ажилладаг. Цаашид энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж ярилаа.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА