“Баянгол” эмнэлгийнхэн 90 гаруй хосод хүүхэд ”бэлэглэжээ”

2015 оны 05 сарын 14

“Баянгол” эмнэлэг 2002 оноос амбулатори, стационарийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог чанарын өндөр түвшинд үзүүлж буй. Хэдийгээр хувийн статустай ч энэ эмнэлгийнхэн олон гэр бүлд үрийн зулай үнэрлүүлсэн ачтай. 60 гаруй эмч, ажилтантай, хүүхэд, том хүн хэвтүүлэн эмчлэх 40 ортой тус эмнэлэг 2011 онд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох үргүйдлийг цогц оношилж, эмчлэх Үр шилжүүлэн суулах лаборатори байгуулснаар өдгөө 90 гаруй хосод хүүхэд “бэлэглээд” байна. Эдний үр шилжүүлэн суулгах ажилбарын үр дүн 31 хувьтай байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлттэй дүйцэж буй юм билээ.

“Баянгол” эмнэлгийнхний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, МҮХАҮТ “Инноваци дэвшилт технологи “Know-How” нэвтрүүлэгч” оны онцлох аж ахуй нэгжээр шалгаруулан, “Хүрэл меркури” хүндэт өргөмжлөл хүртээжээ. Тус танхим шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийнхээ ажлын туршлагыг бусад гишүүн, бизнес эрхлэгчдэдээ сурталчлах, хоорондынх нь уялдаа холбоог өргөжүүлэх зорилгоор танилцах аялал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөллүүд “Баянгол” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус эмнэлэг нь өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын аудитын байгууллагаас албан ёсоор ISO 9001:2008 стандартын гэрчилгээ авсан анхны хувийн эмнэлэг болсон. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА