“Монголын төдийгүй Азийн залуучуудын дуу хоолой, санал бодлыг дэлхийн улсуудын хөгжлийн бодлогод тусгана”

2015 оны 05 сарын 17

Монгол Улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насныхан эзэлдэг нь манайхыг залуусын орон болохыг гэрчилнэ. 2013 онд НҮБ-ын Хүн амын сан дэлхийн улсуудын  залуучуудын бодлогын судалгаандаа 198 орон хамруулсны 122 нь залуусын талаар нэгдсэн бодлоготой, 76 нь огт байхгүй байсны нэг нь манай улс. Тиймээс төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төсөл боловсруулах, тэдний нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг нь сайжруулах зорилгоор өнгөрсөн бямба гаригт “Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. ХАХНХ-ын сайд чуулганыг нээж “Азийн улсууд хөгжлийнхөө зорилгыг “Хүний хүчээр хөгжинө. Хүний төлөө хөгжинө” гэж тодорхойлж байна. Үүний тулд өсвөр үе, залуусынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхэллээ. Бид ч энэ зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл, залуучуудын эрхийг хангах, тэднийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, бүх шатны ажилд оролцуулах, амьдралын чанарыг нь сайжруулах, амьдрах ухаанд сургах шаардлага бидний өмнө тулгараад байна. 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд залуучуудын хөгжлийг хангах нэгдсэн бодлого, хөтөлбөр шинээр боловсруулж, олон улсын хэмжээнд залуучуудын дуу хоолойг нэгтгэж, тэдний санал санаачилгыг бодит болгохоор зорьж байна. Үүнд түлхэц болох томоохон алхам нь “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах болсон явдал. Үүнээс гарсан санал зөвлөмжийг НҮБ-ын “Тогтвортой хөжлийн зорилт”-д зөвлөмж боловсруулах ажлын хэсэгт нэгтгэн хүргэснээр Монголын төдийгүй Азийн залуучуудын дуу хоолой, санал бодлыг дэлхийн улсуудын хөгжлийн бодлогод тусгах зорилго биелэх юм” гэж тодотгосон.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА